Газрын тосны үйлдвэр барих чигллээр сайд нарт үүрэг өглөө

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 23

 

Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гаргаж, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго бүхий шийдвэрийг  Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн сард гаргасан. Дархан-Уул аймагт жилд 2 сая тн газрын тос боловсруулах хүчин чадалтай, төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийг барьж байгуулах ажлыг 2015 онд багтаан дуусгах арга хэмжээг авч ажиллахыг Уул уурхайн сайдад, Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах зээлийн хэлэлцээрийг Японы холбогдох банктай энэ оны хоёрдугаар сард багтаан хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад үүрэг болголоо. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Дархан-Газрын тос үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай асуудлаар Японы Олон Улсын Хамтын ажиллагааны банктай зээлийн хэлэлцээ хийх, Засгийн газрын Зээлийн баталгаа гаргах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт, төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгүүлэх, Японы талтай зөвшилцөх арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт даалгалаа.

Үйлдвэрийг түлхүүр гардуулах нөхцөлөөр Японы “Тоёо инженеринг” корпораци хамгийн сүүлийн үеийн технологиор, Монголын туслан гүйцэтгэгч компаниудын оролцоотой барьж байгуулна. Тус үйлдвэр нь бензин шатахууны өнөөгийн үнийг 6-8 хувиар хямдруулсан нөхцөлөөр борлуулахад үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалтаа дөрвөн жилийн хугацаанд нөхөх боломжтой гэсэн тооцоог хийжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top