Хачин гоё нүд гялбам буюу хар дарсан зүүдний амьдрал

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Хүн бүхэнд аз жаргал тэгш заяахгүй юм даа...

Амьдрал гэдэг заавал А үсгээр эхлээд Л үсгээр төгссөн байдаггүй. Заримдаа амьдрал Л үсгээр эхлээд А үсгээр төгсөж ч болдог. Амьдрал гэдэг үнэхээр таахын аргагүй түм буман даваа нугачаа, асуудал боломжоор хэлхэгдсэн тийм л том тэмцлийн талбар. Хартай цагаантай, хатуутай зөөлөнтэй хачин их нүд гялбам хэрнээ хааяа бас хачин аймшигтай нүд хальтрам зүйлийг л амьдрал гэдэг юм байна. Ийм бодол цээжиндээ тээгээд харьж явахад яагаад ч юм надад нэг их гунигтай мөртлөө баяртай мэдрэмж зэрэг төрөх шиг болсон. Ёстой л нөгөө “хэн ч чамайг уйлуулж бас инээлгэж чадна, харин онцгой нэгэн л чамайг нулимстай инээмсэглүүлж чадна” гэдэг шиг. Ж.Сэнгэдорж найруулагчийн шинэ уран бүтээл “Лардьма” хэмээх онцгой нэгэн уран сайхны кино намайг уйлуулан байж ухааруулсан болохоор би гуниглан байж баярласан байх л даа. Тэгээд энэ уран бүтээлийн тухай илүү олон охид, залуучуудтай хуваалцмаар санагдаад шөнө дөлөөр компютерээ ширтээд сууж байгаа маань энэ.

Эхлээд яагаад гуниглах болсон тухайгаа хэлэх хэрэгтэй байх. Энэ киноны гол дүрийн бүсгүй Ларьдмагийн нүд гялбам харагдах мөртлөө үнэн хэрэгтээ нүд хальтрам золгүй амьдрал миний, миний ойр дотны хэнд нь ч тохиолдож мэдэх хэтэрхий ойрын аюул мэт санагдаад хамаг бие минь хөшчих шиг л болсон. Харин дараа нь хэтэрхий ойрхон ч байж мэдэх энэ золгүй амьдралаас өөрөө би зайлсхийж чадах юм байна гэж санагдаад бүр ихээр баярлах сэтгэл төрсөн юм. Уйлмаар гунигтай энэ бүсгүйн амьдралыг өөрөө туулаад үзсэн юм шиг болсон болохоор л түүн шиг алдаа гаргахгүй дээ гэж шийдэхдээ нулимстайгаар инээмсэглэсэн байх л даа.

Тиймээ миний амьдрал ямар байхыг миний хувь тавилан мэдэх биз. Би харин тэр хувь тавилангаа өөрийн сонголтоор зурах болно. Миний “уран бүтээл”-ийн хамгийн чухал хамтрагч бол миний хань. Тэр хэн байхаас би хэн болох нь шалтгаална. Эцэст нь хүн тэр тусмаа эмэгтэй хүн хүнээ /ханиа/ л таних ёстой. Амьдрал эндээс л эхэлдэг юм байна гэдгийг би энэ уран бүтээлээс дэндүү сайн ойлгож чадлаа. Нэг сайн дэлсүүлээд ч авах шиг. Нэг хэсэг эд эс минь амь орох шиг боллоо.

Энэ кино залуус, хосууд, залуу гэр бүлүүд заавал нэг үзээд, ухаарах ёстой тийм л чухал асуудал хөндсөн чухал уран бүтээл болж. Ёстой л нэг бүтээл шиг бүтээл болж. Хүний амьдралын хатуу бөгөөд гашуун үнэний тухай, энэ нийгмийн эмзэг бөгөөд хөндүүр сэдвийн тухай, хайр, хардалт, харгислал гурвын хооронд хэдхэн гишгүүр л оршдог тухай өгүүлэх продюсер Б.Навчаа, найруулагч Ж.Сэнгэдорж, зохиолч Д.Төрмөнх гурвын хамтын уран бүтээлийг урлаг талаас нь ч өндөрөөр үнэлэх хэрэгтэй болов уу. Хэтэрхий хүнд сэдвийн тухай харин ч санасныг бодоход хөнгөхөнөөр үзүүлэхдээ үлдэх сэтгэгдэл үлэмж тод, том байж чадахаар бүтээж чаджээ гэж “Лардьма” уран сайхны бүрэн хэмжээний киноны уран бүтээлчдийг би магтмаар байна. Найруулагчийн шийдэл надад үнэхээр их таалагдлаа. Ялангуяа бодол, дурсамж хэсгийг үзүүлж байгаа хэлбэр бүр нэг л яруу. Угаасаа хүнд сэдвийг хэт хүндээр харуулах юм бол хүн хэт стресст орох гээд байх нь бий. Энэ бүхнийг уран бүтээлчид нарийн тооцсон байна. Нэг үгээр цаг үеэ, орчиноо, үзэгчдээ утгаар нь мэдэрч чадаж. Бүх насныханд, нийгмийн бүх давхаргынханд зориулагдаж. “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”-ийн дараа сая нэг кино шиг кино, бүтээл шиг бүтээл Монголын кино урлагт байраа эзэллээ гэж би ам бардам хэлэх байна.

Эцэст нь хэлэхэд энэ уран бүтээл зүгээр л амьдрал. Эндээс үзэх ч юм, сурах ч юм их байна даа гэж хэлмээр байна охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд бүр залуучуудад хүртэл. Амьдрал Лардьма хоёрын хооронд алхамын зай л байдаг бол яах вэ? Тэгвэл таны амьдралд урвуу утга гэж бүү байг.

Б.Отгонжаргал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top