Монгол улсын мөнгөний авдар дүүрнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

 Дэлхийн зах зээл дээр алт, зэс, төмрийн үнэ өссөөр байгаатай уялдуулан манай улс өсөн нэмэгдэх роялтын татвар авахаар болсон. Өөрөөр хэлбэл, эрдэс баялгийн үнэ өндөр л байвал экспортод гарч буй ашигт малтмалын нөөцийн татвар нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд монголоос олборлосон 23 төрлийн ашигт малтмалд боловсруулалтын байдал, зах зээлийн үнэ ханшаас хамаарч,10-35 хувийн татвар ногдуулах болсон билээ. Татварын энэ бодлого нь эх орондоо нэмүү өртөг шингээх,баялгаа дэлхийн зах зээлийн үнээр худалдаалахыг дэмжиж байгаа хэрэг. Өчигдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 9555, унци алт 1505 ам.доллар байв. Гуравдугаар сарын байдлаар нэг тонн төмрийн хүдэр 150 ам.долларт хүрсэн. Манай улс жилд 560 орчим тонн зэсийн баяжмал экспортолдог. Өсөн нэмэгдэх нөөцийн хуулиар зах зээл дэх нэг тонн зэсийн үнэ 9000 ам.доллараас давсан тохиолдолд  нөөц ашигласны үндсэн төлбөр дээр хүдэрт 2970, баяжмалд 1710,цэвэр зэсд 810 ам.долларын татвар авах нь. Энэ сард тогтоосон жишиг үнэд нэг тонн зэсийг 9530 ам.доллараа тооцсон байна. Энэ жилийн хувьд алт олборлолт нэмэгдэнэ хэмээн тооцож байгаа. Манай улс 2005 онд 25 орчим тонн алт олборлож түүхэндээ дээд амжилт тогтоож байсан бол өнгөрсөн жил 118 аж ахуйн нэгж 6.2 мянган тонн алт олборлосон гэсэн судалгаа бий. Гэхдээ төв банкинд тушаасан алтны хэмжээ маш бага юм. Уул уурхайн бүтээгдэхүүний энэ сарын жишиг үнэд нэг унци алтыг 1456 ам.доллараар тооцжээ. Тэгвэл өсөн нэмэгдэх роялтын татварын хуулиар нэг унци алт 1000 ам.доллар хүрсэн тохиолдолд 45 ам.долларын татвар авах учиртай. Харин 1400 ам.доллараас давбал нөөц ашигласны төлбөр дээр 140 ам.долларын татвар нэмж ногдуулах болжээ. Манай улс өнгөрсөн жил 3539 тонн төмрийн хүдэр экспортолсон дүн мэдээ бий. Гэхдээ нэг тонн нь 80-100 ам.долларын үнэтэй байжээ. Харин энэ жил үнэ нь нэмэгдэж, одоогийн байдлаар нэг тонн төмрийн баяжмал 90, хүдэр нь 150 ам.доллар байгаа юм. Манай улс энэ сард баримтлах уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнэд тонн төмрийн хүдрээ 150 ам.доллараар тогтжээ. Харин өсөн нэмэгдэх роялтын татвараар нэг тонн төмрийн хүдэр 110 ам.долларт хүртэл байгалийн баялаг ашигласны үндсэн төлбөр дээр хүдэрт 11, баяжмалд 9.35 ам.долларын татвар ногдуулах юм. Энэ бүгдээс үзэхэд энэ жил манай улсын мөнгөний авдар овоо дүүрэх нь ээ.  Яагаад гэвэл эрдэс баялаг бол манай экспортын гол бүтээгдэхүүн. Тэгээд ч дэлхийн зах зээл дээрх үнэ нь өсөн нэмэгдэх роялтын татвар ногдуулах үнийн хамгийн дээд хэмжээнд хүрчихээд  байгаа юм.

 Б.Эрдэнэ. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top