10 жилийн хугацаанд 91 830 иргэн газрын эзэн болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 23

 

УИХ-ын гишүүн  Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын гишүүд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг санаачлаад буй. Тэгвэл УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцэж, дэмжлээ. Хууль санаачлагч гишүүн Ц.Оюунгэрэл хэлэхдээ Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно.” гэж заасны дагуу Улсын Их Хурал 2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг батлан гаргасан гэж байв. 

Мөн уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харгалзан Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлж, иргэн бүрийн газар өмчлөх эрхийг нь баталгаажуулан хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан хэмээн хэлж байлаа. 

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа  иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх хугацааг 5 жил тутам сунгаж байсан боловч ихэнхи иргэд газар өмчлөх эрхээ эдэлж чадаагүй гэдгийг дурдсан. Нөгөө талаас, урьд нь газар эзэмшиж байсан иргэн л газраа өмчилж авснаас бусад тохиолдолд иргэд, тухайлбал,  орон сууцны байранд амьдарч байгаа иргэн газар өмчилж авах эрхээ хэрэгжүүлэх боломж нь хомс байгаа гэдгийг тэрээр онцолж байв. 

Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын энэхүү төсөл нь 9 бүлэг, 55 зүйлтэй. Төслийг дээр дурдсан 2002 оны Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн үндсэн бүтцийг хадгалах зарчмыг баримтлан боловсруулсан гэдгийг эрхэм гишүүн хэлж байсан.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар  иргэн бүрт газар өмчлөх эрхийг нээж өгсөн боловч уг эрхийг хэрэгжүүлэх механизмыг хуульд тусгайлан зохицуулаагүйгээс хуулийн хэрэгжилт удааширч, дийлэнх иргэн газраа өмчилж авч чадаагүй байгаагийн зэрэгцээ иргэдэд газар өмчлөх эрхээ эдлэхэд нь олон саад, хүндрэл учирч байдаг аж. 

Тухайлбал,  2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөгийн байдлаар нийслэл хотын хүн амын 7.6 хувь буюу 91830 иргэн л газраа өмчилж авсан юм байна. Гэтэл одоо Улаанбаатар хотод 1.2 сая гаруй иргэн амьдарч, ажиллаж байна. Эдгээр иргэд газар өмчлөх эрхтэй, уг эрхийг нь баталгаажуулах шаардлагатай байгаа гэдгийг хууль санаачлагч хэлж байв. 

Нөгөө талаас, хууль хэрэгжүүлэх механизмыг нарийвчлан зохицуулаагүйгээс газар өмчлүүлэх эрх бүхий субъектын хүнд суртал, танил талдаа газар өмчлүүлэх, түүнчлэн авлига гэх мэт нийгэмд сөрөг үр дагавартай асуудлыг бий болгох үүдийг нээж, газар өмчлүүлэх ажиллагаа нь олон нийтэд ил тод бус байдаг.  Мөн иргэн газар өмчлөх өргөдлөө өгсөн боловч шийдэгдэлгүй хугацаа алдах асуудал байсаар байгаа аж.  

Тиймээс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг нэг мөр болгон иргэн бүрт газраа өмчлөх эрхийг нь баталгаажуулсан, хөрөнгийн зах зээлд хөрвөх чадвартай үнэт цаас болох газар өмчлүүлэх сертификат олгох, энэ сертификат нь иргэний газар өмчилж авах үндсэн баримт бичиг байх, газар өмчлүүлэх ажиллагааг ил тод байлгах үүднээс газар өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг нийтэд тогтмол ил тод мэдээлэх зэрэг асуудлыг зохицуулах нь хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлага болсон гэдгийг хэлж байна.

 Мөн байнгын хорооны хуралдаанаар Газрын тухай багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатараар ахлуулна хэмээн БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан санаачлага гаргалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top