Ашиг орлогоороо өнөө хэр нь тэргүүлж буй “Ану хатан” түүхэн сэдэвт уран сайхны киноны Галданбошигт хааны дүрд жүжигчин М.Мягмар тун сайн тоглосон хэмээн үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Уран бүтээлчид нь Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялааж, үзэгчдэдээ зургийн цомог бүхий хуанлигаар бэлэг барьсан тус киног тойрсон сонин хачин үүгээр дуусахгүй нь бололтой. Энэ сарын 14-нд жүжигчин М.Мягмар анхны үрийнхээ зулайг үнэрлэж, баярт мэдээгээ найз нөхөддөө хуваалцсан. 3,600 кг хүүтэй болсон авьяаслаг залуу удам залгах үртэй болсондоо хөл нь газар хүрэхгүй шахам баяртай яваа аж. Тиймдээ ч өөрийнхөө фэйсбүүк хуудсаар дамжуулан хайртай хань, нялх үрдээ зориулсан чин сэтгэлийн үгээ захидал болгон тэрлэжээ. Үзэгч олноо “Ану хатан” киноны Галданбошигт хааны дүрээр танил болсон жүжигчин М.Мягмарын сэтгэлийг захидалд:
“Амьтай бүхэн цэцэглэн дэлгэрч, урин цагийн илрэл болсон хаврын дунд сарын эхэн өдрүүд... Гадаа гудамжинд өвлийн турш бээрч бөхийсөн модны нүцгэн мөчрүүд гэрэлт нар өөд өндийн тэмүүлнэ. Хүн малын зоо тэнийсэн энэ л урин дулааны айсуй цагт бид бүгд дуртай. Хорвоо ертөнцийн эргэлтэд хүн болж төрсний мөн чанар нь Хан буурал аавыгаа, хатан сүлд ижийгээ, элгэн садан эгч дүүс, амин хайртай ахан дүүсээ, ижилсэж дотноссон анд найз нөхдийгөө үнэн сэтгэлийн үзүүрээс хайрлахад оршдог билээ. Энэ бүх хайрын хамгийн амттай бөгөөд энхрий хайр нь Үрээ хайрлах хайр юм. Дутагдаж гачигдах зүйлгүй нарт ертөнцийн өдрүүдийг өнгөрөөх амархан ч Үрээ хайрлах хайр үгүйлэгдэж байдаг дутуу хорвоо... Үгүйрч хоосорч явсан ч гэлээ үрээ харж тайтгардаг өгөөмөр баян хорвоо... Хорвоогийн энэ л хайрыг мэдрүүлэхээр Тэнгэр эцэг минь, Дэлхий ээж минь, Нэгэн биений минь хань ижил минь надад Удам залгах ХҮҮ төрүүлж өглөө. Ургахын улаан нартай уралдаж төрсөн хүүдээ яарч тэмүүлсээр амьсгаа даран, алгаа тосон тэвэрч авлаа би... Ханьдаа маш ихээр баярлалаа. Хамтдаа хүлээсэн бидний хүсэлт, хүлээлт мөрөөдөл болох нь холгүй байсан юм.
Эргэх хорвоогийн жам гээчийг мэдрүүлж ээж аавдаа мэндэлсэн үр минь ямархан нандин юм бэ... Хан хорвоог хамтдаа туулах гэж хосоор амьдарч явсан бид одоо гурвуул боллоо. Хатуу зөөлөн бүхнийг таниулагч Аавын хүү байсан би Хүүгийн аав боллоо. Хайрын ариун нандин билэгдэл Ээжийн охин хань минь өөрөө Ээж боллоо. Хүн болж төрсний утга учир эндээс л эхлэн бүрдлээ. Ертөнц бүхэлдээ өнгөө засаж дэлгэр сайхан зун цаг айсуй... Аз жаргал бидэнд ирлээ.
Элэг бүтэн өнөр өтгөн удам минь үргэлжлэн залгахаар хүү төрлөө...
Амьдрал надад үүдээ нээлээ. Хайрт минь чамдаа би хайртай. Хайраас урган мэндэлсэн үр минь чамдаа бас хайртай. Өгөөмөрийн гараа сунгасан Үрийн тэнгэртээ гялайлаа. Үргэлж урам хайрлагч үнэнч найз нөхөддөө баярлалаа. Өнөр болохын ерөөл хайрлаж, жаргал хүссэн Фэйсбүүк, Твиттерийн бүх найзууддаа талархлаа. Та бүхнийг Тэнгэр эцэг, Эх дэлхий ивээг!
Хурай Хурай Хурай...
Хүндэтгэсэн М.Мягмар” гэсэн байжээ. Тийм ээ, хайраар дүүрэн тэдний гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж, сэтгэлийн угаас баяр хүргэх хүн олон байгаа биз ээ.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 2 )
Ухаантай бөгөөд юм боддог хүний үг байнаа Аз жарг**** хүсье
Mash saikhan bichjee.tanai ger byld az jarg** eruul enkh ene khorvoogiin khamgiin sain saikhan bykhniig khysen erooe