М.Энхсайхан: Улсаар нь цөлмөх гадны бодлого Монголд ороод ирсэн шүү дээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан М.Энхсайхантай ярилцлаа.

МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ТӨМӨР ЗАМ БАРЬСАН ТҮҮХ БАЙХГҮЙ

-Та ажлаасаа халагдсаныхаа дараа төмөр замын асуудлаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг дуэльд дуудсан. Хариу ирсэн үү?

-Одоогоор хариу алга. М.Энхсайханыг “Монголын төмөр зам” ТӨХК-иас халсан, халаагүй нь чухал биш. Ер нь Монгол Улс төмөр замаас хараат болчихсон юм байна. Монголчууд уул уурхайгаас л хараат болчихсон гэж бодоод байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ уул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэх чадал байхгүй учраас төмөр замаас хараат болчихсон. Төмөр зам Монголын цаашдын хувь заяаны асуудал учраас том маргаан дэгдээд байгаа юм.

-Өргөн, нарийн цариг л энэ маргааны гол цөм болж байгаа юу?

-Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж байсан түүх байхгүй. Монголд төмөр зам барих үндэсний чадавхи дөнгөн данган бүрэлдэх хэмжээнд л байна. Ер нь төмөр замын бодлогоо оросуудад мэдүүлж ирсэн нь нууц биш. Тэгэхээр өөрийн төмөр замын бодлого байхгүй. Болж буй үйл явдал, төмөр замын олон төслүүдэд олон улсын аргачлалаар дүн шинжилгээ хийх чадамж сул. Би анх энэ ажлыг авахдаа хэцүү, хариуцлагатай гэдгийг нь мэдсэн. Нөгөө талаас Ерөнхий сайд ч хэлж байсан. Энэ хэцүү асуудлыг та учрыг нь олоод хийж чадна. Тиймээс зүтгэл гарга гэж. Үүнийх нь дагуу л ажилласан. Ер нь төмөр замын бодлогын хамгийн эхний үе шат нь төмөр замаа сайжруулах асуудал. Одоогийн төмөр зам дээр Монголын эдийн засгийн 90 хувь төвлөрчихсөн байна шүү дээ. Тиймээс энэ асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой. Хоёрдугаарт, шинэ төмөр зам гэж зүгээр хоосон хөөрцөглөөд хэрэггүй.

-Яагаад?

-Шинэ төмөр зам гэдэг үндсэндээ үйлдвэр технологийн зам юм. Үүгээр зөвхөн нүүрс л тээнэ. Тэгэхээр нүүрс тээвэрлэх замын технологийн шаардлага өөр. Гэтэл үүнийг хольж хутгах явдал хүмүүсийн дунд их гарч байна. Буруутгахаасаа илүү үндэсний чадамж муутай учраас ингэж байна гэж ойлгож байгаа. Гадны хүмүүсийн хялбархан ойлгочих юмыг манайхан ойлгохгүйд эмзэглээд байх зүйл алга. Гагцхүү Монголын цаашдын хувь заяа төмөр замаас хамаарч буй учраас л үүнийг яриад байна. Ялангуяа, төмөр замын асуудал дээр бонд гэх шинэ зүйл ороод ирсэн. Бондын мөнгийг зөв зарцуулах хэрэгтэй. Хэрэв энэ мөнгийг салхинд хийсгэвэл бид өрөнд орж орд газруудаа ээлж дараалан гадныханд алдах аюултай. Тиймээс энэ бүгдийг уялдаа холбоотой авч үзээч гэж л хэлээд байгаа юм. Ний нуугүй хэлэхэд Оюутолгойн орд гэхэд тун хүнд байдалд орчихсон. Оюутолгойгоос монголчууд 2017 оноос ашиг хүртэж эхлэх ёстой бол өнөөдрийн тооцоогоор 2033 оноос наашгүй болчихлоо. Ер нь цаашдаа ч ашиг хүртэх үү, үгүй юу гэсэн асуудал гарч ирж байна. Яг үүнтэй адил Тавантолгойг барьцаалаад “Чалко”-д өр тавьчихсан. Энэ том ордоо босгож, тэндээс нүүрс тээвэрлэх асуудлаа шийдэж чадахгүй бол бид улам л өрөнд орно. Өрөнд орсон хэмжээгээрээ монголчууд баялгаа алдах аюултай болчихоод байгаа юм. Тиймээс миний хэлээд байгаа зүйл бондын мөнгийг битгий үрэн таран хийгээч. Ядаж стратегийн нэг том ордыг босгоод ирээч л гэсэн санаа. Ингээд тээврээ хийх юм бол “Чалко”-гийнхоос гадна бондынхоо ч өрийг төлнө. Тэгж байж Монгол Улс бусад асуудлаа ээлж дараатай шийдэх бололцоо нээгдэх юм. Харамсалтай нь А.Гансүх, Х.Баттулга нар бондын мөнгийг энд тэнд үрэн таран хийх тухай л бодоод байгаа юм. Харин би түүнд нь саад болоод байх шиг байна.

