МУГЖ Н.Амгалан: Ардын дууны өгүүлэмж, утга агуулгыг ойлгохгүйгээр дуулбал ичгэвтэр

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 02

Монгол үндэстний соёлын нэгээхэн хэсэг болсон ардын урлагаа хойч үедээ өвлүүлэх, уламжлал болгон хадгалж хамгаалах талаар хэн хүнгүй санаа тавих болж. Харин үнэт өв болоод буй энэхүү соёлыг тээж, ард түмэндээ түгээж байгаа хүмүүс бол яах аргагүй уран бүтээлчид билээ. Тэр тусмаа ардын богино дууны хөтөч болсон жинхэнэ дуучдыг энд дурьдах хэрэгтэй. Ийн санан ҮДБЭЧ-ын дуучин, гавьяат жүжигчин Н.Амгаланг ярилцлагад урьсан юм. “Ханан сүлжээ нэхээс”, ”Сүнжидмаа”, “Цэцгэн хээтэй алчуур”, ”Насны гоёл”, “Хоёр сэтгэл” зэрэг зохиолын болон ардын дуугаар нь уншигчид маань түүнийг мэдэх биз ээ.

-Та ардын богино дуу олон жил дуулсан. Энэ ч утгаараа, таныг ардын дуугаа “манаж” үлдсэн цөөхөн чадварлаг дуучдын нэг гэлцдэг юм билээ?

-Үе тэнгийн болон өмнө нь ажиллаж байсан олон сайхан ардын дуучид тэтгэвэртээ гарах нь гарч, чөлөөт уран бүтээлч болсон. Зарим хүнд зохиолын дуу илүү сайн зохицдог байж болох юм. Миний хувьд зохиолын дуу бараг дуулдаггүй. Яах вэ, ганц хоёр зохиолын дуу авчирч өгдөг хүмүүс бий. Ялангуяа морины сэдэвтэй дуу. Гэхдээ би ардын дуу дуулах дуртай, хоолойд минь ч зохимжтой байдаг. Олон жил дуулахаар яалт ч үгүй уусдаг юм байна. Ардын дуу дуулах хэв маяг надад одоо л сууж байх шиг санагддаг. Тиймээс өдий хүртэл салж чадахгүй явна.

-Ардын дууны үг, аялгуу нь хүртэл ухаарал байдаг гэдэг. Залуу уран бүтээлчид энэ талын судалгаагаар дутмаг, өдгөө ихэвчлэн хуучны дууг сэргээх маягаар дуулж байх шиг санагддаг. Таны бодлоор?

-Иймэрхүү зүйл ажиглагддаг шүү. Дууг зүгээр л нэг аяыг нь сураад дуулах өөр хэрэг. Гэтэл нэг дуу бүхэл бүтэн зохиол гэсэн үг шүү дээ. Дөрвөн бадаг дуу байвал дөрвөн бүлэгтэй жижиг зохиол л гэсэн үг. Ардын дууны тэр сайхан өгүүлэмж, утга агуулгыг ухаарч ойлгохгүйгээр дуулж болохгүй. Дуундаа уусч, дотоод ертөнцийг нь мэдэрч дуулдаг дуучин олон бий. Бас юуны тухай өгүүлж байгааг нь мэдэхгүй, зөвхөн үг, аяыг нь сураад дуулдаг хүн ч бий. Хэр дуулж байгаа нь харахад л андашгүй. Дуулахад дан ганц хоолойноос гадна оюун бодол, сэтгэл зүрх шаардагдана. Энэ бүхэн нэгэн цогц болсноор тухайн дуу жинхэнэ утгаараа амьдарна. Тиймээс би чуулгынхаа залуу дуучдад энэ талаар хэлдэг. “Наад дууныхаа үгийг сайн судал. Хүнд юу ойлгуулах гэж байгаагаа мэдэж байх хэрэгтэй” гэж. Сургамжийн үг, хайр сэтгэл, ээж аавын энэрэл хайр гээд маш олон төрөл бий шүү дээ, ардын дуунд. Үүнийг ойлгохгүй дуулбал хэцүүднэ. Тухайлбал, “Сүнжидмаа” дуунд ...Хаалга үүдээ нээгээд өгсөн ч

Харж үзэх хүнгүй болно...

