Монголын эдийн засгийн өсөлт саарна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 21

 

Эдийн засгийн нөхцөл байдал ойрын ирээдүйд ерөнхий чиг хандлагатай харьцуулахад хэрхэхийг таамаглах зорилготой хэрэгсэл бол  Нэгдсэн Түрүүлэгч Индикатор юм. Тэгвэл Сангийн Яамны Нэгдсэн Түрүүлэгч Индикаторыг Үндэсний Статистикийн Хорооноос зарласан Монгол Улсын 2012 оны III улирлын ДНБ болон бусад макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн өнгөрөгч оны арваннэгдүгээр  сарын мэдээлэл дээр тулгуурлан шинэчлэн тооцоолжээ.

Монгол Улсын эдийн засаг арваннэгэн оны 6 дугаар  сард мөчлөгийнхөө оргилд хүрсэн бөгөөд Нэгдсэн Түрүүлэгч Индикатор түүнээс хойш тасралтгүй буурсаар өнөөдөр 98.18 болж өмнөх сараас 0.18 пунктээр, өмнөх оргилоосоо 3.97 пунтээр буураад байгаа нь ирэх 2-3 улиралд  Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурдац саарахыг харуулж байгаа аж.

Энэ бууралтын шалтгаан нь уг индикаторын бүрэлдэхүүн хэсгүүд болох хилээр оруулсан автобензиний хэмжээ,  гадаадын шууд хөрөнгө оруулалт, нийт худалдааны эргэлт, БНХАУ- руу гаргасан экспортын хэмжээ, импорт, худалдааны тэнцлийн ашиг болон шинээр олгогдсон үл хөдлөх хөрөнгийн зээл чиг хандлагаасаа доогуур байсантай холбоотой юм байна.

Нэгдсэн Түрүүлэгч Индикаторыг Монгол Банкнаас гаргадаг Зээлийн Тайлангийн IV улирлын мэдээлэл гарсан үед дахин шинэчлэн тооцоолох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top