Ноцтой үл тохирол гаргасан “Жөн Юан” ХХК-ийн итгэмжлэлийг цуцаллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

Стандартчилал, хэмжил зүйн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Итгэмжлэгдсэн эрдсийн түүхий эдийн лабораториудын үйл ажиллагаанд магадлан шалгалтыг явууллаа.

Магадлан шалгалтаар өөрийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтанд орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг итгэмжлэлийн байгууллагад ирүүлдэггүй, тохирлын үнэлгээг бодитой үнэн, зөв явуулах техникийн чадавхийг бүрдүүлээгүй, “Сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавигдах ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаж ажиллаагүй,  зэрэг зөрчил, үл тохирлууд илэрсэн байна.

Эдгээр зөрчил, үл тохирлуудыг арилгуулах талаар магадлан шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласаны зэрэгцээ “SGS Монгол” ХХК-ийн итгэмжлэлийг түдгэлзүүлэв.

Сорилт, шинжилгээний дүнг Хятад хэл дээр гаргадаг, итгэмжлэлийн байгууллагаас олгосон итгэмжлэлийн эрх, лабораторийн сорилтын хуудас, тэмдгийг хаана, юунд ашигладаг нь тодорхой бус байгаа нь НОЦТОЙ үл тохирол гаргасан “Жөн Юан” ХХК-ийн итгэмжлэлийг Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар цуцалсан байна.

Цаашид итгэмжлэлийн нэр хүндийг буруу ашиглах, шударга бус үйл ажиллагаа явуулах, хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг шаардлагыг хангаж ажилладаггүй итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудтай хатуу хариуцлага тооцож ажиллахыг Стандартчилал, хэмжил зүйн газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top