МИАТ-ийг МАН-жуулсан ч, гацчихав уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 01

Ямар ч байсан МИАТ-ийг хувьчлах тухай асуудал чуулганы хуралдаанаар дэмжлэг авсангүй. Энэ компанийг хувьчлахгүй бол хэдэн дарга нар нь идэж уудаг явдал зогсохгүй гэх зүйлийг УИХ-ын гишүүн Д.Ганбат хэлж байсан ч, энэ удаа  дэмжигдсэнгүй. Цагаан захтнууд буюу улстөрийн нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийн турхиралтаар үйлдэгдсэн байж болзошгүй гэгдэж байгаа МИАТ-ийн хэрэг ид олны анхааралд байгаа энэ үед хувьчлахаар шийдвэрлэвэл багагүй сэжиг төрүүлэх ч байж мэднэ. Ер нь бол сүүлийн 3 жилийн хугацаанд яригдаж байгаа МИАТ-ийн хэргийн эхлэл учгийг хөвөрдөх гээд үзвэл цаана нь нуугдаж байгаа ашиг сонирхлын салхи хаанаас эхтэй вэ гэдэгт илүү анхаарах хэрэгтэй болох юм. Цагаан захтнуудын удирдлага дор үйлдэгдсэн гэмт хэргүүд хуулийн дор няцлагддаг завхарсан жишгийг эрт эдүгээгийн бас саяхны хэргүүдээс харж байгаа болохоор энэ хэргийн цаадах эзэд цаанаа үлдчих болов уу гэсэн сэрэмж бас бий.

МИАТ-ийн үе үеийн захирлууд, Төрийн өмчийн хорооны нэр бүхий хүмүүс,  хуулийн байгууллагынхан гэхчлэн бүхэл бүтэн бүлэглэл байгаа гэх энэ хэргийн ард өөр бас хэн, хэн байна вэ. Энэ хэрэгтэй холбоотой асуудлууд дэгдээд ирэхийн үед хувьчлалын асуудлыг өмнөхөөс илүү албан ёсны  түвшинд гаргаж ирэх болсны учир юу вэ гэдэг асуулт ч байгаа. Тэрийг нь зах зухаас нь тодруулахын тулд сүүлийн 7 жилийн хугацаанд  МИАТ компанийг удирдсан 4 Гүйцэтгэх захирал, 10 Дэд захирлуудын хамгийн сүүлийн томилгоонуудыг харахад анхаарал татна.

Өдгөө хоригдон, шалгагдаж байгаа Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Г.Жаргалсайхан Ч.Хоролсүрэн нар нь МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал, Дэд захирлуудын албыг ээлж дараалан хашиж байсны ард Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын дэмжлэг байсан гэх мэдээлэл бий. Д.Сугар эрхэм, Ч.Хоролсүрэнтэй нэг нутгийнх гэдгээрээ хамаатай гэдгээ өөрөө ч хэлсэн байдаг.

Ямартай ч  АН засгийн эрхэнд олноороо байгаа энэ үед төрийн өмчит МИАТ-ийн удирдлагуудын томилгоо дандаа МАН-жсан байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй биз.

 МАН-ын С.Хүрэлбаатарыг Дэд захирлаар  томилохын учир..

 Ер нь МИАТ-ийн удирдлагуудын томилгоог харахад нэг талаас намын бус шунахай эрхмүүдийн ашиг сонирхолд үйлчилсэн мэт харагдавч, нөгөө талаас  нь харвал нэг нам хүчний нөхдүүдийн хувийн эрх ашгийн төлөөх үйлдлүүд байж ч  болохоор. Тухайлбал, МАН-ын гишүүн, өндөр насны тэтгэвэрт гарах болсон С.Хүрэлбаатар эрхмийг Нислэг үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлаар томилох шийдвэрийг тус компанийн ТУЗ нь  2012 оны 11 дүгээр сард  гаргасан нь сонирхолтой. АН олонхиороо жаргаж байгаа энэ үед МАН-ын “өвөө”- г томилохын учир юу байв гэдэг асуулт байна. С.Хүрэлбаатарын тухайд  ИНЕГ болон МИАТ ХК-д  өндөр албан тушаалууд хашиж байсан. Токио дахь Ерөнхий төлөөлөгчөөр сууж байсан нэгэн. Бас Изнис Эйрвэйз ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан. Гэхдээ тэр “Изнис”-д  очсоноороо тус компанийн үйл ажиллагааг уруудуулсан гэгддэг. Одоо ч МИАТ-д бас тийм даалгавартай ирсэн байж болзошгүй нэгэн гэх.