гэсэн өгүүлбэр бий. Энэ нь “За чи ойлго. Одоо сайхан байгаа ч хөгшрөөд ирэхийн цагт чамайг гуйсан ч хаалгаараа оруулах хүн олдохгүй шүү” гэсэн утгатай. Тэр үгийг хүнд яаж хүргэх нь дуучин хүний чадвараас шалтгаална. “Хохь чинь ээ, хаалга үүдээ нээгээд өгсөн ч чамайг харж үзэх хүнгүй болно” гэж загнахгүй нь лав. Энэ мэтчилэн сонсч байгаа хүнд нэгийг бодогдуулах сургамжийн үгстэй дуугаа ямар өнгө аялгаар дуулах вэ гэдэг нь чухал асуудал. Залуу байхад хөдөө гадаа тоглолтоор их явна аа. Тэр үедээ нутгийн хөгшид, дуучин хүмүүсээс ардын богино дууны үг, аяыг судалж асууна. Хамт ажиллаж явсан ахмад уран бүтээлчид маань энэ талаар их ч сургадаг байлаа. Ялангуяа гавьяат жүжигчин Ш.Даваахүү гуайн урын сан тун баялаг. Түүнд орон нутагт тоглолтоор явахдаа судалгаа хийж, олж авсан ардын богино дууны дөрвөөс дөрвөөс таван дэвтэр гар бичмэл бий. Тухайн дууг судалсан он сар, тайлбарласан хүний нэрээс эхлээд л нутаг усных нь талаар дэлгэрэнгүй тэмдэглэж авсан байдаг.

-Хүрээ дуу, баруун Монголын , төв халхын , зүүн болон Өвөр Монгол ардын дуу гэх мэт төрөл ангилалд хуваагддаг гэсэн. Энэ талаар судалдаг байсан хэрэг үү?

-Мэдээж. “Сүнжидмаа” гэхэд л гурав дөрвөн аятай. Өвөр Монголын “Санжидмаа” дууны үг ойролцоо байхад ая нь өөр. Түүн шиг ая нь адилхан хэрнээ үг нь өөр дуунууд ч олон. Баруун Монголын нэг дууны үг хоёроос гурван хувилбартай байх жишээтэй. Бид их азтай шүү. 1990-ээд оны эхээр ҮДБЭЧ-д ороход ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Б.Норовбанзад, Б.Түмэндэмбэрэл, гавьяат жүжигчин Ж.Нансалмаа, С.Хоролсүрэн, уртын дуучин Д.Баттөмөр зэрэг олон сайхан дуучин байлаа. Ц.Өлзий-орших ах маань саяхан тэтгэвэртээ гарсан. Эдгээр дуучдаас мөн ч ихийг сурсан даа. Тоглолт бүрийг нь алгасахгүй үзнэ. Дуулж байгаа ая данг сонирхож, боломж гарвал ганц хоёр дуу аялуулж аваад л нотоор нь хадгална. Өнөөдөр энэ бүхнээрээ хоолоо олж идэж байна шүү дээ, бид. Тэр сайхан дуунуудыг дахин гаргахад маш зөв ая дантай, дуулахад ч сайхан.

-Тэгээд энэ олон хувилбараас яг алиныг нь дагнаж авдаг юм бэ?

-Дуунаасаа шалтгаална. Ихэвчлэн ард түмний сэтгэлд хоногшсон, нийтлэг хэлбэрээр нь хүргэдэг юм. Гэхдээ зарим үед өөр ая дангаар дуулах тохиолдол байдаг. Хэний ч мэдэх хэвшмэл болсон дууг шинэ үгээр дуулах нь хүмүүст сонирхолтой мэдрэмж төрүүлдэг.

-Танд Ш.Даваахүү эгчийнх шиг судалж, хадгалсан цуглуулга бий юу?

-Боломжийн хэмжээний бүтээл бий. Сүхбаатар аймгийн Хөгжимт драмын театр ын дуучин н.Ичинхорлоогоор нэлээд хэдэн дуу аялуулж, үг ноттой нь бичиж авсан. Одоо хэр заримыг нь дуулдаг. Хэн нэгнийг зорьж, судалгаа хийхгүй ч гэлээ найр наадам дээр сууж байхад сонирхолтой хэв маяг анзаарагддаг. Миний мэдэхгүй дууны үг сонсогдвол тэр дор нь бичээд авчихна. Тэгээд өнөөх дуучнаараа аялуулж, нарийн ширийн зүйлийг тодруулна даа. Ардын дуу жилээс жилд хөгжиж байгаа юм шиг санагддаг. 1930-1940 оны үеийн ардын богино дууны ая дан 1960-1970 оныхоос нэлээд өөрчлөгдсөн мэт санагддаг.