-Өргөн царигтай төмөр зам барих нь дотоодын сүлжээг бий болгоно. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороо байгуулж нүүрсээ боловсруулаад Оросын хилээр дамжуулан зах зээлд үнэ хүргэх тухай тэдний санаа зөв биш үү?

-Тавантолгой-Сайншанд төсөл бол 500 км төмөр замынх. Говийн бүст барьж буй учраас одоогийн хийсэн тооцоогоор нэг км төмөр зам барих өртөг нь 3 700 000 ам.доллар буюу Тавантолгойгоос Сайншандын чиглэлд төмөр зам тавихад тэрбум 900 сая хэрэг болно. Монголд тийм их мөнгө байхгүй. Одоогийн босгосон бондын мөнгөөр ч энэ асуудлыг шийдэж чадахгүй. Би асуудлыг зүгээр л эсэргүүцээд байгаа юм биш. Шат дараатай шийдээч ээ. Хамгийн түрүүнд ашиг олж болох тэр тусмаа Тавантолгой “Чалко”-д өртэй болчихсон байхад дээр нь бондын өрөнд орж болохгүй. Энэ хоёр өрийг хоёуланг нь төлж чадах төсөл урагшаа төмөр зам тавих л байна.

Х.БАТТУЛГА, Д.ГАНСҮХ НАР ОЛОН ЗҮЙЛИЙГ БУРУУ ОЙЛГОСОН БАЙНА БИЛЭЭ

-Гэхдээ манайх Төмөр замын талаар баримтлах төрийн бод­логодоо өргөн царигийг сонгосон биз дээ?

-Төмөр замын бодлогод юу гэж бичээстэй байна вэ гэхээр одоо хэрэглэж буй төмөр замын огтлохоор юм уу, эсвэл залгаж байгаа төмөр зам тавих тохиолдолд Оросын өргөн царигаар барья гэж байгаа юм. Тэгээд шийдчихсэн. Хэрэв орд газраас урагш хилийн боомтыг чиглэж байгаа тохиолдолд төмөр замын царигийн өргөн нарийны асуудлыг УИХ, Засгийн газраас шийдэх ёстой. Ингэж шийдэхдээ юу анхаарах ёстой вэ гэдгийг л би яриад байгаа юм. 20 сая тонн нүүрсийг хил дээр авчирч ачиж буулгахад 2.5 хувь буюу 500 мянган тонн нь тоос болно. Ингэвэл экологийн аюул сүйрэл. Нүүрс цемент, гурилтай адил тоосордог чанартай. Тэр нь зүгээр нэг тоос биш. Бусад химийн элементтэй урвалд ордог, хүн малыг хордуулдаг хөнөөлтэй. Одоо нүүрсээ машинаар тээвэрлэж байна. Тэнд ямар айхавтар экологийн сүйрэл болж байгааг хүн бүр мэднэ. Хоёрдугаарт, ачиж буулгах явцад нүүрсний овоолго үүснэ. Овоолсон нүүрс агаартай исэлдэж шатах, өвөл нь барьцалдаж хөлдөх талтай. Түүнээс гадна нүүрсний техникийн үзүүлэлт буурч, өрсөлдөх чадвар, үнэ нь унана. Ийм аюул байгаа юм. Тэгэхээр би энэ аюулуудыг бодолцож царигийн асуудлаа шийдэх саналыг тавьж байгаа. Мөн дээр нь хэн ч анзаарахгүй нэг асуудал байна. Тэр нь хэрэв ачиж буулгах үйл ажиллагаа хийх, вагоны дугуйг солих тохиолдолд үүнийг Хятадын тал хийж, мөнгийг нь монголчууд төлнө. Ачаа тээврийн олон улсын конвенциор хүлээн авагч тал нь энэ асуудлыг шийдэх ёстой байдаг. Тэгэхээр ингэж өөрсдөдөө хохиролтой байдлаар асуудлыг шийдэх хэрэг байна уу.

