Хэлмэгдлийн хар шуурганд хөл алдаагүй Алтайн хөх байц

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 15

Уулс өндөлзтөл, үүлс уйлтал, сэтгэл сэмэртэл, итгэл өмөртөл шуранхайлах “Эр бор харцага”.

...Эр бор харцага нь
Жигүүрэндээ хүчтэй л байна уу даа
Идэр залуу насанд нь
Даанч ажигч үгүй явлаа л билүү дээ
Ай хөөрхий алдрай мину зээ
Арслангийн зулзага
Ууландаа хүчтэй л билүү дээ
Амрагийн хоёр сэтгэл
Аль алиндаа асрамжтай л билүү дээ
Аяа хөөрхий алдрай мину зээ
Сайр шандын усыг
Шавхавч бардаггүй л билүү дээ
Сайн хүний үрийг
Даравч болдоггүй билүү дээ
Аяа хөөрхий алдрай мину зээ
Хажуу талын ногоо нь
Халиурч найгаад ганхана билүү дээ
Хамаг та бүгдтэйгээ
Ханатлаа найрлах жаргалтай билүү дээ
Аяа хөөрхий алдрай мину зээ

Сайн хүний үрийг дарж болдоггүй хорвоо гэдгийг өөрийн домог шиг амьдралаар харуулсан Засаг ханы хөх харчуулын нэг Цогт-Очирын Лоохууз гуайг түүх мартах учиргүй.

Он цагийг түүчээлэн өөрийн түүх намтарыг баринтаглан үлдээсэн Монгол Улсын сайд агсан Пунцагийн Жасрайг Алтайн хөх байц хадны нэг хэмээдэг байлаа. Харин хэлмэгдлийн хар шуурганд 25 жилийн турш “нүдүүлж”, говь хангайд нутаг заагдан цөлөгдөж байсан Ц.Лоохууз гуай ч бас Алтайн сүрлэг хөх байц хаднуудын нэг яах аргагүй мөн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Эгэл жирийн хүн бол нэг өдөр ч тэвчимгүй хүнд ачааг 25 жилийн турш үүрсэн тэрбээр Монголын боловсрол өндөр сэхээтнүүдийн нэг.

Тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын Коминтернийн коммунист намын сургуулийн анхны монгол төгсөгчдийн нэг нь болж чадсан Ц.Лоохууз гуайг Монголчууд магтах дуулах өртэй үлдэх хүмүүс. Яагаад гэвэл улаан Москвад суралцаж байхдаа коминтерн гэж юу вэ гэдгийг цус махандаа шингэтэл заалгаж, тэдний бодлогод нэвт шувт чанагдсан хэдий ч түүний цусанд, генд өөрөө өөрийнхөө эсрэг, эх орныхоо эсрэг коминтернийн үзлээр ажиллах сэтгэл огтхон байгаагүй юм.

Тиймдээ ч коминтернийн үзэл санааг ёсчлон биелүүлэлгүй шүүмжилж эх орныхоо хөгжлийг зөв замд чиглүүлэхээр үгээ хэлдэг байсан нь тухайн үед үзэл санаа нэгдээгүй нөхдүүдийн олз болж нутаг заагдан хөдөө хөхөрч, гадаа гандах болсон түүхтэй. Гэлээ гээд гуньж, зовж шаналж суусангүй. Өөрийн гараар, өөрийн хөлс хөдөлмөрийн хүчээр цөлөгдсөн амьдралаа цэцэглүүлэх гэж хичээж, хийж байсан нь бас л буруудаж дамын наймаа хийсэн, хувийн үйлдвэрлэл эрхэлсэн хэргээр ял сонсчээ.

Тэрбээр 6 жилийн турш хоригдлын хувцасаар мөрөө халхалж, адууны шөлөнд чанасан шар будаа идэв. Гэсэн ч эрээн хувцас өмсөж, шар будаатай адууны шөл уулаа гээд муудсангүй. Харин ч доромжлох тусам өнгө орж долоон бурхан шиг гялалзах болно гэдгийг харуулах, хатуу хөтүүг даагаад гарах сэтгэлийн хат суусан, бурууг зөв болгох санаагаа өвөртөлсөөр, бусдын толгойгоор эх орноо удирдахын эсрэг зогсох сэтгэлтэйгээ гарч ирсэн байдаг.

