Багануурт МАН-ынхан өөрсдийнхөө бүрэн эрхийг батламжилж АН-ынхнаа үлдээжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 06

 

-Тус дүүрэгт МАН 13, АН 12 суудал авчээ-

МАН-ын хувьд түүхэндээ байхгүй ялагдлыг орон нутгийн сонгуульд хүлээсэн цагаасаа хойш сонин, сонин шийдвэр үйлдлүүдийг олноор гаргах болов. Багануур дүүрэгт ийм нэгэн хачирхалтай явдал болоод байгаа нь анхаарал татаж байгаа юм. МАН-ын зүгээс Нийслэлийн гурван дүүрэгт ялалт байгуулсан гэж бахархалтай мэдэгдэж буйн нэг нь Багануур дүүрэг. Энэ дүүрэгт АН, МАН хоорондоо өрсөлдсөн бөгөөд сонгуулийн өмнөхөн албан тушаалд тавигдсан МАХН-ын дарга нь МАН-ыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байжээ. Сонгуулийн дүнгээр дүүргийн ИТХ-ын 25 суудлын 13-ыг нь МАН-ынхан, 12 суудлыг АН-ынхан авсан байна. Энэ дүүргийн сонгогчдын хувьд ирц нь хүрсэн учраас дахин санал хураах асуудал гараагүй бөгөөд арваннэгдүгээр сарын 21-нд болсон сонгуулийн дүнгээр саналаа өгсөн хүмүүсийн 52 хувь нь АН-д итгэж буйгаа илэрхийлж, 48 хувь нь МАН-д саналаа өгчээ. Үүнийг намын жагсаалтад бичигдсэн хүмүүстээ шилжүүлээд үзвэл АН-д 4.2 хувь, МАН-д 3.8 хүн ногдож таарсан бөгөөд их үлдэгдлийн зарчмаар шилжүүлээд хоёр намаас тус бүртээ дөрөв, дөрвөн хүн жагсаалтаас орохоор болсон юм байна. Тус дүүргийн байшин хороо бүрээс АН-ынхан, харин хашаа хороо болгонд МАН-ынхан ялалт байгуулсан гэсэн анхаарал татсан дүн гарчээ. Ерөнхийдөө сүүлийн үед сонгогчдын санал өгч буй байдал, сонгогчдын боловсролыг үнэлж буй байгууллагуудаас байшин хорооны иргэд өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгдөг бол гэр хорооллынхон харьцангүй өөрсдийн үзэл бодлоо гэхээсээ гурил будаа тарааж, мөнгө төгрөгөөр санал худалдан авахыг оролдогсдын нөлөөнд автах нь элбэг байна гэгдэх болсон. Багануурын гэр хорооллын хорооны тоо нь байшин хорооныхоос нэгээр илүү учир АН-12, МАН-13 суудал авснаар уг сонгууль өндөрлөсөн юм байна. Санал хураалтын дүн нэг иймэрхүү болж. Харин сонгуулийн өмнө болон явцын дунд МАН-ынхан хууль зөрчих байдал удаа дараа гаргасныг эсэргүүцэж, тойргийн хороо, СЕХ-нд гомдол гаргаж ирсэн дүүргийн АН-аас хууль бус үйл явдалтай холбоотой асуудлыг цэгцлэхийг шаардан нэг талаасаа улс төрийн акц хийн ялалт байгуулсан 12 гишүүнээ түр үнэмлэхээ гардахыг нь зөвшөөрөөгүй ажээ. Дүүргийнхээ ИТХ-д суух болсон АН-ын 12 төлөөлөгч ч шударга шийдвэр гартал түр үнэмлэхээ гардахгүй нь зөв гэдэг дээр санал нэгдсэн юм байна. Гэтэл жинхэнэ хошин шог нь өрнөж эхэлжээ. МАН-ын 13 гишүүн нөгөө намынхаа 12 нөхрийг байхгүй дээр амжиж ИТХ-ын анхдугаар чуулганаа хийсэн бөгөөд ингэхдээ өөрсдийнхөө бүрэн эрхийг зөвшөөрч батламжлаад нөгөө 12-ынхоогоо зөвшөөрөөгүй үлдээсэн байгаа юм.

