Хүнс импортлогчдод шаардлага тавьж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 27

Хүнсний тухай болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон хүнс импортлогчдод тавигдах шаардлагыг ҮХААЯ-наас гаргасан байна. Ингээд шаардлагыг хүргэе.

Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд импортлох бөгөөд хувь хүн хүнсний бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд худалдаалах зорилгоор импортлохыг хориглоно.

Хүнс импортлогч нь өөрийн үйл ажиллагааныхаа талаар харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх төрийн байгууллагад мэдээлнэ.

Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлт Монгол Улсын болон олон улс, бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шаардлага хангасан байна.

Хүнс импортлогч нь импортлож буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хуулийн өмнө бүрэн хариуцаж, буруутай үйл ажиллагааныхаа улмаас учирсан хохирлыг барагдуулна.

Хүнс импортлогч нь экспортлогч улсын үйлдвэртэй шууд, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай худалдааны гэрээ байгуулсан байна.

Импортлох хүнс нь зохистой дадал, аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснийг баталгаажуулсан үйлдвэрийнх байна.

Хүнс импортлогч  нь импортлож буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг журмын дагуу хөтөлнө.

Хүнс импортлогч нь импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулын талаарх сэрэмжлүүлэг олон улсын мэдээллийн сүлжээгээр мэдээлэгдсэн тохиолдлолд хяналтын байгууллагын шийдвэрээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүнсний сүлжээнээс татан авах бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг бүрэн хариуцана.

Импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байна.

Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл монгол, эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн, Хүнсний тухай хуулийн шошгонд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна.

Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шошгон дээр нь заасан нөхцөлийн дагуу хадгална.

Стратегийн хүнсийг (малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны ус) импортлоход Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна.

Мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эхний удаа импортлох тохиолдолд түүний нэр, төрөл, бүс нутаг, улс, үйлдвэрлэгчийн нэрийг ачилт хийхээс 30-аас доошгүй хоногийн өмнө хяналтын байгууллагад урьдчилан мэдэгдэх бөгөөд хүнсний аюулгүй байдалд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч нь журамд нийцүүлэн импортын өмнөх эрсдэлийн үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд ачилтын өмнөх хяналт шалгалт хийнэ.

Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, нярай, бага насны хүүхдийн зориулсан  болон гадаадын зээл, тусламжаар авах хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох тохиолдолд ачилтын өмнөх хяналт шалгалтыг журмын дагуу хяналтын байгууллага хийнэ.

Импортлогч хуульд заасны дагуу бүртгүүлээгүй, олон улсад хэрэглэдэг таних тэмдэг, тэмдэглэгээгүй баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнс, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг импортлохыг хориглоно.

Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болон хуурамч хүнсний бүтээгдэхүүн импортлосон этгээдийг эрүүгийн харицлага хүлээлгэхээргүй бол  нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хэмжээнээс хэтрүүлэн стратегийн хүнс импортолсон хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөчөөс дөчин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого болон хүнсийг хураана.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top