Орон нутгийн сонгуульд АН тав, МАН дөрвөн дүүрэгт ялалт байгуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 03

 Орон нутгийн сонгуулийн ирц хүрээгүй хэсгийн хороодод болсон дахин санал хураалт 11 дүгээр сарын 30-наас энэ сарын 2-ны хооронд болж өнгөрсөн. Дахин санал хураалтын дүн эцсийн байдлаар гарчээ.

  Дахин санал хураалтын урьдчилсан мэдээллээр Сонгинохайрхан дүүргийн 41 суудлаас МАН 22, АН 17, МАХН хоёр суудлыг авсан байна. Гэвч МАН-аас нэр дэвшигч таван гишүүн Орон нутгийн сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэж АН-аас гомдол гаргаад байгаа. Тус  дүүрэгт АН, МАХН-ынхан хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа юм.

Хан-Уул дүүрэгт АН 29, МАН 4, МАХН 1 суудал  тус тус авчээ. Баянзүрх дүүрэгт сонгуулийн ирц 28.9 хувьтай байсан бөгөөд АН ялалт байгуулсан  байна. Сүхбаатар, Баянгол дүүрэгт АН ялсан бөгөөд Баянгол дүүргийн 41 суудлаас 29-ийг нь авч үнэмлэхүй ялалт байгуулжээ.

Чингэлтэй дүүрэгт МАН 22, АН 11 суудал авч МАХН 2 суудал авсан бөгөөд сонгогчдын ирц 32.5 хувьтай байв. Тус дүүрэгт өнгөрсөн сарын 21-нд болсон эхний сонгуулиар 52600 хүн саналаа өгч, ирц 48.9 хувьтай байсан бол дахин сонгуульд 18900 сонгогч оролцсон нь ирцийн дөнгөж 32.5 хувь л байжээ. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намынхан дахин сонгуулийн дүнг эсэргүүцэж байгаа гэнэ.  Учир нь Сонгуулийн хорооныхон дахин сонгуулийн үеэр  идэвхгүй ажиллаж, иргэдэд ямар нэгэн мэдээлэл хүргээгүй гэв. Мөн тойргийн хорооны дөрвөн гишүүнтэй холбоотой Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, сонгуулийн хууль зөрчсөн таваас зургаан нэр дэвшигчийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулж байгаа гэв.

 Орон нутгийн сонгуульд МАН Чингэлтэй, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүрэгт, харин АН Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Налайх дүүрэгт олонхи болжээ. Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр 12.00 цагт мэдээлэл хийж албан ёсны дүнг зарлана. 

Г.Энхтуяа



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top