Монгол төгрөгийг чангалаад өгөөч гэхийн оронд..

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

Сүүлийн сар гаруйн хугацаанд Монголбанк валютын захад оролцсонгүй. Арилжааны банкуудаас ирүүлж байгаа саналуудыг харахад  ам.доллар, юань авах хүсэлт байгаа юм. Гэсэн ч Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар манайд орж ирснээс хойш төв банк  тэдний саналыг хүлээж авсангүйг харахад валютын зах тогтвортой, төгрөгийн ханш огцом хэлбэлзлийг үзэхгүй боломжийн байна гэж үзэж байгаа бололтой. Харин арилжааны банкуудын тухайд тэгж үзэхгүй байна.

Монголбанк дуудлага худалдаанд орж ирэхгүй, ямар нэг арилжаа хийгдэхгүй байгаатай холбоотойгоор ам.долларын арилжааны ханш чангарч 1402 төгрөгтэй тэнцээд байгааг ХХБ-ны Хөрөнгө зохицуулалтын газраас гаргадаг мэдээнд өгүүлсэн байна. Хамгийн сүүлийн байдлаар буюу 26-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1396.44-1397.51 төгрөгийн ханшаар ам.доллар, 223.50-224.01 төгрөгийн ханшаар юань тус тус худалдан авах санал ирүүлсэн ч,  Монголбанк арилжаанд оролцоогүй юм.

Харин өнөөдөр Монголбанкны албан ханшийг харахад 1 ам.доллар 1,401.31 төгрөгтэй тэнцүү байгаа бол Хаан банкны ханшийг харахад ам.долларыг авах үнэ 1396 төгрөг, худалдах үнэ         1410 төгрөг байна. Худалдаа хөгжлийн банкны ханшийн мэдээллийг харахад ам.долларыг бэлэн бусаар авах ханш 1,389 төгрөг, зарах ханш  1,407 төгрөг, бэлэн бусаар авах ханш  1,390 төгрөг, зарах ханш  1,409 төгрөг байна.

Тэгэхээр өнөөдрийн ханшийг  сүүлийн хоёр сарын хугацаан дахь ханшийн өөрчлөлттэй харьцуулбал төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтвортой талдаа байна гэж болох ч, монгол төгрөг арваннэгэн оны сүүлээс арванхоёр оны эхэн хүртэл ам.долларын эсрэг 200 төгрөгөөр сулраад, сулраад  1400 төгрөг давж байсан гээд харьцуулахаар ерөнхийдөө  ханш ийм байдлаар тогтож байгаа харагдана. Уншигч та санаж буй бол монгол төгрөгийн ам.доллартай харьцах  ханшийг огцом өсөлтийн өмнөх түвшинд хүргэх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Монгол банк ажиллаад, ажиллаад 1340 төгрөг рүү буулгасан үр дүнтэй сууж байсан билээ. Ямартай ч Дэлхийн банкны зүгээс манайд зөвлөхдөө ам.долларын ханшийг чангаруулахад нөлөөлж байгаа хөрөнгийн гадагшлах урсгалыг барихын тулд төгрөг, ам. долларын данс хооронд  чөлөөтэй хөрвүүлэг хийгддэг байдлыг зохицуулахын тулд банкны системийг бэхжүүлэх чиглэлээр макро зохистой арга хэмжээ авах ёстой гэсэн байгаа.

Судлаачдын дүгнэлтийг харахад төгрөгийн ханш сүүлийн хоёр жилд суларсан үзүүлэлттэй байгаа нь инфляци дотоодод өндөр байгаа, түүхий эдийн үнэ буурсантай холбоотой гэж буй. Тэгвэл нөгөө талд зарим эдийн засагчид өөр зүйлийг ч ярьдаг. Тэр нь монгол төгрөг сулрах тухай  биш харин чангарч ирсэн талаар.. Тухайлбал, сүүлийн жилүүдэд манай улсын уул уурхайгаас шууд хамаарсан орлого ихээхэн өсч, валютын дотогшлох урсгал ч нэмэгдээд ирсэн нь үндэсний валют төгрөгийн ханш чангарах үзэгдлийг  2007 оноос эхлэн дуудсанаас харагдана гэж буй. Гол нь ханш сулрахад сөрөг үр дагавар дагадагтай адил чангарахад ч сөрөг үзэгдлүүд эдийн засагт тухлаад авдаг. Тодруулбал, гаднаас орж ирсэн хөрөнгө санхүүжилт үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар руу төвлөрч, аж үйлдвэрийн салбарын хөгжлийг хойш чангаадаг. Харин аж үйлдвэрийн салбар нь экспортод чиглэсэн байх юм бол үндэсний валют чангарчихаар дотоодын зардал нэмэгддэг. Улмаар гадагшаа гаргах бүтээгдхүүний үнэ өндөр болж хувирдаг. Бусад оронтой өрсөлдөх чадварын хувьд муу болохын зэрэгцээ үнийн хөөрөгдөл бий болж, иргэдийн нуруун дээрээс инфляци дарж эхэлдэг. Харин улстөрчид  нь төсвийн зардлаа нэмээд, инфляци өндөр байхад банкуудын зээлийн хүү буух боломжгүй бол, эргээд аж үйлдвэрийн салбартаа дэм үзүүлэх боломжгүй болдог гэхчлэн гинжин хамааралтай процесс үргэлжилдэг аж.

Тэгэхээр монгол төгрөгийн ханш сулраад байна чангалаад өгөөч гэж уулгалаад байх нь асуудлын гол биш. Ер нь тэнцвэрийг олох нь чухал байх нь..

Э.Болорхажид

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top