Эрчим хүчний дайн

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

Хятад эрчим хүчний хэрэглээгээрээ 2009 онд АНУ-ыг гүйцэж, 2011 онд дэлхийн эргэлзээгүй лидер болсон юм. ExxonMobil-ийн аналитикуудыг үзэж байгаагаар дараагийн хорин жилд Хятадын аж үйлдвэрийн эрчим хүчний хэрэгцээ 20 хувь өснө. Энэ нь тэд эрчим хүчнийхээ “өлсгөлөнд” орно гэсэн хэрэг юм. 

Хятадын Аж Үйлдвэрийн Яамны мэдээгээр тэдний гадаад нефтээс хамаарах хамаарал 2011 онд 55 хувь байгаа ба энэ үзүүлэлт 2015 онд 60 хувь, 2020 онд 65 хувь хүрэх юм.

Одоогийн байдлаар Хятад дэлхийн 30 орноос нефть болон хий авч байна. Үүнийг бүтцийг задлан үзвэл: Ойрхи Дорнод, голдуу Саудын Арав 56%, Африк 27%, Ази болон Ази Номхон далайн орнууд 13,5%, Латин Америк 3,5 % тус тус байгаа юм.

Судан. 2011 онд тэнд болсон ард нийтийн санал асуулгаар Судан умард, өмнөд гэж хуваагдав. Одоо тэнд зэвсэгт мөргөлдөөн байнга гарах болсон ба гол шалтгаан нь суданы нефтийг Умрын хоолойгоор шахах үнийн асуудал болно.

Хятад Суданы нефтийн 50-60 хувийг худалдан авдаг юм. Өөрөөр хэлбэл Судан Бээжингийн нефтийн хэрэглээний 7-9 хувийг хангадаг. Арав гаруй жилийн өмнөөс Хятадын үндэсний нефть хийн КННК корпораци хамгийн том хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Одоо Хартум хотын нефть боловсруулах том заводын хувьцааны 41 хувь, “Petrodar” консерциумын 41 хувь, “Grеater Nile Petroleum Operating Company” консерциумын 40 хувь, мөн Улаан тэнгис дэх Порт-Судан хотын экспортын танкерын том терминал хятадуудын мэдэлд байдаг.

Ливи. Ливийн дайнд Хятадууд хамгийн их хохирсон юм. Америкийн эдийн засагч Пол Крейг “Орос, Хятад хоёрыг Газрын дундад тэнгисээс шахан гаргахын тулд бид Ливид Каддафийг түлхэн унагахыг хүсч байна” гэдгээ шууд мэдэгдэж байв.

Ливид дайн болохоос өмнө тэнд олборлож байсан нефтийн 11 хувь Хятад руу явдаг байв. Хятад Ливид 18,8 млрд $-ын 50 том төсөл хэрэгжүүлж байсан ба тэнд Хятадын 30.000 ажилчин бүхий 75 томоохон компани ажиллаж байлаа.

Иран. Иран Хятадын нефтийн импортын 12 хувийг хангадаг юм. Иран зоригтой тулдаа, Оросын пуужин байгаа тулдаа, Ормузын хоолой нарийхан тулдаа л байж байна.

Сири. Зүв зүгээр байсан Сирийг одоо юу болгож байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Сири дангаараа бол нефтэд онцын нөлөөгүй. Харин газар зүйн байрлалын хувьд бол “алт” юм. Эндээс Газрын дундад тэнгис хийгээд бүх Ойрхи Дорнодыг “удирдаж” болно. Тэхээр нефтийн бүх урсгалыг “удирдаж” болно гэсэн үг.

Саудын Араб, Ангол, Кувейт, Ирак, Ливи Оман бүгдээрээ АНУ-ын “мэдэлд” байгаа. Энэ бол “баруун” тал нь. “Зүүн” талд нь америкийн “талд” Индонези гэхчлэн олон бий. Энд их олон улс орно л доо. Хэрэв тэд АНУ-ын шахалтаар нефть нийлүүлэхээ болих л юм бол Хятад “үхлээ” л гэсэн үг.
Хятадын “талд” Орос, Судан, Иран, гандан буурахгүй Уга Че Гавесын Венесуэл байгаа. Гэвч сүүлийн үед Уго Чавесын бие муудав. Тэнд удахгүй аягүй бол үймээн гарна биз.

Гэхдээ эдгээр улсууд богино хугацаанд энэ болзошгүй алдагдлыг нөхөж амжихгүй.
Сүүлийн үед энэ дайны хаялга Ази Номхон далайн бүс нутагт шилжиж байгаа нь тодорхой байна.
Хятад үүний хариуд ямар арга хэмжээ авч байгаа вэ, эсвэл ямар арга хэмжээ авч болох вэ.
Хятадын бодлогыг таах нь тун хэцүү ажил нь мэдээжийн хэрэг. Гэхдээ тааж болох л байх.

Мэдээж хуурай, аюулгүй замыг сонгож л таарна биз дээ. Аль эсвэл үгүй юм уу ?! 
Дэлхий дахинаа болж буй энэ дайнд санаа амар, “хутга хувилгүй мах идэж, хундага тавилгүй архи ууж” жаргаж цэнгэж суугаа ганц улс нь Монгол юм. Худлаа гэвэл Та нар телевизээ асаагаад үз л дээ, дандаа шоу.
Саяхан баахан мөнгө “зүгээр” авчихсан, одоо ёстой “жаргаад” байдаг хэрэг ээ, хө, хө. Иргэдийн жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх зээлийн мөнгөнд тэр мөнгөнөөсөө “баталгаа” гаргаж өгөх гэнэ, цаана чинь. 50-250 саяар нь “тараана” гэж байна, бондын мөнгөө. Ёстой янзтай…
“Жаргаж цэнгэж” байх хооронд чинь дэлхийн нүүрсний хөгжилд дараах хандлага бий боллоо гэдгийг л хэлэх гэсэн юм.
1. Европын орнуудын экологийн шаардлага эрс нэмэгдэж, цахилгааны “декарбонизаци” хийж байна.
2. Байгалийн хийд тулгуурласан нүүрсний биш цахилгааныг эрхэмлэх болов.
3. Азийн орнууд “хямд” нүүрсэнд баримжаалах болов.

4. Хятад нүүрсний импортлогч улсаас экспортлогч улс болон хувирах эрсдэл бий болов. 
5. “Хүлрийн хувьсгал” болсны улмаас АНУ-ын нүүрсний экспорт өсөв.
6. Нүүрсийг асар хол зөөхөд үнэ асар их өсч байна. Энэ нь өрсөлдөх чадварт нөлөөлөх болно.
Монголын төр засаг хийгээд мэдэмхийчүүдэд нэг зүйлийг зориуд урьдчилан сануулж байна. Дээр дурдсан зургаан зүйл дүгнэлтийг би “зохиогоогүй”, олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн дүгнэлт юм. Та нар “хувь хүний” дүгнэлт гээд солиороод явдаг шүү.

Ер нь би зохиосон ч яадгийм, ядаж л Та нараас арай дээр сэтгэнэ… 


Судлаач Х.Д.Ганхуяг Эх сурвалж: www.ganaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top