Монголын дизайнеруудын холбоо, “Шилмэл загвар” загварын агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Хаврын гоёл 2013” өчигдөр МҮСТӨ-нд болж өнгөрлөө. Энэ удаагийн наадамд дизайн урлагийн чиглэлээр сургалт явуулдаг Урлах Эрдэм, Монгол Солонгос коллеж, СУИС, ШУТИС, ИЗИС, Сити дээд сургууль болон орон нутгийн залуу дизайнерууд оролцож шилдгүүдээ шалгаруулсан юм. Арван найм дахь удаагийн уг наадам нь бүтэн өдрийн турш танхим дүүрэн, хүрэлцэн ирсэн үзэгчийн мэлмийг баярлуулсан энэ жилийн “Хаврын гоёл” ийнхүү шилдгүүдээ тодрууллаа. Ингээд шилдэг загвар өмсөгчөөр Т.Баярцацрал тодорсон бол шилдэг дизайнер шагналыг ИЗОУИС хүртлээ. Харин дизайнерийн сургуулиуд дотроо шилдэг зохион байгуулалттай оролцогчоор “Урлах Эрдэм” дээд сургууль шалгарсан юм.
Мөн энэ төрлийн нэр хүндтэй шагнал буюу дизайны шилдэг багшаар Хувцас дизайны багш Б.Даваасүрэн тодорчээ. Тэрбээр “Сити” дээд сургуульд олон жил энэ чиглэлээр багшилж байгаа. Түүнчлэн чимэглэлийн шилдэг оюутнаар МУБИС-ийн З.Солонго, З.Лхагвацэрэн нар шалгарчээ.
“Хаврын гоёл” наадмын экстрьер загварын төрлөөр УЭДС-ийн Э.Баасанжав, Б.Бадамнасан нар хүртсэн бол компьютер энимейшн шилдэг оюутнаар дизайнер Д.Золжаргал шалгарсан байна. Тэрбээр ШУТИС-ийн ҮТДС-ийг төлөөлөн уг наадамд оролцсон юм. Харин уран сэтгэмжийн тэргүүн байрын шагналын эзнээр УЭДС-ийн оюутан Н.Эрдэнэхишиг тодорлоо.
Мөн өдөр тутмын хувцасны загварын тэргүүн байрын шагналыг хамтлагаараа оролцсон “We Will” хүртлээ. “Хаврын гоёл-2013” наадмыг зохион байгуулагчид ШУТИС-ийн оюутнуудад тусгайлан баяр хүргэсэн юм. Учир нь тус наадамд жил бүр Урлах Эрдэм, Графикийн сургуулийнхан тэргүүлдэг байсан бол энэ онд техникийн гэх тодотголтой ШУТИС манлайлж чаджээ.

Сэтгэгдэл ( 0 )