-Сүүлийн үед ардын богино дууг хүрээ хэмнэлээр дуулдаг хүн олширч. Чихэнд хоногшсон хөг аялгуу, өнгө хэмнэл нь огт өөр гэлцэх юм?

-1921 оны хувьсгалаас хойш гарсан хэлбэр. Хүрээнд хятад иргэд олноор суурьшсан учир зарим дууны аялга өөрчлөгдсөн. Шанз, хуучир гээд л тоглож байгаа хөгжимтэй нь холбоотой. Тиймээс хүрээ хэмнэлтэй ардын дуунд урд зүгийн аялга мэдрэгддэг. Гэхдээ нөгөө талаар, их гоё сонсогддог шүү дээ. Донж маяг нь тохирсон, уран тансаг эгшигтэй мэт. Гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг тиймэрхүү аялгаар дуулдаг юм. Сүүлийн үед дуучин Д.Бурмаа энд тэндээс хуучны дуунууд олж дуулах болж.

-Бас рок поп, транс зэрэг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник маягийн дуунууд ч моод болж байх шиг байна?

-Энэ бол ардын богино дууны бас нэгэн хувьсал. Ардын дууг сурч, ард түмэндээ ямар хэлбэрээр хүргэх нь гол биш. Хамгийн гол нь бидний хэв маягаас өөр, рок поп болон транс хэлбэрээр нь сонсговол орчин үеийн залууст илүү хүрэх ч юм билүү. Зарим хүн “Эстрадынхан дуулах дуу нь олдохоо болихоор ардын дуу руу хошуурч байна” гэж шүүмжилдэг. Би энэ ойлголтыг үгүйсгэдэг. Дуучин хүн ямар ч уран бүтээлийг амьдруулах чадвартай байх ёстой. Ялангуяа ардын дууг сонгож, олонд хүргэнэ гэдэг маш сайн.

-Ардын дууг дуулах орчин нөхцөл, дэг жаяг бас бий. Энэ бүхнийг залуус маань төдийлөн мэддэггүй гэж боддог?

-Тийм шүү. Найр наадам дээр дуулах дуу нь хүртэл тусдаа. Гэтэл зарим дуучин хурим найранд очоод хагацлын дуу дуулж байхтай таарсан. Хуримын тань зочин “Хулсан ташуур” дуулбал эвгүй биз дээ. Хүүхдийн үсний найран дээр “Бөмбөг дэлбэрвэл аюултай” гэж дуулдаг хошин үзэгдэлтэй тун ч адилхан зүйл болно. Дууны үгнээс хамаарч хаана, хэдийд дуулж болох вэ гэдэг нь чухал. “Сэндэр охин” дууг ихэвчлэн эмэгтэй хүн дуулдаг. Ээж аавдаа хэлсэн хүсэлтийн үгтэй дуу шүү дээ. Гэтэл зарим үед эрэгтэй хүн дуулж байгааг харахад сонин л санагддаг. Миний хэлснээр, дуулах дууныхаа утгыг л ойлгоогүй хэрэг. Мэргэжлийн дуучдын хувьд, иймэрхүү алдаа гаргах нь ховор. Энд тэндхийн найр хуриманд залуу дуучид энэ мэт санамсаргүй алдаа гаргах үед бидний үеийн дуучид засаж залруулж хэлэх үе байдаг. Бид л засч, зааж сургахгүй бол залуус маань мэдэхгүй шүү дээ.

-Чадварлаг дуучид ихэвчлэн урлагийн сургуульд багшлах болж. Танд ийм боломж гарч байв уу?

-Багшлах бодол алга аа. Ганц хоёр хүн миний дуунаас авч дуулах нь бий. СУИС-ийн оюутнууд ардын дууны дуугаралт, өнгө хэмнэлийн тухай их асуудаг. Түүнд нь татгалзаад байх биш. Тэгээд ч энэ сургуульд ардын богино дууны анги байхгүй шүү дээ. Манай уртын дуучид л багшилж байна. Миний бодлоор СУИС, ХБК-ийн уртын дууны ангид ардын богино дууны хичээл багтаах нь чухал юм шиг санагддаг. Чуулгад маань ХБК-ийн хүүхдүүд дадлага хийдэг юм. Би тэдэнд “Уртын дууныхаа хажуугаар ганц хоёр ардын дуу сурч авбал дараа нь та нарт хэрэг болно” гэж хэлдэг.

