УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сайн байна уу? Миний хань, шинэ хүн хоёр минь

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

Гайхалтай. УИХ-ын гишүүн Ж.Батзандан дөнгөж төрсөн хүүдээ захидал илгээжээ. Уг нь ах эгч нарыг нь төрөхөд дандаа хамт байдаг байсан ч энэ удаа мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ФАТФ-ын хуралд явсан хойгуур эхнэр нь төрж хүү нь мэндэлсэн шүү гэдгийг тодотгож өгчээ. Гэхдээ харийн улсыг зорихоосоо өмнө эзгүй хойгуур эхнэр төрөх нь гэдгийг мэдэж байсан ч эх барьж авсан эмч нь санаа зоволтгүй хэмээн явуулж. Түүнийг онгоцноосоо буугаагүй байхад нь хүү мэндэлсэн баярт мэдээ түгж, хамт явсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан онгоцон дотор Цагаан шүхэрт уншиж эрүүл энхийг нь бурхандаа даатгасан хэмээн хүүдээ илгээсэн захидалдаа дурьджээ. Тэрбээр хүүдээ ангийн андынхаа Жавхлан нэрийг өгч буйгаа ч хэлжээ. Шинэ хүнээ ардчилал ялсан, их хувилгаан Егүзэр хутагт гуайн хөшөөг залсан, могой жилийн шинийн найманд соёолон морио хол түрүүлгэн ирсэн хүү Б.Жавхландаа энэ хорвоо дэлхийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ЕрөөЕ. Aaв нь хүүгээ алдарт Парисаас үнсэж байна хэмээн хүүгээ эрхлүүлээд амжсан бол гэргийгээ "магтахаа" мартсангүй. Тэр дөнгөж төрсөн хүүдээ ээжийнх нь талаар "Чиний ээж агуу эмэгтэй юмаа" хэмээн "танилцуулжээ". 

Ингээд УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн захидлыг хүргэе.

Сайн байна уу? Миний хань, шинэ хүн хоёр минь.

Хүү төрсөн тухай мэдээг сонсоод өөрийн эрхгvй баярлаж байна. Би сайн явж ирлээ. Агуу Франц орноос, алдарт Эйфэлийн цамхагын хажуугаас хүүдээ нэр хайрлахаар бодож байна. Ардчилал ялсан, соёолон түрүүлсэн жил, аавыгаа Жавхлан анд, Лүндээжанцан гишүүн хоёртой Парист мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ФАТФ-ын хуралд ирсэн өдер чи төрлөө.

Аавын ёсоор хүүдээ нэр хайрлахаар сууж байна.

Батзандангийн Явуу
Батзандангийн Манлай
Батзандангийн Жавхлан
Батзандангийн Ялалт гэдэг нэрүүд толгойд орж ирлээ.

Эцэст нь ямагт жавхаа, хийморьтой байхыг билэгдэж Жавхлан гэдэг нэрийг аав нь өглөө. Энэ хурлыг зохион байгуулж буй Монгол Банкны дэд ерөнхийлегч, аавынх нь ангийн анд Жавхлан ах нь бас баярлах байх. Энэ хурлын үр дvнд Монголчууд хожино гэдэгт аав нь итгэлтэй байна. Цөөнх нь баяждаг бус олонхи нь хождог эдийн засаг, санхүүгийн шудрага тогтолцооны тухай энд яригдаж байна.

Ах, эгч нарыг нь төрөх үeд аав нь дандаа ээжийнх нь дэргэд байсан. Харин энэ удаа Парист ирээд хүүдээ нэр хайрлахаар их зохиолч Л.Тvдэв гуайн бичсэн нэр хайрлах ёсны тухай нийтлэлийг уншлаа. Найз нөхдvvд маань надад хүүтэй болсонд баяр хүргэж message ирvvлсээр байна. Мөн твиттер дээр аавын чинь найз Э.Батбаяр ах чинь чамайг төрсөн тухай мэдээ тавьжээ. Хүмүүc баяр хvргэж байна лээ.

Ээжийнх нь хувьд 4 дэх төрөлт учраас хийсвэр хийж төрлөө. Бие нь сайн байгаа дуулдана. Эх баригч эмч Цэрэнсамбуу (ах Амар, эгч Бүжин хоёрыг чинь эх барьж авсан) аавыг чинь Франц руу яваад ир, эх хүү хоёрт бүү санаа зов гэж зөвлөсөн учраас би энд ирээд байна.

Өвөөгийн чинь нутгийн дүү УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ах чинь Улаанбаатараас-Парис орох замд онгоцон дотор эх, хүү хоёрын эрүүл мэндийн төлөө Цагаан Шүхэрт хэмээх номыг олон удаа уншсан. Тэрээр агуу их шүтлэг бишрэлтэй хvн.

Би хэдий эзгүй ч аавын чинь найзууд чамайг ээжтэй чинь хамт эмнэлгээс гаргаж гэрт чинь хүргэж өгөх болно. Эмээ чинь, Эмээзээ эгч, Бүжин аниа, Амар ах дөрөв чинь чамайг хүлээж байгаа. Тэд чамайг үргэлж хайрлах болно.

Аав нь удахгүй очно.

Aрдчилал ялсан, их хувилгаан Егүзэр хутагт гуайн хөшөөг залсан, могой жилийн шинийн найманд соёолон морио хол түрүүлгэн ирсэн хүү Б.Жавхландаа энэ хорвоо дэлхийн хамгийн сайн сайхан бvхнийг хvсэн ЕрөөЕ.

Aaв нь хүүгээ алдарт Парисаас үнсэж байна. Чиний ээж агуу эмэгтэй юмаа.

Удахгүй уулзацгаая.

Парис 2013-02-18

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top