Хорт утааны талаарх 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 31

Өнөөдөр дэлхий нийтээр тамхинаас татгалзах өдөр.  Энэхүү тамхины эсрэг өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн тэмдэглэж эхэлсэн. Энэ жил тамхины эсрэг өдрийг “Тамхины зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, дэмжлэгийг хориглоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Тамхи үйлдвэрлэгч, импортлогч аж ахуй нэгж тамхийг сурталчлах, ямар нэг тэмцээн уралдаан, үйл ажиллагааг ивээн тэтгэх хэлбэрээр тамхийг сурталчилах зэргийг хуулиар хориглосон байгаа хэдий ч өнөөдөр ил, далд тамхины сурталчилгаа байсаар байгаа тул ийнхүү тамхины эсрэг өдрийг энэ сэдвийн дор тэмдэглэхээр болсон байна.

 

  1. Жил болгоны энэ өдөр тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд  ухуулан таниулдаг болоод нэлээд хэдэн жил болж байна. Жилдээ ганц удаа ч болов ямар гээчийн хор хэрэглээд өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хордуулж байгаагаа эргэж нэг харахад буруудахгүй биз.
  2. Тамхи таван нас хороодог гэж мэдсээр, хэлсээр байж манай монголд эрчүүдийн 60% нь тамхи татдаг гэсэн тоо баримт бий. Зөвхөн эрэгтэй төдийгүй эмэгтэйчүүд, охидууд хүртэл маш ихээр татсаар байна. 
  3. Тамхи зөвхөн энэ дэлхий дээр амьдрах жаахан наснаас чинь хороогоод зогсохгүй, хоромхон зуур өөрчлөгдөх гоо сайхныг чинь хүртэл эрт аваад явчихдаг.
  4. Тийм учраас л тамхиа хая, тамхинаас гар гэж өрөөлөөрч хэлүүлээд, өөртөө ч сануулаад явдаг хүмүүс олон бий. Гэсэн ч нэгэнт сонирхоод орчихсон болохоор хаях гээд хаяж чадахгүй байгаа тамхийг яалтай билээ гэсэн цөхөрсөн хүмүүс цөөнгүй.
  5. Тамхи гэдэг нь татах буюу үнэрлэж хэрэглэхэд зориулсан, никотин агуулсан сэтгэц идэвхит бодис юм.
  6. Түүнчлэн сэтгэцэд сэргээж, мансууруулах нөлөө үзүүлэн улмаар донтуулах чадвар бүхий никотин хэмээх бодис агуулсан ургамлын гаралтай бүтээгдэхүүн.
  7. Тамхинд 4000 гаруй төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгэдэг 43 төрлийн хорт бодис агуулагддаг байна. Эрдэмтэд бүр 1920-иод оноос тамхи таталт хорт хавдартай холбоотой байна гэдгийг олж тогтоосон.
  8. Тамхинд донтох нь ОУ-ын 10-р ангилалд багтсан биеэ даасан өвчин төдийгүй, энэ өвчин нь бусад олон өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог байна.
  9. Тамхи нь төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг. Тамхины утааг сороход никотин нь уушигнаас цусаар дамжин 7 сек хүрэхгүй хугацаанд тархи болон бусад амин чухал эрхтнүүдэд хүрдэг. Мөн хамрын хорт хавдар, хэл, амны хөндий, шүлсний булчирхай, уруул, цагаан мөгөөрсөн хоолойн хорт хавдрууд, улаан хоолойн хорт хавдар, залгиурын хорт хавдар,төвөнхийн хорт хавдар, ходоодны хорт хавдар, бөөрний хорт хавдар, нойр булчирхайн хорт хавдар, шулуун гэдэсний хорт хавдар, хошногоны амсрын хорт хавдар, элэгний хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар зэрэг 40 гаруй өвчнөөр өвчлөх эрсдэлтэй.

10.  Тамхинаас үүдэлтэй өвчнөөр жил бүр 5,4 сая хүн нас барж байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ тоо 10 сая хүрэх төлөвтэй байна. Өнгөрсөн зуунд 100 сая хүн тамхины хор хөнөөлөөс болж нас барсан бол энэ зуунд 1 тэрбум хүрнэ гэж тооцоолсон эмгэнэлтэй судалгаа ч гарсан байна.

11.  Тамхи татдаггүй хүн тамхичин хүний татсан тамхины утаагаар амьсгалахыг дам /идэвхигүй/ тамхидалт гэнэ. Татаж буй тамхины утааны 20 хувь нь эзнийхээ уушгинд үлдэж, үлдсэн 80 хувь нь орчны агаарт дэгдэн өөрийгөө болон эргэн тойрны хүнийг хордуулдаг.

12.  Тамхичинтай хамт амьдарч байгаа болон хамт ажиллаж байгаа хүмүүс төдийгүй ресторан, баар, үзвэр үйлчилгээний газар, нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг олон нийтэд үйлчилдэг газруудад хүмүүс дам тамхидалданд илүү их өртдөг.

13.  Нэг гэр бүлд 1 хүн тамхи татдаг бол хүүхэд 68,3%, 2 хүн тамхи татдаг бол хүүхэд 98,6% амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэлтэй байдаг байна.

14.  Манай улсад 2005 онд батлагдсан Тамхины хяналтын суурь конвенци байдаг бөгөөд дэлхийн 168 оронд хүлээн зөвшөөрчээ. Конвенци нь тамхины эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтийг багасгах үндсэн зорилготой юм.

15.  Түүнчлэн 2012 оны 10 сарын 24-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тус нэмэлт өөрчлөл энэ оны гуравдугаар сарын 1-с хэрэгжиж эхэлсэн билээ.

16.  Энэхүү шинэчилсэн найруулгад шатахуун түгээгүүрийн газар шатах, тослох, тэсэрч дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах, зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин, агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гадаад орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн гэх газруудад тамхи татахыг хориглосон.

17.  Дээрх хуулийн хэрэгжилтэнд Засгийн газар, бүх шатны Засаг дарга ,Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар,нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар ,Цагдаагийн бие бүрэлдэхүүн, Эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан,Салбар нэгжийн удирдлагууд хяналт тавин ажиллахаас гадна иргэд ч оролцон хянаж үр дүнтэй хэрэгжиж байгаа.

18.  Харин “Тамхины хяналтын тухай ” хуулинд зааснаар хуулийг зөрчсөн иргэнийг 50 000 төгрөг ,албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин, хуулийн этгээдийг 25-50 дахин нэмэгдүүлэн төлүүлэх хариуцлагыг хүлээлгэх болсон.

19.  Уг хууль гарснаар тамхи татдаг хүмүүсийн тамхи илт багассан нь харагдсан бөгөөд тамхи нь багасна гэдэг мөн хувь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж буй.

20.  Тамхи хаяхын маш сайн тал бол та маш их мөнгө хэмнэж чадна. Тамхи хямд биш бөгөөд та өдөрт хэд, хэдийг татдаг байх магадлалтай. Яагаад тамхинд зарцуулах мөнгөө цуглуулаад эртнээс хүсч байсан зүйлээ худалдаж авч болохгүй гэж?



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top