Шилдэг сэхээтэн сэжигтэн болсон товч түүх

Нутагтаа бага сургууль дүүргэн, санхүүгийн техникумд гурван жил, шинэхэн байгуулагдсан намын дээд сургуульд хоёр жил онц дүнтэй суралцан төгссөн түүнд мэдэхгүй, чадахгүйн зовлон байгаагүй гэдэг.  

Дөнгөж байгуулагдсан Намын Төв Хорооны Лекторын Товчоонд шилэгдэн орж ажилласан нам төрийн шилдэг ирээдүйтэй залуу гишүүн 1950 онд ЗХУ-ын Коммунист намын дээд сургуульд суралцах анхдагч нарын тоонд багтан хилийн дээс алхав. Тэрээр БНМАУ-ын түүхийг анх удаа орос хэлээр хэвлэгдэхэд нь орчуулан хөрвүүлж, нам төрийн бодлого, улс эх орны хөгжил, хэтийн төлөвийн талаар өөрийн санал бодлыг хэвлэлд нийтлүүлж байх тэр үеэс сэжигтэн болж эхэлжээ.

Тиймээс “сэжигтэн” Ц.Лоохуузыг намын төв удирдлагаас хол алс хөдөө нутагт томилов. Гэвч тэр Говь-Алтай аймгийн намын төв хорооны дарга хийж байх үедээ тус нутгийг гайхалтай хөгжүүлж ямар чадалтайгаа харуулсан нь зөвхөн эхлэл байлаа.

Намын төв хорооны САА-г удирдах газрын дарга, ХАА Яамны 1-р орлогч сайд байх үедээ урсгал усгүй Алтай нутгийг усжуулах зорилгоор алдарт Гуулингийн сувгийг байгуулж, "Атар газар" эзэмших их хөдөлгөөнийг анхны шав тавихаас үр дүнд хүртэл нь зохион байгуулжээ.

Мөн гахай, тахиа, туулай, бүр булга, буга, каракуль хонь болон саалийн үнээний фирм, САА-нуудыг олноор байгуулсан нь мэдлэг чадварыг нь илхэн харуулж байсан гэдэг.

Цаг хугацааны өмнө гуйвсан хэлмэгдүүлэлт цагаадав

Тэрбээр ЗХУ-ын Тимирязевийн академийн аспирантурт сурч байхдаа МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын индэр дээрээс аянга буулгаж тэр үеийн төр засгийн бурангуй үзлийг шүүмжлэн өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэйг хэлсэн нь төрийн хар дансанд бүртгэгдэж "Намын эсрэг бүлгийн толгойлогч" хэмээх нэрийг зүүн шорон гянданд орж, хөдөө орон нутагт цөлөгдөн ар гэрийнхэнтэйгээ уулзах эрхгүй явсаар 1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд цагаатгагдсан аж.

Хүний тархийг нь боож дөрвөн мөчийг нь ажиллуулах "коммунист" суртлыг эсэргүүцсэнийхээ төлөө 25 жилийг цөллөг, шоронд өнгөрөөсөн шантаршгүй тэмцэгч тэрбээр АИХ-ын депутат, АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж, анхны ардчилсан үндсэн хуулийг батлалцан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин, Хүний эрхийн үндэсний комиссын анхны дарга болсон түүхтэй.


Ж.Нарангарав

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүх(202.55.185.41) 2025 оны 03 сарын 13

Гайхамшигтай хүн юм Хатуужил хөдөлмөр сэтгэл эх орон нөхөрлөл гэр бүл бүгд түүнд бий

1  |  0
saihan hun dee(80.137.57.204) 2025 оны 03 сарын 13

tuhain tsag ued ih helmegdej yarigdaj bsan hun dee tanid saihan buhniig husie..

1  |  0
Алтайн хүү(202.21.119.202) 2025 оны 03 сарын 13

сайхан хүн дээ Алтайн******харчуу лын нэг

1  |  0
Top