-Ер нь төмөр замын асуудал дээр хүмүүс Х.Баттулга сайдыг оросуудтай, нөгөө талаас таныг хятадуудтай холбоо сүлбээтэй гэсэн хардлага байдаг юм билээ.

-Тэр бол зүгээр л энгийн ухамсрын түвшинд болж буй маргаан. Инженерийн сэтгэлгээ, олон улсын практик, аргачлалаар төмөр замын асуудалд яаж ханддаг юм бэ гэдгийг л ярилцах хэрэгтэй. Хэрэв өргөн царигаар тавиад шилжүүлж ачих болвол экологийн аюул болно. Би эдийн засаг талаас нь ерөөсөө яриагүй. Экологийн аюул болж хүн мал өвдөнө. Ингэх хэрэг байна уу. Эдийн засаг талаас нь ярих юм зөндөө бий. Өргөн царигаар тавихад нарийнаасаа илүү хөрөнгө оруулалт шаардана. Түүнээс гадна тээвэрлэх чадал унана. Хүлээн авагч талтай адил царигтай байвал тээвэрлэх чадал нэмэгдэх нь тодорхой. Тээвэрлэх чадал нэмэгдэх үү, багасах уу гэдгээс Монгол л хожно. Хоёрдугаарт, Х.Баттулга, А.Гансүх сайд нар олон зүйлийг дутуу ойлгосон байна билээ. Ингэж ярихад өөрсдөд нь эвгүй л байх. Гэхдээ тэдний дөрвөн жил “ухнатсан” зүйлийг би очоод хоёр сар болоход л ойлгосон.

-Та гурав нүүр тулж уулзсан уу?

-Уулзалгүй яах вэ. Энэ асуудлыг би бүгдэд нь танилцуулах гэж оролдсон. Гэвч өөдөөс наадхаа хая л гэж хэлдэг. Яаж хаях юм. Энэ чинь улсын ажил шүү дээ.

-Та Ерөнхий сайдтай уулзаж амжилгүй ажлаасаа халагдчихлаа гэж байсан. Түүнээс хойш уулзав уу?

-Хэд хэд уулзсан. Ямар ч байсан болж байгаа үйл явц, асуудлуудыг дэлгэрэнгүй танилцуулаад явж байна.

-Бондын мөнгөнөөс эхний ээлжинд 400 сая ам.долларыг төмөр зам барих ажилд зарцуулна гэж А.Гансүх сайд мэдэгдэж байсан. Таны харж буйгаар энэ мөнгийг шууд аваад ажлаа эхлүүлэхэд бэлэн байсан уу?
-Засгийн газар эцсийн шийдийг хараахан гаргаагүй байна. Бид ч үүнийг анхааралтай ажиглаж байгаа. Тэдний бодож буйгаар энд тэнд далан босгох маягаар ажил хийнэ гэвэл зүгээр мөнгө угаасан л хэрэг. Тэгэхээр ийм зүйл рүү оролгүй, төмөр замаа бариач ээ гэж хэлээд байгаа юм. Одоогийн энэ байдлаар бол барихгүй л юм шиг байна.

-Өнгөрсөн жил хоёр ч газар төмөр замын шавь тавиад сүр дуулиантай ажлаа эхэлж байсан. Энэ ер нь юу болсон бэ?

-Одоо бороо ус цас салхинд элэгдээд байхгүй болсон байх. Төмөр замын далан гэдэг авто замынхтай адилгүй. Авто замын даланг нэг хэсэг газар нь барьж болно. Машин тойроод л явчихна шүү дээ. Төмөр замын хувьд тойрно гэсэн ойлголт байхгүй. Төмөр замын далан гэдэг инженерийн нарийн байгууламж. Монголчууд бидэнд туршлага байхгүй учраас дэндүү хялбараар бодоод байна.

ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЭЗЭД НЬ БЭЛЭН БАЙГАА ШҮҮ ДЭЭ

-Арван тэрбум төгрөгөөр 100 км газрын хөрсийг ямар ч техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-гүйгээр хуулаад хаячихсан байна гэж та ярьж байсан.