Уг нь шинэ хуралдааны товыг өмнөх ИТХ-ын бүрэлдэхүүн хуралдаад зарлах ёстой байдаг ч тийм процесс явагдсан эсэх нь эргэлзээтэй байгаа аж. МАН-ынхан хуралдаан болсон гэж мэтгэдэг ч АН-ын бүлгийнхэнд энэ талаар хэн ч дуулгаагүй байдаг байна. Уг нь өмнөх хуралд АН-аас долоон ч хүн сонгогдсон бүр бүлэгтэй нам гэж байгаа. Гэвч АН-ынханд хэн ч дуулгаж хуучин бүрэлдэхүүн нь хуралдаа сууж шинийхээ товыг зарлалцаж чадаагүй байгаа юм. За хуучин нь дүүрч гэхэд шинэ хуралдааныхаа товыг ч шинэ төлөөлөгч нартаа өгөлгүй өөрсдөө хуралдаж өөрсдийнхөө бүрэн эрхийг баталгаажуулаад, АН-ын 12-ыг батламжлаагүй үлдээсэн нь анхаарал татна. Сөрөг хүчингүйгээ хуралдсан уг хурлаараа ИТХ-ын даргаа сонгож, Засаг даргадаа нэр дэвшигчээ тодруулаад Нийслэлийн Засаг даргад нэрийг нь явуулсан юм билээ. Харин АН-ынхан энэхүү анхдугаар хурал гэгчийг нь эрх зүйн чадамжгүй, 12 төлөөлөгчийн бүрэн эрх болон хуулийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад албан бичиг хүргүүлжээ. Дүүргийн тойргийн хорооноос тогтоол гаргаж, 25 хүний нэрийг өргөн мэдүүлсээр байхад зөвхөн нэг намын төлөөллийг баталгаажуулж, сөрөг хүчнээ үлдээсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасан “Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно” гэсэн заалт, мөн 23 дугаар зүйлийн 23.5-д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан сум, дүүргийн хурлын тэргүүлэгчдийг 5-7 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж тус тус заасны дагуу төлөөлөгчийг хурлын тэргүүлэгчид болон иргэдийн даргад сонгогдох эрхийг хязгаарлаж дээрх хуулийн заалтуудыг зөрчснөөрөө эрх зүйн чадамжгүй хурал гэгдэхэд хүрч байгаа ажээ. НИТХ-ын зүгээс Багануурт анхдугаар хуралдааныг дахин хуралдуулах нь зүйтэй гэсэн чигийг өгөөд байгаа гэсэн. Гэхдээ дур дураараа төрийн ажлыг хийдэг энэ дүүргийн нөхөд юу ч хийж мэдэх хүмүүс бололтой. Сонгууль болсноос 20 хоногийн дотор хурлыг хуралдуулах хуулийн хугацаа бий. Харин тэд яаран сандран долоо хоноод 28-ны өдөр хуралдуулахдаа алдарт баталгаажуулалтаа хийсэн нь тэр. Өөрсдийгөө батламжлаад нөгөө хэдээ үлдээчихсэн энэ намтар манай сонгуулийн түүхэнд  хошиноор тэмдэглэгдэн үлдэх байх. Одоо хуралдана гэхээр зөвхөн өөрсдөө хуралдаж анхдугаар хурлаараа Засаг даргад нэрийг нь дэвшүүлсэн Ц.Сандаг-Очир буюу өмнөх засаг ноён нь гадаадад яваа гэсэн. Ирэх хугацаа нь энэ сарын 12-13-наас наашгүй гэхээр хуулийн хугацаанд хуралдаан болох нь эргэлзээтэй байгаа ажээ. Гэхдээ уг хурал эрхзүйн чадамжгүй гэж үзвэл Ц.Сандаг-Очир байх эсэх нь хамаагүй л дээ. Уг нь тэрбээр өнгөрсөн дөрвөн жил хэл ам татлуулан дүүргээ толгойлж ирсэн бас МАН-ынхаа дарга нь юм билээ. Гэхдээ намын гишүүдийнхээ саналаар жагсаалтаар орж ирэх хүмүүсийн дараалалд аравдугаарт бичигдсэн гэгддэг. Үүнийг нь нам дотроо ч хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй дарга гэж үзэгсэд олон. Ер нь энэ намын хувьд намынхаа жагсаалтаар орж ирсэн дөрвөн хүний хоёр нь тойрог дээрээ унаж, иргэдийн итгэлийг хүлээж чадаагүй ч жагсаалтаар ороод ирсэн яваа ажээ. Өмнө нь ИТХ-ын дарга байсан Р.Өнөржаргал тойрог дээрээ унасан ч жагсаалтаар орж, улмаар дахин ИТХ-ын даргаар тавигджээ.

