Агаарын чанарын сорилын ажлыг төлбөртэй гүйцэтгэх шаардлагатай

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 13

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж “Нийслэлийн агаарын чанарын сорил, шинжилгээний ажлын хөлс, хураамжинд төлбөр тогтоох тухай”, Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох хөтөлбөр батлах” тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн  Агаарын чанарын албаны мэргэжилтэн Х.Галданбек  Нийслэлийн агаарын чанарын сорил, шинжилгээний ажлын хөлс, хураамжинд яагаад төлбөр тогтоох нь чухал байгааг Тэргүүлэгчдэд танилцууллаа. Иргэд, аж ахуйн нэгжээс  тус албанд хандан агаарын бохирдлын шинжилгээ хийж дүгнэлт гаргахыг хүсдэг бөгөөд ямар нэг үнэ төлбөр авахгүйгээр хийж өгдөг байна. Харин цаашид үнэгүй хийх боломжгүй тул зохих хэмжээний төлбөрийг авах шаардлагатай гэлээ. Гэхдээ БОАЖЯ-ны сайдын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А-342 тоотоор “Агаарын чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс, хураамжийн хэмжээ тогтоох” тушаал батлагдан гарсан байдаг байна. Мөн Нийслэлийн агаарын чанарын алба 2009 оноос Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтран “Нийслэлийн агаарын чанарын албаны чадавхийг дээшлүүлэх” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Тус төслийн хүрээнд агаарын бохирдлыг хэмжих багажийг нийлүүлсэн байна.  Харин  үйлчилгээний зардал нь нийслэлийн төсөвт тусгагдаагүй учир засвар үйлчилгээ хийх санхүүжилт шаардлагатай байгаа юм байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд агаар бохирдуулагч ашигладаг бол түүнийхээ хэмжилтийг заавал хийлгэх шаардлатай байдаг юм байна.  

Харин НИТХ-ын Тэргүүлэгчид Байгаль орчны яам /хуучнаар/-аас гаргасан журам байхад бид давхардуулан энэ асуудлыг хэлэлцэн батлах шаардлагагүй,  харин “ЖАЙКА” олон улсын байгууллагаас нийлүүлж буй багажуудыг нийслэлийн өмчид авах хэрэгтэй гэв. Мөн БОНХ-ийн яамнаас тогтоосон төлбөрийн хураамжийг “Цэвэр агаар” санд хуримтлуулахгүй хотын төсөвт оруулж байх саналыг БОНХ-ийн яаманд тавихаар шийдвэрлэлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top