-Сайншандаас Тавантолгой чиглэлд, мөн Сайншандаас Чойбалсан чиглэлд хэсэг хэсэг газрыг ухаад хаячихсан байсан. Энэ бол төмөр зам барих гэж буй инженерийн ухаанд оромгүй үзэгдэл санагдсан. Ялангуяа Тавантолгой Сайншандын хооронд төмөр замын маршрут хийж байна гээд хөөрхий авто замынхан баахан гүйсэн шиг байна билээ. Тэднээс илүү хийлгэж байгаа хүмүүсийг нь буруутгамаар байгаа юм. Яагаад гэвэл газрынхаа хэвгийг хараад яг л авто замын маршрут гаргаж байгаа юм шиг явчихсан. Гэтэл төмөр замд авто замынх шиг маршрут хэзээ ч хийгддэггүй. Төмөр зам хэзээ үр ашигтай байдаг вэ гэхээр аль болох шулуун л явах хэрэгтэй. Тийм учраас дов толгод таарвал сэтлээд, уул таарвал нүхлээд явдаг. Тэр сэтлээд, нүхлээд байгаагийн цаана ямар утга байна вэ гэхээр төмөр зам үр ашигтай байх тухай. Өнөөдөр Монголын төмөр зам яагаад ингэж олон мушгирсан бэ гэхээр анх барихдаа газрынхаа хэвгийг хараад маршрутаа гаргачихсан учраас тэр. Мушгирсан зам дээр хурд авч, том ачааг зөөж болдоггүй. Тиймээс Улаанбаатар төмөр зам галт тэргээ цагт 37 км-ын хурдтай л явуулдаг. Мушгирч байгаа болгон дээр төмөр зам элэгддэг учраас жил бүр солих хэрэгтэй болно. Бараг шинэ төмөр зам барих дайны ажил болно. Тиймээс төмөр зам ашигтай ажиллаж чаддаггүй. Тэгэхээр тийм стандартаар төмөр зам тавьж болохгүй. Жишээлбэл, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тэр их мөнгө үрж хийсэн маршрут төмөр замын зураг хийдэг мэргэжлийн компанийн шаардлага хангахгүй. Тэгэхээр алдаатай бодлогоос учирсан хохирол гэвэл хуулсан 100 км хөрс, зарлагадсан таван тэрбум төгрөг, Монголын 30 гаруй компанийн эх оронч сэтгэлгээг нь хөөргөж байгаад тэдэнд хохирол учруулчихсан. Тэдний хийсэн 30 гаруй тэрбум төгрөгийн ажлын зардлыг хэн ч төлөөгүй. Арав гаруй тэрбум төгрөг гадны зөвлөхөд төлчихсөн. Ийм л алдаатай зүйл яваад байгаа юм. Энэ бол өнгөрсөн дөрвөн жилд болсон ажил. Одоо энэ бодлого цааш үргэлжлэх юм бол 40, 50 тэрбум төгрөг битгий хэл дахиад дээр нь бондын 400 сая ам.долларыг алдах гээд байна. Тэгэхээр үүнийг буруу гэдгийг л хэлж байгаа юм.

-Энэ үл бүтэх ажлуудад ер нь хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ?

-Хариуцлага хүлээх эзэд нь өөрсдөө бэлэн байгаа шүү дээ. Тухайн үед Зам тээврийн сайд байсан Х.Баттулга, дэд нь байсан А.Гансүх байна. Мөн “Монголын төмөр зам” гэж манаргаж явсан Х.Баттулгын бие хамгаалагч Батзаяа байна. Энэ хүмүүсийн л хийсэн ажил шүү дээ.

-Өнгөрсөн жил Х.Баттулга сайд, Ц.Нямдорж гишүүнтэй төмөр замтай холбоотой нууц гэрээний асуудлаар маргаад байсан. Энэ маргаан өнөөдрийн асуудалтай ямар нэг сэжмээр холбогдох уу?

-Холбогдохоор л юм билээ. Ц.Нямдорж сайдын саяхан өгсөн ярилцлагыг уншсан. Үнэн юм хэлсэн байна билээ. Х.Баттулга сайд “Тавантолгойд оруулна та нар төмөр зам барь” гээд Оростой, А.Гансүх сайд нь болохоор Хятадтай, Батзаяа нь Солонгостой гэрээ хийгээд аль аль нь хэрэгжүүлээгүй. Ингээд баахан будлиан хутгачихсан юм байна. Гадаад бодлого, төрийн ажилд хандаж байгаа хандлагууд нь үнэхээр хачин. Үүнийг Нямдорж сайд хэлсэн байсан. Тэр тухай бүр нарийн зүйлийг ярих юм бол ичмээр.

