Н.Түвшинбаяр “Бөртэ чоно”-ын эзэн боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 31

Монголын олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулж, спортын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож Монгол Улсын 2012 оны шилдгийн шилдэг тамирчны шагналыг гардууллаа. Энэ оны шилдгийн шилдэг тамирчнаар Лондонгийн зуны олимпийн наадмаас жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж улсынхаа алтан соёмбот төрийн далбааг мандуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр тодорсон юм.

Муу соёлыг халж, шинэ соёл дэлгэрүүлье
 
Н.Түвшинбаярт шагнал гардуулсныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Монголчууд өчигдөр улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн тогтоосны хоёр дахь зууны эхний их ойг тэмдэглэлээ. Улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн тогтоосны ой хуучин оны төгсгөл, шинэ оны эхэнд тохиодог нь үнэхээр тэнгэрийн таалал буй за. Өчигдөр бид бөхөө барилдуулж баяраа сайхан тэмдэглэлээ. Өчигдрийн бөхийн барилдаан миний шинэ жил байлаа. Тэр бөхийн барилдааныг би монгол шинэ жил гэж бодож байна. Монголчууд цаашдаа шинэ жилээ монгол уламжлалаараа, монгол цагаан өвгөн орж ирсэн, тэр жилийн хамгийн хийморьтой эрчүүд барилдсан тийм уламжлалт соёлоор тэмдэглэж, нэгэн шинэ соёлыг бий болгож байна.
 
Хоёр жилийн өмнө энэ ёслолд оролцож байхдаа би “Монголчуудын амжилт, бүтээл, бүх зүйлээс хойш татдаг архи гэдэг зүйлийг больё. Миний очсон газар архи байх ёсгүй. Шинэ жилээр архи биш сүү өргөнө” гэж хэлж байсан. Одоо улс орон даяар хуучин байсан муу соёлоо өөрчилжээ. Архи арван нас хасна гэж ярьдаг. Гэтэл аавдаа “Та урт наслаарай” гээд архи өгдөг, “Таны амжилтын төлөө” гээд архи өгдөг нь юу гэсэн үг вэ. Хор өгч байна гэсэн үг. Ийм буруу соёл өнгөрсөн зуунд Монголд орж ирж, энэ зууны эх хүртэл явлаа.
 
Улс орноо хөгжүүлж авч явъя гэвэл муу соёлыг өөрчлөх хэрэгтэй. Энэ бол аль ч хамт олны дунд байгаа сайн дарга, сайн удирдагчийн хийх ёстой зүйл. Мууг өөрчилж, сайныг авч явдаг, Монголын гайхамшигт соёлуудыг эргүүлж тогтооодог байх ёстой.
 
Шинэ соёлыг дэлгэрүүлэхэд Монголын тамирчдын хувь нэмэр их юм. Үүнд их талархаж байна. Архи биш, айраг, сүү, цайгаа өргөдөг болж байна. Ингэснээр хүлээн авалтын цаг, зардал хоёр дахин багасч, монголчуудын эрүүл мэндийн үзүүлэлт өссөн байна. Монголчууд урт насалж, удаан жаргах, Монгол Улс мандан бадрах үйл хэрэг эндээс эхэлж байна.

 
Улам олуулаа спортоор хичээллэж Монголынхоо хийморь, золбоог мандуулъя
 
Монголын тамирчид, спортын зүтгэлтнүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүн олимп, дэлхий, олон улсын тэмцээнүүд дээр гардаг. Өнгөрсөн зуны олимпоор Монголын тамирчид гайхамшигтай сайхан байлаа. Олимпийн таван цагариг мэт таван медалийг олимпоос авчирлаа. Олимпоос хамгийн олон медаль хүртсэн жил байлаа. Олимпийн медалийг хослуулж чадсан нь гайхамшигтай амжилт юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод би анхныхаа “Өглөөний цай” уулзалтыг тамирчидтайгаа, биеийн тамирын зүтгэлтнүүдтэйгээ хийсэн. Тэр үед маш олон санал тавьж байсан. Тэгвэл энэ жилээс олимп, дэлхийн аваргын гээд тэмцээнүүдэд оролцож медаль авсан тамирчдад сар бүр, насан туршид нь урамшуулал олгох шийдвэр гаргалаа. Энэ бол зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр төдийгүй Монголын ард түмний хүндэтгэл юм. Энэ уламжлал цаашид үргэлжилнэ.
 
Биднийгодоо Бразилийн олимп хүлээж байна. Үүнд Монголын тамирчид, спортын зүтгэлтнүүд их амжилттай оролцоно гэж найдаж байна. Аливаа спорт бол хүнийг хүмүүжүүлдэг, үндэстнийг авч явдаг, сайн уламжлал бий болгож өгдгөөрөө гайхамшигтай зүйл юм. Айл бүхнээс спортоор хичээллэдэг хүүхэд төрж, гэр бүлийн гишүүн бүр спортоор хичээллэж чөлөөт цагаа өнгөрөөдөг байвал Монгол улам олуулаа болно. Бидний хүний тоо цөөхөн ч Монголын нэг хүн гаднын арван хүнтэй тэнцэх хэмжээний чанартай чадвартай байж Монгол Улс босно. Ингэж Монголоо хадгалж үлдэнэ. Хамгийн гол зүйл нь спорт юм. Монголчууд улам олуулаа, улам хүчирхэг байхын тулд, хийморь золбоо нь улам өндөрт мандаж явахын тулд Монголын алтан соёмбот далбаа, Монгол Улсын сүлд дуулал олимп, дэлхий, олон улсын тэмцээнд улам олон дуулагдаж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” гэлээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top