-Уртын дуучид ардын богино дуу дуулахад хэцүү гэж ярихыг сонссон юм байна. Яагаад тэр вэ?

-Тэгж ярьдаг. Гэхдээ хүний сурсан зүйл өөр л дөө. Надад лав уртын дуу хэцүү санагддаг. Харин уртын дуучид “Ардын богино дууг дуулахад хэцүү” гэж ярилцах нь бий. Ардын богино дууг дуулахад амьсгаа, техник, донж маяг хэрэгтэй л дээ. Гэхдээ ардын богино дууг сайхан сайхан дуулдаг уртын дуучид олон байгаа шүү дээ.

-СУИС-ийг төгссөн уртын дуучид зохиолын дуу дуулахад багш нар нь дургүй байдаг гэсэн?

-Уртын дуучдыг бэлтгэхэд маш их цаг, хичээл сургуулилалт хийж байж дуучин болгодог. Гэтэл тэр дуучид нь зохиолын дуу дуулаад байхаар багш нарт нь тэдний авьяас чадвар, цаг хугацаа хайран санагддаг байх аа. Уртын дууг байнга дуулж, дасгал сургуулилт хийж байж л сайн дуучин болдог. Харин зохиолын дуу дуулснаар дуучид маань амьсгаа, уртын дууны хэв маягаа алдаад байх шиг.

-Тийм болохоор та зохиолын дуу дуулдаггүй юм уу. “Ханан сүлжээ нэхээс” зохиолын дуу биз дээ?

-Уг нь зохиолын дуу л даа. Гэхдээ их сонин, ардын дуу шиг хэмнэлтэй. “Дуу дуулаад нуруу нь өвдсөн” гэвэл хүн гайхах байх даа. Яагаад ч юм бэ, “Ханан сүлжээ нэхээс”-г дуулахаар л миний нуруу их өвддөг байлаа. Яг л ардын богино дуу шиг ая дан, хэв маягтай.

-Та их олон уралдаан оролцож байсан байх. Хамгийн сүүлд ямар уралдаанд оров?

-1993 онд “Сүнжидмаа” дуу дуулаачдын улсын уралдаанд түрүүлж байсан. Ардын жүжигчин Б.Шархүүхэний нэрэмжит “Ардын дуу дуулаачдын уралдаан”-д богино дууны төрлөөр түрүүлсэн. 2008 онд “Ардын богино дуу дуулаачдын улсын уралдаан”-д Гран при шагнал хүртсэн. Уралдаанд ороход заавал түрүүлэх нь чухал биш байдаг. Уралдаанд орсноор дуучин хүн шинээр өөрийн гэсэн гурваас дөрвөн дуутай болдог. Тухайн уралдаанд заавал дуулах дуу, сэргээж дуулах дуу гэсэн шаардлага байдаг. Тийм учраас өөрийн мэдэхгүй дууг сурч дуулах, мөн мартагдсан дууг олж дуулах зэрэг нь уран бүтээлчдийн хувьд том олз гэсэн үг.

Р.Мөнгөн

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuya (24.13.219.133) 2013 оны 04 сарын 03

siilegmmaad gavyat uguu chee cain duuchin shyy

0  |  0
tuya (24.13.219.133) 2013 оны 04 сарын 03

siilegmmaad gavyat uguu chee cain duuchin shyy

0  |  0
ok(202.55.191.35) 2013 оны 04 сарын 03

Umnugovid am barij neg b**arsandaa.Neg **daa biz.Amjilt husie.

0  |  0
**s holoos(92.104.218.224) 2013 оны 04 сарын 02

Amgaa naizdaa gavyat bolsond chini bayar hurgie...Bazarvaainii heden jillin daraa ardin jujigchin bolohooroo nairandaa uridag yum shuu

0  |  0
зочин(202.126.89.174) 2013 оны 04 сарын 02

Баасанхүү з****уу хүн гэхэд ухаантай суурьтай з****уу. Ардчилсан коммунист нам гэдэг нь ч тодорхой боллоо.Элбэгдор

0  |  0
Top