-Өнгөрсөн хугацаанд ер нь Монголын төмөр зам компани хэний бодлогоор явж ирсэн бэ?

-Компанийг буруутгаад яах вэ. Ер нь Монгол Улс төмөр замын өөрийн үндэсний чадавхиа үүсгэх гээд их хэцүү замаар явж байгаа. Эхлээд Улаанбаатар төмөр зам гээд Орос, Монголын хамтарсан компанид хамаг толгойгоо мэдүүлчихсэн. Бүгдийг нь оросууд мэддэг байсан. Тэгээд дараа нь Төмөр замын удирдах газар гээд төрийн агентлаг байгуулах оролдлого хийсэн. Төмөр замын удирдах газрыг Да.Ганболд гэж сайн улстөрч удирдаад нэг хэсэг явуулах гэж оролдсон. Гэсэн ч дэмжлэг байхгүй, байгууллага устаад алга болсон. “Монголын төмөр зам” гээд компани байгуулсан. Үндэсний чадавхи бий болгох гэж буй эдгээр оролдлогыг огт буруутгахгүй байна. Гэхдээ асуудлаа мэддэг хүмүүс удирдаж байсан бол арай илүү амжилтад хүрэх байсан. Харамсалтай нь тэгж чадсангүй.

-Таныг ажил авахад данс нь улайсан, нэлээд өртэй байсан гэж сонссон?

-Одоо ч өртэй. Манайхан их итгэмтгий. Би хааяа боддог юм. Ер нь монголчууд тэнгэрийн хүмүүс юм гэж. Бид ч өөрсдийгөө тэнгэрийн хүмүүс гэх дуртай. Гэхдээ тэнгэрийн хүмүүс чинь мөрөөдөлд их автамтгай байдаг шиг байна. Төмөр замын том төсөл гээд Америкийн “Маккензи” компанийг гуйж хийлгэсэн. Түүндээ баахан мөнгө төлчихсөн. Төлөхдөө ХААН банкнаас зээл авсан. Одоо “Монголын төмөр зам” ХААН банкинд зургаан сая ам.долларын өртэй. Тэгээд тэр хийсэн ажлыг нь хэн ч хүлээж аваагүй. Хүлээж авах, тэнд үнэлгээ өгөх эзэн байхгүй. Би энэ байгууллагад ирээд “Маккензи”-ийн төслийг үзсэн. Үнэхээр шаардлага хангахгүй байсан. Тэнд ямар ч эрсдлийн шинжилгээ байгаагүй. Орос, Хятадын төмөр замтай нийлж байж л бид далайн боомтод хүрнэ. Гэтэл Орос, Хятадын төмөр замын хөгжлийн төлөвлөлттэй ямар ч уялдаа байхгүй. Зүгээр л монголчуудын мөрөөдөлд тааруулаад биччихсэн юм байна билээ. Өрийн хувьд ний нуугүй хэлэхэд би түүнд анхаарал хандуулаагүй. Шинэ төслийг зөв эхлүүлчих юмсан гэдэгт л анхаарсан. Энэ асуудлаа нухсаар байгаад санал болгоод тавьсан. Харин тэр маань хуучин ажиллаж байсан хүмүүсийн бодлоготой зөрчилдсөн.

-Таны ярьж буй төмөр замын асуудал Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийн ярьж байгаагийн аль аль нь ашигтай гэж Ерөнхий сайд ярьсан. Харин таны ярьж буйгаар Х.Баттулга сайд нарын хувилбар ашиггүй бололтой?

-Би тэнд байгаа материалуудыг мэднэ, бүгдийг нь үзсэн. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд хийгдсэн төсөл олон улсын санхүүгийн зах зээл дээрээс, банкуудаас гэхчилэн өөрөө үлдсэн мөнгөө босгоод аваад явчих цор ганц ашигтай төсөл. Зүүн тийш явж буй 1800 км замын төсөл бол мөрөөдлийн төсөл, дахиад судалгааг нь гүнзгийрүүлэх шаардлагатай. Тэнд ашгийн тухай асуудал ерөөсөө байхгүй. Ер нь сэтгүүлчид асуучих нь зүйтэй юм. Энхсайхан урагшаа чиглэж буй төмөр замын төслийг ашигтай, 8.2 жилийн дотор оруулсан хөрөнгө оруулалтаа нөхнө гээд байна. Та бүгдийн зүүн тийшээ явах 1800 км төмөр зам хэзээ үр ашгаа өгөх юм бэ гээд. Нэг ч хариулт олдохгүй. Зүгээр л дүйвээсэн, төөрөгдүүлсэн ойлголт дотор дэмий л зүйл хийх гээд байна.

