Хятадын талтай “Нэг цонхны бодлого” ярьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 21

 

Манай улс өмнөд хөршөөс 3 тэрбум ам.долларын зээл авах асуудал яригдаж байгаа. Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны Дэд дарга Жан Шяочяныг хүлээн авч уулзахдаа энэ зээлийн талаарх яриа хэлэлцээг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгджээ. Харин Хятадын талаас үүний хариуд уул уурхайн ашиглалт, санхүүгийн хамтын ажиллагааг нэгдсэн байдлаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.  Мөн тэд хоёр улсын хоорондын цаашдын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцжээ.

 Ноён Жан Сяочян сайд хоёр талын хүчин чармайлтаар сүүлийн жилүүдэд хоёр орны найрсаг харилцаа мөн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гарч байгааг хэлжээ. Нийт худалдааны эргэлт 2002 онд 360 сая доллар байсан бол өнгөрсөн онд 6.6 тэрбум доллар болж 18 дахин өссөн болохыг цохон тэмдэглэжээ.

Харин Сайд Н.Батбаяр хоёр байгууллагын эрх үүрэг ойролцоог харгалзан цаашид нягт хамтран ажиллах сонирхолтой болохоо илэрхийлээд, Монгол улсын хөрөнгө оруулалтыг 4 жилээр төлөвлөж, УИХ-аар энэ оны нэгдүгээр улиралд батлуулах чиглэлээр ажиллаж байгаа талаар төлөөлөгчдөд товч мэдээлэл хийжээ.

Мөн уулзалтаар манай улсын экспортын голлох бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгахтай холбогдуулан  нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг дээр гадаад худалдааны нэг цонхны бодлогыг баримтлах зарчмын талаар хоёр тал санал солилцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top