АН-ынхан яагаад түр үнэмлэхээ авахгүй байсан хэрэг вэ. Ялсан улсууд нь үнэмлэхээ аваад явж болоогүй юм уу гэсэн асуулт нэг талдаа гарна. Гэтэл тэдний хувьд өрсөлдөгчдийнх нь хууль зөрчсөн явдлууд хэрээс хэтэрч, үүнийгээ шийдүүлэхэр зохих байгууллагуудад нь хандаад байсан учраас албан ёсны хариу гартал хүлээзнэхээр болоод байжээ. Тэд МАН-ын нэр дэвшигчидтэй холбоотой олон асуудлаар шүүхэд хандаад байгаа гэнэ. Тухайлбал Улаан загалмайн нийгэмлэгийн Багануур дүүрэг дэх салбарын дарга А.Өсөхжаргал МАН-аас нэр дэвшин өрсөлджээ. Уг нь Аймаг сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8.9-д “Сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан элдэв зүйл тараахыг хориглодог бол “Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл” гэсэн сургалт нэрээр Улаан загалмайн хороогоор дамжуулан хүнсний зүйлс, куртик тараасан гэж АН-ынхан гомдол гаргажээ. Сургалтад сууж байгаа хүмүүст куртик, будаа тараадаг нь байж боломгүй явдал гэж тэд үзэж байгаа юм. Мөн МАН-ын хорооны дарга нар сонгуульд өрсөлдөхөө хэсгийн ахлагч нарыг шадар туслахаараа авсан нь мөн хуулийг гажуудуулсан явдал болжээ. Учир нь хэсгийн ахлагч нар нь төрийн үйл ажиллагааг нэгж хэсэг дээр нь хүргэх үүргийг гүйцэтгэдэг бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140 мянга гаруй төгрөгөөр төрөөс цалинждаг улсууд учраас энэ нь хууль бус гэж тэд үзжээ. Бас Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа зүйл нь төрийн албан хаагчид сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс ажлаа өгөлгүй аравдугаар сар болтол үргэлжлүүлэн ажилласан явдал юм байна. Тус дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Отгонболд, Газрын албаны дарга Х.Хишигбадрах нарыг ажлаас чөлөөлөх тушаал аравдугаар сард гарсан аж. Ингэхдээ уг тушаалыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж АН-ынхан нь үздэг гэнэ. Учир нь аравдугаар сарын 4 хийгээд  9-нд тушаал нь гарсан хүмүүсийн тушаалын дугаар нь дарааллын хувьд зөрүүтэй байдаг нь ингэж сэжиглэхэд хүргэж байгаа аж. Цаашлаад нэр дэвшиж буй газраа 180 хоногоос дээш хугацаанд оршин сууж байх ёстой гэдэг хуулийн заалт МАН-ын нэр дэвшигчдийн тухайд алдагдсан гэх мэтчилэн олон зөрчил байгаа бөгөөд дүүргийн удирдлагууд нь МАН-ынх байж ирсэн тэр уламжлал нь хууль журмыг гажуудуулах боломжийг ихээр өгч байсан болтой юм. Бас нэр дэвшигчдийн сурталчилгаанд төрийн албан хаагчдын зургийг тавьж хуулийн заалтыг зөрчжээ. Энэ мэт үйлдлүүдэд нь аргаа барсан АН-ынхан түр үнэмлэхээ авахгүй эсэргүүцэж буйгаа илэрхийлэхэд нь нөгөө талынхан нь уухайн тас хурлаа хийж аваад өөрсдийгөө батламжилж нөгөө хэдийгээ үлдээжээ. Энэ нь нэг талаар АН-д саналаа өгсөн багануурчуудын 52 хувийн саналыг хөсөрдүүлсэн хэрэг болж байгаа юм. Нөгөө талаас ирэх дөрвөн жилд Монгол орныг өнцөг булан бүрт авч явах хүмүүс ийм маягаар нэгэндээ хүндэтгэлгүй хандаад байвал нийт улс орны хөгжилд халгаатай билээ.

 Ч.Бүжин

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top