“Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт” байгууллагын баг Монголд ажиллана

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 27

Гадаад харилцааны сайд Л.Болд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Стратегийн бодлогын газрын дарга  Кристел Ван дер Элст-тэй уулзав.

Монгол Улсын хөгжлийн хэтийн төлөв, чиг хандлагыг Дэлхийн эдийн засгийн 2014 оны чуулга уулзалтаар тусгайлан хэлэлцүүлэхтэй холбогдуулан “Монголын хөгжлийн төлөв” төсөл хэрэгжүүлэх, энэ хүрээнд “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт ба Монгол Улсын стратегийн яриа хэлцээ” арга хэмжээг ирэх 9 дүгээр сард зохион байгуулах асуудлаар талууд санал солилцлоо.

Энэ оны 3 дугаар сарын 4-5-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Монголын эдийн засгийн чуулганы үеэр тус байгууллагын Стратегийн бодлогын баг манай улсад ажиллаж, улс төр, бизнес эрхлэгчид, судлаачид, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзан Монгол Улсын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаарх тэдний санал бодлыг сонсохоор төлөвлөж байгаагаа хатагтай Кристел Ван дер Элст танилцуулав. Энэхүү мэдээлэл, судалгаа нь Монгол Улсын хөгжлийн хэтийн төлөв, чиг хандлага илтгэлийн суурь болох юм.

Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагаа эрчимжиж, түншлэлийн хэмжээнд хүрч буйг сайд Л.Болд онцлоод, Монгол Улсын Засгийн газар улс орныхоо хөгжлийн асуудлыг Дэлхийн эдийн засгийн ирэх оны чуулга уулзалтаар хэлэлцүүлэхэд чухал ач холбогдол өгч байгааг сайд Л.Болд тэмдэглэн, “Монголын хөгжлийн төлөв” төслийн хэрэгжилтэд туслалцаа үзүүлж ажиллахаар болов. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top