БИД Ч ГЭСЭН ТЭГВЭЛ УЛС ТӨРИЙГ ӨӨРӨӨР ХАРНА

-Таны харж буйгаар Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор хэзээ ашиглалтад орох, ажил хэрэг болох магадлалтай вэ?

-Уг нь надад хамаарахгүй асуудал л даа. Би төмөр замаа л ярих ёстой. Гэхдээ нэг зүйл хэлэхэд Сайншандад өнөөдөр байгаа орон сууцнууд доошоо суулттай, хана нь цууралт өгсөн гэсэн мэдээлэл байдаг. Нутгийн иргэд нь ч хэлэх байх. Ер нь Сайншанд хавиас Улаанбаатар төмөр замын урагш явж буй нэвтрүүлэх чадал эрс унадаг. Яагаад гэхээр өндөр ачаалалтай галт тэрэг явахад хэцүү. Учир нь тухайн үед оросууд өрөмдлөг хийж байхад 250 м-ээс доош өрөмдөөд бул чулуу олоогүй гэдэг. Бас хувийнхан Сайншандад барилга барих гээд 60, 70 м өрөмдөөд бул чулуу олсонгүй гэж байсан. Тэгвэл тэнд том том үйлдвэрийн цогцолбор барьж чадах уу, тэд нар. Барилаа гэхэд асар их мөнгө зарцуулна. Хэцүү технологиор барина. Тэгэхээр энд судалгаа хийх хэрэгтэй. Судлаагүй зүйл дээр юм хийнэ гэж манаргаж болох уу. Түүнээс гадна Сайншандад ус байна уу, үгүй юу. Америкийн “Бектель” компани Сайншандын төслийг хийсэн. Түүнд бас Х.Баттулга сайд 2.5 саяыг төлчихсөн юм байна билээ. Гэхдээ хувиасаа биш. Дандаа улсын мөнгөнөөс төлж байгаа. Нөгөө “Бектель” нь Сайншандын аж үйлдвэрийн паркийг хогийн хонхорт нь төлөвлөчихсөн. Яагаад гэсэн чинь орон нутгийнх нь ноёд газар олгохдоо хогийн хонхроо заагаад өгчихсөн. Энэ нь эргэн тойрны газраасаа илүү хонхор. Тэгэхээр үнэхээр тэнд үйлдвэр барилаа гэхэд галт тэрэг хонхор руу орж юмыг нь зөөх үү. Төмөр зам талаасаа тохирохгүй болчихож байгаа юм. Тэгэхээр бүх асуудал түүхий, цааш үргэлжлүүлж судлах хэрэгтэй ийм л түвшинд байна. Шулуухан хэлэхэд эдийн засгийн алуурчдын л хийдэг ажил шүү дээ. Бид тэр мөрөөдөлд орчихсон явж байгаа том том алдаануудыг хийх нь тэндээс эх үүсвэртэй юм биш биз дээ гэж болгоомжилж харах хэрэгтэй. Үүнийг л шаардаад байгаа юм. Би саналаа Х.Баттулга сайдад тулгаад байхгүй. Зүгээр л миний ярьж байгааг няцаах үндэслэл байна уу. Тэгвэл хамаагүй няцаа л даа. Няцаах үндэслэл байхгүй. Би шинжлэх ухаан л ярьж байгаа.

-Ер нь таны ярьж буй үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байлаа гээд “Шударга ёс” эвсэл ямар нэг үйлдэл хийх болов уу?

-Бондыг салхинд хийсгэх үү, нийгэмд ашигтай ашиглах уу гэдэг үндэсний эрх ашгийн асуудал. Тэгэхээр үндэсний эрх ашгийг уландаа гишгэсэн ийм шийдвэр энэ Засгийн газар битгий гаргаасай л гэж бодож байна. Хэрэв Засгийн газар дотоод бизнесийнхээ мөнгө төгрөг угаадаг, иддэг энэ эрх ашгаа давж чадахгүй тийм шийд гаргавал өөрсдөө ялд унасантай ижил шүү гэж би хэлж байгаа юм. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бид ч гэсэн тэгвэл улс төрийг өөрөөр харна л гэж хэлэх гээд байна.

