“Масктай Матар” цуврал худалч Д.Зоригтын тухай..

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 01

“Масктай Матар” цуврал үргэлжилж байна. Худалч улстөрчдийн буухиа УИХ-ын гишүүн асан, Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригтоор үргэлжлэн танд хүрч байна. Өдгөө  “Дан улстөрөөр амьдарна ч гэж юу байхав дээ” хэмээн ярьж суугаа Д.Зоригт эрхэм өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулснаар, нөхөн сонгуулиар хүч үзэж парламентад суух завшаан олдсон. Гэхдээ завшаан зүгээр ирээгүй. Бусад худалчуудынхаа адилаар томоос том амлалтуудыг тэр өгсөн. Тэрбээр “Нийгмийн баялгийн зөв хуваарилалтыг бий болгож Оюу толгой төслийн гэрээг баталснаар иргэн бүрт эх орны хишгийг хүртээнэ”, “Нийслэлээ утаагүй амьдралын эрүүл орчин болгож хотын соёлыг хэвшүүлнэ” “Гэр хорооллын газрыг орон сууцаар сольж тохилог орчинд амьдрах боломжийг бүрдүүлнэ”, “Чингэлтэй дүүргийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ”, “Сонгогч иргэдийнхээ боловсрол, мэдлэгийг бүх талаар урамшуулан дэмжинэ”, “Сонгогчдоо ажилтай, орлоготой болох арга замыг эрэлхийлж, бүтээлч санаачлагыг дэмжинэ” гэхчлэн биелчихдэг дэндүү сайхан уртаас урт амлалтуудыг өгч гарсан нэгэн. Эрхэм уншигч Та түүний дээрх амлалтуудыг хараад л яах аргагүй монголын улстөр дэх худалч  “Масктай Матар”-уудын нэг гэдэгтэй санал нийлж буй болов уу. Тиймээс ч худалч улстөрчийн нүүрнээс маскийг нь хуу татаж, худал хэлсэн бүхнийх нь төлөө нийтийн эрх ашгийн өмнөөс матарлахаар шийдсэн биднийг дэмжиж буй байх гэж найдна.

үүний “Нийгмийн баялгийн зөв хуваарилалтыг бий болгож Оюу толгой төслийн гэрээг баталснаар иргэн бүрт эх орны хишгийг хүртээнэ” хэмээх амлалтын тухайд юу болж байгааг бид мэднэ. МАН, АН-ын аль аль нь 21 мянган төгрөгийн завхарсан амлалтаа биелүүлэх гээд баахан өр тавьчихсан. Балгаар нь улсын эдийн засагт онцлох үүрэг гүйцэтгэх ёстой Эрдэнэс Тавантолгой компани нь явцгүй байдалтай байгаа. Харин Д.Зоригтын амласанчлан Оюу толгой төслийн гэрээг баталснаар иргэн бүрт эх орны хишгийг хүртээнэ гэдэг бол шал дампуурсан ойлголт. Гэрээ баталсны дараа урьдчилгаа хэлбэрээр авсан мөнгө нэг талаас  “өр” гэдгийг бид мартаж болохгүй.

- Бас нэг амлалт нь болох “Нийслэлээ утаагүй амьдралын эрүүл орчин болгож хотын соёлыг хэвшүүлнэ” гэх амлалтын тухайд илүүг нурших нь илүүц болов уу. Улаанбаатарчууд угаартсан хэвээрээ өвөл, өвлийн ард гарч байна. Хэр удаан тэсэхийг хэлж мэдэхгүй. Бодвол ийм сайхан амлалт өгсөн Д.Зоригт эрхэм мэдэж байгаа юм болов уу даа.

- Тэр “Гэр хорооллын газрыг орон сууцаар сольж тохилог орчинд амьдрах боломжийг бүрдүүлнэ” гэх амлалтыг бас өгсөн. Лав л түүнийг гишүүн бас сайдаар ажиллаж байх үед энэ амлалт ажил болсонгүй. Чингэлтэйн гэр хорооллын оршин суугчид газраа орон сууцаар сольж тохилог орчинд амьдраад байгаа юм алга. Одоогийн нийслэлийн удирдлагын ярьж буйгаас харахад хэдэн жилийн дараа бол магадгүй л юм.

-“Чингэлтэй дүүргийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэсэн амлалтыг бас өгсөн. Үүнд Чингэлтэйнхэн ууртай хариултыг өгдөг. Д.Зоригт бас л худлаа хэлсэн гэж хэлдэг.

 - Мөн “Сонгогч иргэдийнхээ боловсрол, мэдлэгийг бүх талаар урамшуулан дэмжинэ”, “Сонгогчдоо ажилтай, орлоготой болох арга замыг эрэлхийлж, бүтээлч санаачлагыг дэмжинэ” гэсэн амлалтууд ч ажил хэрэг болсон юм байхгүй.

Үнэндээ “Эрдэнэс МГЛ”-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаа найз Б.Энэбишдээ шилжүүлэн өгөөд өөрөө Эрдэс баялаг эрчим хүчний сайдын суудалд суусан тэрбээр стратегийн чанартай томоохон ордуудын асуудалтай зууралдаад сонгуулийн жижигхэн амлалтуудаа мартчихсан гэхэд болох юм.

Гэхдээ түүний оролцсон томоохон ажлууд нь ч бөөн асуудал. Оюутолгойн гэрээний урагшгүй өнгө төрхтэй гэрээг байгуулалцахад гарын үсэг зурсан  3 сайдын нэгний хувиар түүнийг зайлшгүй оруулан ярих ёстой. Бүр тодруулбал, тэрбээр сайдаар томилогдохоосоо өмнө Оюунтолгойн ажлын хэсэгт нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.Тэрчлэн Оюутолгойтой холбоотой асуудлуудыг хамгийн сайн мэдэх бас хариуцлага яригдвал ярих ёстой хүний нэг нь тэр юм. Ямартаа л УИХ-ын зарим гишүүд эл гэрээг байгуулагдсан цагаас нь хойш  засаж сайжруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэхдээ хамгийн түрүүнд хариуцлага нэхдэг субьект нь салбарын яамны сайд Д.Зоригт байсан. Түүнийг огцруулах бичиг Засгийн газарт хэдэнтээ хүргэгдэж байсан билээ. Үнэхээр овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэдэгчлэн тэр огт но-гүй байсан бол юу гэж дандаа хэмлэгдэх билээ.

Ямартай ч тэрбээр сүүлийн үед судалгаа, шинжилгээгээр дагнаад байгаа бололтой. Өөрөө л тийм зүйл ярьж явна. Чингэлтэй дүүргийнхэн нь түүнд итгэл үзүүлж 2009 онд сонгосонд маш их баярлаж явдаг гэнэ. Баярлахаас ч яалтай билээ. Хулхи амлалтуудад нь итгээд Хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэлтний суудалд суулгаж, тарвалзуулсан юм чинь.  

“Масктай матар” цуврал үргэлжилнэ.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top