Амныхаа бангаар худлаа ярихаа боль гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 16

Өнөөдөр Хангарьд ордонд Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид агаарын чанарын албаны ажил байдалтай танилцлаа. Танилцах уулзалтад НИТХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Баяраа, МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, төлөөлөгч Б.Саранчимэг, Г.Ганхүү, С.Үнэн, Г.Ганбаяр, Д.Одонтунгалаг болон агаарын чанарын албаны ажилчид оролцлоо. Хурлын эхэнд Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан нийт төлөөлөгчдөд доорх мэдээллийг хийлээ.

Агаарын чанарын алба нь одоогоор 22 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Бид бүхэн агаарын чанарыг тодорхойлж, хэмжилт шинжилгээ хийж, агаарын чанартай холбоотой мэдээллээр иргэдийг хангах үндсэн үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд агаарын чанарт шинжилгээ хийхэд хорны хэмжээ нь 5-18 хувь буурсан гэсэн үнэлгээ гарсан. Манай утааны хорыг шинжилдэг 4 төхөөрөмж маань баруун 4 зам, хоёрдугаар эмнэлэгийн тэнд, МҮОНТ-ын дэргэд, Яармагийн дэнжид байрладаг. Энэ багажуудаас ирсэн мэдээллээс харахад ийм үзүүлэлт гарсан. Утаагүй зуухыг тараах ажлын хүрээнд 100000 айл зуухыг тараасан байгаа. Одоо 50000 мянган айлд зуух тараачихвал нийслэлийг 100 хувь утаагүй зуухаар хангасан үзүүлэлт гарна гэв.

Ч.Батсайхан даргыг дээрх мэдээллийг хийсний дараа төлөөлөгчдийн зүгээс хатуухан зэмлэлүүд хөвөрсөн юм. НИТХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Баяраа “Агаарын чанар 18 хувь хүртэл буурлаа гэж байгаа чинь юу гэсэн үг вэ? Хаана агаар цэвэршиж эрүүлжээд байгаа юм. Би налайхаас  ажил руу гаа гарахад нартай байдаг. Харин Баянзүрх руу ороод ирэхээр эргээд харанхуй болчихдог. Энэ тэгээд буурсан үзүүлэлт үү. Утаагүй зуухыг тараачихвал агаар цэвэршинэ гэж ирээд баахан мөнгө авсан. Энэ зуухыг гэвч өндөр үнээр гадаадаас оруулж ирдэг гэсэн. Заавал улсын мөнгийг гадаад руу үр ашиггүй зүйлд зарцуулах шаардлагатай юм уу. Шахмал үртсэн нүүрсийг нүүрснээсээ илүү хор уршигтай байна гэж иргэдээс их гомдол ирж байгаа. Энийг та бүхэн судалж шинжилж үзсэн үү. Ойрын хугацаанд энэ бүх асуултанд бичгээр манай бүлгэнд хариу ирүүлнэ үү” хэмээн үүрэгдлээ. Үүний дараа МАН-ын төлөөлөгч Г.Ганбаяр үг хэллээ. Агаарын чанарын албанд би онц муу гэсэн үнэлгээг шууд тавимаар санагдлаа. Манай бүлэг хэдхэн хоногийн өмнө энэ асуудлаар хуралдахад танай нэг ажилчин бид 75 мянган зуух тараахаар төлөвлөсөн хэдий дөнгөж 25 мянгыг л тараасан гэж байсан. Гэтэл та шал өөр юм яриад явж байна. Чухам яг хэн нь үнэн яриад байгаа юм. Агаарын чанарын албанд Нийслэлийн чамгүй их мөнгийг өгдөг. Та нар хэлэхдээ айлуудад дулаахан туурга авч өгнө тэгэхээр утаа тэдэн хувь буурна, одоо тэдэн төгрөг өгчихвөл хөнгөлөлттэй зуух тараая тэгэхээр утаа 25 хувь буурна. Тэгэнгүүтээ тогны мөнгийг хөнгөлье эдэн хувь буурна гэж баахан мөнгө авч үрчихээд ямарч үр дүнгүй худлаа мэдээлэл өгөөд л байж байна шүү дээ. Энийгээ одоо боль. Агаарын бохирдол буурсан юм бол хотын энэ хэсэгт ингэж буурлаа, баянхошуунд тэгж буурлаа гэж хэлээч. Худлаа амны бангаар ярихаа боль гэв.

Д.Одонтунгалаг төлөөлөгч “Агаарын чанарын албанаас өгсөн бүх мэдээлэл худлаа. Дандаа ингэж худлаа ярьж байдгаа боль. Хамгийн утаа багатай байдаг 4 газарт төхөөрөмжөө байршуулчихаад худлаа мэдээлэл өгөөд сууж байдгаа боль. Би хороололд амьдардаг. Гандан өнгөрөхөөр л зам харанхуйлаад юу ч харагдахаа больчихдог ш дээ. Энийг тэгээд буурсан гэх үү. Хоолой хорсгосон гашуун утаа нь улам л ихсээд байхад яагаад багассан гэж яриад байгааг тань ойлгохгүй байна. танай ажилчин чинь сая яг үнэн мэдээллийг өгвөл ард түмэн айна шүү дээ гэсэн юм ярилаа. Ийм байж болохгүй ээ. Ард түмэн аймаарч гэсэн үнэнийг мэдэх эрхтэй. Тэгж байж л тэд өөрсдийгөө хамгаална. Тэгж байж л тэд утааг бууруулах ажилд гар бие оролцоно. Утаанаас болж ургийн зогсолт болсон хүүхэд жил бүр өсч байна. утаанаас болсон өвчин зовиур өдрөөс өдөрт ихсэж байхад та нар худлаа хэлээд сууж байж даанч болохгүй. Хэрвээ цаашид алдаа дутагдлаа засаж, үнэн мэдээлэл гаргахгүй бол таныг наад суудалд чинь байлгах эсэх асуудлыг ярина шүү. Танай ажилчид орон тооны хувьд хангалттай байна харин мэдлэг боловсролын хувьд ямар байхыг би мэдмээр байна” гэлээ. Энэ мэтчилэнгээр агаарын чанарын албаны ажлыг шүүмжилж цаашид алдаа дутагдлаа засаж ойрын хугацаанд агаарын бохирдол чухам хэдэн хувьтай, ямар үзүүлэлттэй байгаа талаарх мэдээллийг гаргахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top