-1.5 тэрбум ам.долларыг Монгол Улс олон улсын санхүүгийн зах зээл дээр амжилттай босгож чадлаа. Энэ нь ололт гэж баярлаж харж буй хүн олон. Гэтэл бондын мөнгөөр санхүүжүүлэх төслүүд нь тодорхой болоогүй гэсэн шүүмжлэл дагаж байна. Та ер нь бондтой холбоотой өрнөж буй үйл явдалд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Бондыг зөв харах хэрэгтэй. Бонд бол манай хэдэн дарга нарын гавьяагаар босчихоод байгаа зүйл биш. Ер нь дэлхийд болж буй үйл явдлыг өргөн харах хэрэгтэй. Ялангуяа, 2008 оноос хойш дэлхийд санхүүгийн хямралаас гарахын тулд уламжлалт биш аргуудыг хэрэглээд байгаа юм. Уламжлалт биш гэдэг нь хэвлэлийн машин ажиллуулаад мөнгө үйлдвэрлэх арга. Үүнийгээ юу гэж хэлдэг вэ гэхээр кунттизм гэж хөтөлбөр хэрэгжүүлж байна гэдэг. Түүний нэг, хоёрдугаар хөтөлбөр нь хэрэгжчихсэн. Нөлөө нь арай бага байсан. Гуравдугаарх нь 2012 оны есдүгээр сараас хэрэгжсэн. Сар болгон том банкуудын 40 тэрбум ам.долларын муу зээлүүдийг худалдаж авч байгаа юм. Тэгэхээр тэд бас мөнгөө байршуулах хэрэг гарна аа даа. Мөнгөө байршуулах гэхээр сайн төсөл олдохгүй. Тийм учраас бусад орны Засгийн гарын бондуудыг худалдаж авч байгаа юм. Өөрөөр хэлбэл, бонд бүтэмжтэй байгаа шалтгаан нь бидний сайнд биш дэлхий ертөнц өөрөө ийм бодлого явуулаад байгаа. Энэ бондыг зөв ашиглаж чадвал монголчууд бид азтай. Буруу ашиглавал түүн шиг том хохирол байхгүй.

-Магадгүй энэ мөнгийг үр ашиггүй зарцуулчихвал яах вэ. Биднийг ямар ирээдүй хүлээж байна?

-Том орд газруудаа ээлж дараатай хүнд өгнө шүү дээ. Өртэй юм чинь

-Ер нь бид уул уурхайн баялгаараа дэлхийд 10-т жагсч байна гээд л байдаг. Гэтэл бид тэр их баялгийнхаа үр шимийг хүртэж чадахгүй бол баялгийн хараалыг тойрч чадах уу?

-Баялгийн хараал гэдэг үгэнд би их болгоомжтой ханддаг. Баялагтай улс орон бүр хараалд өртөөд ядуурдаг гэвэл худлаа шүү дээ. Өөрсдийнхөө бодлогоор биш хүнийхээр явчихаар л буруутаж байгаа юм. Тэгэхээр баялгийн хараал гэдгээр айлгаж далайлгачихаад үндэснийх нь бодлого биш өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлэх нь гадны том компаниудын хийдэг ажил. Тэгэхээр баялгийн хараалд өртөнө гэж битгий ай. Өөрөө өөрийнхөө баялгийг мэддэг хэмжээнд төрийн бодлогоо авч яв. Ер нь болж буй том үзэгдлийг харах юм бол байгалийн баялгийн төлөө дэлхий даяар тэмцэл өрнөж байна. Африкийн хувьсгалууд, хамгийн сүүлд Малид болсон үйл явдал гээд дандаа баялаг булаацалдаж буй. Яг энэ үзэгдэл Монголд болж байна. Бид үүнийг харж үүний эсрэг үндэсний бодлого босгож чадахгүй бол яг л энэ үзэгдэл рүү гулгаж орно. Би битгий тэгээсэй гэж л үүнийг олон дахин яриад байна. Одоо бид яг энэ зам руу орох гээд байна. Тэгвэл Оюутолгойгоос нэг хэсэгтээ ашиг хүртэхгүй юм байна. Тавантолгойг бараг л тавиад туучих шахлаа. Дээр нь төмөр зам гэж ярьж байгаад талаар нэг тараасан мөнгөө үрээд бондод орлоо. Өрөнд орох тусам бид өөрсдөө хяналт тогтоож чадахгүй болно. Энэ бүгдийг цэгцтэй томоор нь харчихаад дараа нь энэ асуудлуудаа буулгаад ирэхээр төмөр замын асуудал ч гэсэн ойлгогдох юм.

