Авлигын эсрэг аянд Нийслэлийн Газрын алба нэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 03

 

Нийслэлийн газрын албаны хамт олон “Авлигагүй ирээдүйн төлөө хамтдаа, би авлига өгөхгүй, авахгүй" урианд нэгдлээ. Олон улсын Авлигын эсрэг өдрийг угтаж Авлигатай тэмцэх газар, Монголын залуучуудын холбоо хамтран төрийн яам, агентлагуудын ажилтан, албан хаагчдын дунд “Би авлига өгөхгүй, авахгүй” гэх утга бүхий амлалтыг авч, гарын үсэг зурах аяныг өрнүүлж байна. Авлигын эсрэг өдөр жил бүрийн 12 дугаар сарын есний өдөр тохиодог. Авлигаас ангид байх амлалтын дэвтэрт өнөөдөр Нийслэлийн газрын албаны 180 ажилтан гарын үсэг зурлаа. Ингэснээр төрийн алба хаагчид авлигаас ангид байж төрийн албанд чин шударгаар ажиллаж, төрийн үйлчилгээг олон нийтэд хүнд суртал, чирэгдэлгүй хүргэж байх юм. Энэ үеэр Нийслэлийн газрын албаны дарга М.Батсайхан хэлэхдээ, энэ үйл ажиллагаанд манай хамт олон сайн дураараа нэгдэж, энэ дэвтрийг өнөөдөр хүлээж авлаа. Нийслэлийн газрын алба газрын харилцаан дахь үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод, тунгалаг болгоход анхаарч ажиллах болно” гэлээ.

“Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-ийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн газар, Нийгмийн даатгалын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамд хүлээн авсан бөгөөд Нийслэлийн газрын алба ес дэх байгууллага нь болж байгаа юм. Дашрамд дурьдахад, Авлигын асуудал дэлхийн улс гүрний хөгжилд ялангуяа өрх гэр, хүн амын хөгжил дэвшилд маш ихээр саад болдог. Үүнийг НҮБ, дэлхий нийт хүлээн зөвшөөрч НҮБ-ын Авлигын эсрэг конвенци байгуулжээ. Энэхүү конвенцийг манай улс 2007 онд соёрхон баталсан бөгөөд өнөөдрийн байдлаар уг конвенцид дэлхийн 163 орон нэгдсэний нэг нь Монгол Улс юм. 

Уг аяны талаар Авлигатай тэмцэх газрыг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Д.Мөнхжаргалаас аяны ач холбогдлын талаар тодруулахад тэрбээр “Авлигаас урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын удирдлагын хүсэл зориг, нийтийн албан тушаалтнуудын идэвх чармайлт голлох үүрэгтэй байдаг. Тиймээс төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүнд суртал, чирэгдэлгүй хүргэх ёс зүйгээ эрхэмлэн сахих, нийтийн ашиг сонирхлыг дээдлэн ажиллах, хээл хахууль, шан харамж зэрэг авлигын шинжтэй эрх зүйн зөрчлүүдээс ангид байхаа илэрхийлсэн албан тушаалтнуудын амлалтыг цуглуулж эхлээд байгаа юм. Бид энэ ажлыг хэрэгжүүлэхдээ ямар нэгэн албадлага хэрэглээгүй. Төрийн албан тушаалтнуудын хүсэл зориг, сайн дурын эрмэлзэл дээр тулгуурлаж, амлалтыг цуглуулж байна. Энэ нь тухайн байгууллагын хувьд иргэдэд итгэл үнэмшил төрүүлэх, нэр хүндээ хамгаалах, авлигатай тэмцэх хүсэл зоригоо илэрхийлэх боломжийг олгож байгаа хэрэг. Нийслэлийн газрын алба “Авлигаас ангид байх аяны дэвтэр"-ийг өнөөдөр хүлээн авч байгаа нь талархууштай юм. Монголын төр, нийтийн алба, нийтийн албан тушаалтнууд маань авлигаас ангид байх үзэл бодлыг төлөвшүүлэх санал санаачлагыг гаргаж дэмжиж байгаад АТГ гүн талархан хүлээн авч байгаа. Ялангуяа манай залуучууд, Залуучуудын холбооны санал санаачлага гарган “Авлигаас ангид байя, авлигад өртөхгүй, автахгүй байя” гэсэн аяныг талархан хүлээж авч байсан нь үнэхээр бахархууштай. Авлигаас ангид байх үзэл бодол төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын соёл, ард иргэдтэй ёс зүйтэй харьцах, нийтийн албан тушаалтан үүргээ шударгаар гүйцэтгэх, өргөсөн тангараг үйл ажиллагааны журам дүрэмдээ нийцүүлэн ард түмнээ алагчлан үзэлгүй чин шударгаар хандах, хувийн ашиг сонирхлоос ангид байх үзэл бодол юм” гэсэн юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top