“Эрдэнэс Тавантолгой”-г эрүүлжүүлэх үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 17

 “Эрдэнэс Тавантолгой”-г аврах төлөвлөгөөг Засгийн нөхдүүд сэдэж суугаа гэж найдна. Улсын эдийн засагт өнгө нэмэх учиртай эл компанийг улстөрчид өөрсдөө л ийм байдалд хүргэсэн тул эцсийн дүндээ улстөрчид л засч залруулаад өөд нь татах ёстой. Мэдээж Монголын нүүрсний экспорт Хятадаас онцгой хамаарах нь үнэн ч алдагдалгүй тохиролцоог хийх нь төрийн үүрэг гэхэд болно. Гэтэл манай төр дотооддоо эзлэн түрэмгийллийн чанартай давшилтууд хийж,  “жижиг” Тавантолгойнхоо газрыг булааж аваад эзэн шиг хандлага гаргаад чадаад байдаг хэрнээ хөрш хятадуудтай харилцахаараа дэндүү өчүүхэн загначих гээд байдаг нь Эрдэнэс Тавантолгой, Чалко хоёрын тохиролцооноос харагддаг.

Ямартай ч энэ компанийг төдийгөөс өдийг хүргэхдээ харалган авч явсан. Жишээ нь, өнгөрсөн хугацаанд өндөр үнээр авсан техник хэрэгслүүд нь шаардлага хангах нь ховор. Таван тэрбум төгрөгөөр  авсан дугуйных нь 3,6 тэрбум төгрөгийн дугуй нь ашиглах боломжгүй хог дээр хаягдах жишээтэй. Тус бүр нь 160 сая төгрөг буюу нийтдээ 1,6 тэрбум төгрөгийн өртөгтэй хүнд даацын 10 машин авсан нь стандартын шаардлага хангахгүйн улмаас оператор компани Macmahon-ыхонд гологдож ч байх шиг.

 Энэмэтчилэн аваад үзэхэд Эрдэнэс Тавантолгойтой холбоотой хуудуутай зүйл цөөнгүй. Бүр Засгийн тэргүүний нэр сүр ч холбогдоод л явж байх юм. Тодруулбал, тус компанийн уурхайн олборлолтын хамгийн чухал хэсэг болох тэсэлгээний ажлыг гүйцэтгүүлэхээр  туршлагагүй, материаллаг бааз, техник технологи, мэргэжлийн боловсон хүчингүй  Blast Manufacturing Group-ийг сонгож, гэрээ байгуулахыг дээрээс тулган шаардаад байна гэх мэдээлэл гарах болсны ард Ерөнхий сайдын нэр байсан.

Blast Manufacturing Group гэх компани нь  Монгол улсын Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.4, 7.1.5, 7.1.6, 8.1.2, 10.1.1, 11.1.1, 11.1.2 зэрэг олон зүйл заалтыг зөрчиж,  Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тавигдах шаардлагуудыг бүрэн  хангаж чадаагүй гэх зүйлийг Тэсэлгээний салбарт ажиллаж байгаа мэргэжлийн инженерүүд нотолдог аж. Гэтэл чадавхигүй компанийг оруулж ирэх асуудал яригдах болсных нь араас лавшруулан сонирхоход тус компанийн нэг хөрөнгө оруулагч нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болох Гантөмөрийн Сүхбуян гэгч болох талаар яригдах болсон. Тэрээр Эрдэнэс Тавантолгой уурхайд ажиллаж байхдаа Цогтцэций сумын нутагт олон уурхайн уулзвар хэсэгт газар авч, Тэсрэх материалын үйлдвэр байгуулах газрын байршил тогтоосон захирамжийг Өмнөговь аймгийн Засаг дарга н.Бадраагаар хууль бусаар  гаргуулж авч чадсан гэх мэдээлэл гарч байсан юм. Харин Blast Manufacturing Group-ийн 45 хувийг эзэмшигч, хөрөнгө оруулагч нь бас л  Ерөнхий сайдын хамаатан болох Басан овогтой Самбуу гэгч байдаг бол гурав дахь хөрөнгө оруулагч нь АН-ын угшилтай Батбаяр овогтой Магсаржав гэгч  байдаг талаар эх сурвалжууд дэлгэсэн.

 Тэгэхээр ийм маягаар улстөрчидтэй шууд нэр холбогддог “Эрдэнэс Тавантолгой”-г эрүүлжүүлэх үүргийг улстөрчид биелүүлж чадах эсэхэд  дүүрэн итгэх боломж хэцүү л юм.

Б.Итгэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top