ЭХЛЭЭД МӨНГИЙГ ШАШИН МЭТ ШҮТДЭГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ

-Улстөрчид муу ажиллаж байна гэж ойлгож болох уу. Та ярьж байсан даа, Монголын улс төрд гадны нөлөө их байна гэж.
-Гадны нөлөө шууд ороод ирчихсэн. Нэг үг бий. Утгыг нь хэлэхэд нэг хэсэг мөнгө идье гэвэл хоорондоо бүлэглэ. Бүх улсаар нь ховх сорьё гэвэл хуульд нь ороод суучих гэж байгаа юм. Түүнтэй адил манай урьд өмнө нь гаргасан УИХ, ялангуяа МАН-ын засаглал байх үед гаргасан шийдвэрүүд дотор гадны бодлогууд орж ирээд суучихсан. Улсаар нь цөлмөх бодлого ороод ирсэн. Түүний нэг жишээ нь төмөр замын бодлого. Түүнийг олж харж чадахгүй бол дампуурна.

-Тэгэхээр бид хуульд орж ирсэн гадны нөлөөллөөс яаж салах вэ?

-Олон зүйл ярих хэрэгтэй болно. Эхлээд мөнгийг шашин мэт шүтдэгээ болих хэрэгтэй. Мөнгөний хойноос үхэн хатан улайрдаг хандлагаа зогсоомоор байна. Гадныхан хэлбэл үнэн, монгол хүн хэлэхээр худлаа болчихдог буруу ойлголтоо больчихмоор байна. Манайд сайн эрдэмтэн, инженерүүд зөндөө бий. Гэтэл тэдний үг юу ч биш болчихсон байна. Хөндлөнгийн нэг шар толгойт ирээд юм хэлэхээр үнэн гэж ойлгодог болж. Ний нуугүй хэлэхэд хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн гадныхныг сайн хэлдэг өөрсдийнхөө зүйлд олигтой анхаарал хандуулахгүй байна. Манайд төрийн бус байгууллага нэртэй гадны төрийн байгууллагууд ороод ирчихсэн байна. Ер нь төрийн бус байгууллага гэж ямар нэр байдаг юм. Аль нэг төрд үйлчилж л таараа шүү дээ. Аль нэг төрийн бодлогод үйлчилдэггүй төрийн бус байгууллага гэж бий юу. Монголд 7000 төрийн бус байгууллага бий. Эдгээр нь Монгол төрд үйлчлээд байна уу гадныханд үйлчлээд байна уу гэдгийг ялгаж салгаж харах хэрэгтэй. Монгол өөрөө өөрийгөө аваад явдаг үзэл суртал байна уу үгүй юу. Монголд өөрийн гэсэн монгол үзэл суртал байна уу. Эсвэл бид социализм, либерализм ярьсан хэвээрээ глобал ертөнцийн иргэд гээд Монголын иргэн биш юм шиг яриад байдгаа хэзээ болих юм гээд олон асуудал бий. Бүгдийг нь хөндөхөд хэцүү.

-Таны түүхийг харахаар Ерөнхий сайд хийж байсан, Ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшиж байсан. Ардчилсан хүчнийг анх удаа ялалтад хүргэж байсан гээд олон сайхан зүйл бий. Гэтэл таныг үеийн тань улс төрчидтэй харьцуулахад дагагч цөөтэй юм уу гэж харагддаг?

-Хуучин хэллэгээр болчих байх л даа. Бидэнд өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үйлдвэр аж ахуйн газар, мөнгөний сонирхол байхгүй. Нэг хэсэг хүмүүс нь ийм байгаа. Би тэдний л нэг. Тиймээс би энд дэмжлэг байхгүй, дагадаг хүн цөөхөн гэж нэг их бодохгүй байна. Бидний боддог сэтгэдэг арга өөр. Тийм хүн олон бий.


Д.ХАЛИУН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.11.74) 2014 оны 06 сарын 05

Энэ хүний хэлсэн ярьсныг Монгол төр маш сайн тэмдэглэж хадгалах хэрэгтэй. Учир нь Монгол төрийн төлөө зүтгэж буй хүмүүсээс хамгийн холыг хардагт оршино.

0  |  0
Top