  Бас л МАН-ын Г.Жаргалсайхан..

Ц.Орхон захирал өнгөрөгч оны 11 дүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр ”МИАТ”-ийн алдагдалтай үйл ажиллагааны талаар тайлагнасныхаа маргааш ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм. Харин ТӨХ болон МИАТ-ийн ТУЗ түүний оронд Гавьяат нисгэгч Г.Жаргалсайханыг томилсон бол Ц.Орхон захирал “Томас Эйр” компанийн захирлаар очсон юм. Тэрбээр энэ компанийг 2011 онд Ч.Хоролсүрэнгийн хамтаар байгуулсан аж. Эх сурвалжийн хэлж буйгаар гадаадад гуйвуулсан олон тэрбум төгрөгийнхөө багахан хэсгээр “Томас Эйр”-ийг босгоод иржээ. Ер нь бол Ц.Орхон нь Зам, тээврийн сайд А.Гансүхтэй ойрхон нэгэн гэнэ. Ямартаа л А.Гансүхийн талын хүн болох МИАТ-ийн Ерөнхий нягтлан бодогч Д.Батбилэгтэй хамтран 2010 онд Токио руу 3 удаа мөнгө гуйвуулсан нь тогтоогджээ.

Тэгвэл Ц.Орхоны оронд Г.Жаргалсайханыг томилсон нь яах аргагүй анхаарал татсан томилгоо юм. Учир нь 2010-2011 онд МИАТ ХК-ийн Нислэг үйлдвэрлэл хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах болж, улмаар 2011-2012  онд Токио дахь Ерөнхий төлөөлөгчөөр томилогдсон, МАН-ын гишүүнчлэлтэй Г.Жаргалсайханыг эргүүлээд томилно гэдэг баргийн хүний санаанд орохгүй зүйл байж. Тэрчлэн Ардчилсан намаас шинэ залуу боловсон хүчин томилогдох байх гэсэн хүлээлт давамгайлж байсан үед Г.Жаргалсайхан томилогдсон. Г.Жаргалсайхан нь МАХН засгийн эрхэнд олноороо байсан 2000-2004 онд,  МИАТ ХК-ийн Тэргүүн дэд захирлын албыг хашиж байхдаа Н.Энхбаяртай ихэд шадар байсан гэдэг. Харин дараа нь  Москва дахь Ерөнхий төлөөлөгчөөр ажиллахдаа тухайн үед ОХУ-д Элчин сайдаар сууж асан С.Баяртай нэг нутгийн гэдгээрээ ойр дотно болсон гэгддэг. Гэтэл түүний МИАТ-д чөлөөтэй хөрвөж  ирсэн томилгоонуудад Ч.Хоролсүрэнгийн нөлөөлөл давамгайлж байсан гэх мэдээлэл ч байх.

Мөн Г.Жаргалсайхан нь  одоогийн АТГ-ын Дэд дарга Б.Хурцын нэр нь холбогддог  “Сөүлээс Улаанбаатар чиглэлд ачаа хэлбэрээр тээвэрлэгдэх тээшийг тээвэрлэх тухай журам” батлагдсан үед, түүнтэй хамтарч  МИАТ-ийн онгоцоор үнэгүй ачаа бараа тээвэрлэж байсан гэх мэдээлэл ч байдаг.

Тэгэхээр МИАТ-ийн сүүлийн үеийн удирдлагуудын арыг хайгаад үзэхээр нам бус эдийн засгийн ашиг сонирхлоор нэгдсэн эрхмүүдийн луйвар гэж харагдахаар байгаа ч, нөгөө талд МИАТ-ийг МАН-жуулсан томилгоонуудын цаана АН-ын хэсэг нөхдүүд ашиг харж байгааг ч үгүйсгэх аргагүй л юм. Ерөөс  МИАТ ТӨХК-ийн хоёр “толгой” удирдлага нь МАН-ын гишүүн тэгээд болоогүй тэтгэврийн насны хүмүүс байгаа нь шинэчлэлийн төлөө зүтгэж буй ардчилсан Засгийн бодлоготой яагаад ч уялдахгүй харагдаад байна. Ардчилсан засгийн үед МИАТ-ийг МАН-жуулж байгаагийн цаана АН-аар түрий барьсан хүмүүсийн ашиг сонирхол явж байгааг шууд үгүйсгэхэд эртдээд байна.

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top