Шинэчлэлт: 8 цаг 7 минутын өмнө

Орон сууцны 8 хувийн зээл олгох журам

Огноо: 2013 оны 06 сарын 17
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 
2013 оны  5 дугаар 
сарын 30-ны өдөр                                                                 Улаанбаатар хот
                                                   Дугаар 200                                                                                                           

ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН
ЕРӨНХИЙ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 
      Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
 
     1. “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
 
     2. Орон сууцны зээлийн хөнгөлөлтөд хамрах зорилтот бүлэгт үзүүлэх хөнгөлөлтийг тодорхойлох, хэрэгжүүлэх байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар тодорхой санал боловсруулан энэ оны 7 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт тус тус даалгасугай.
 
     3. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа, түүний тэмдэглэлийн агуулга, тэмдэглэл хийх журмыг хамтран батлахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгаж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд зөвлөсүгэй.
 
     4.  Тусгай зөвшөөрөлтэй компани, түүнийг үүсгэн байгуулахтай холбогдсон харилцаа болон үнэт цаас, түүний барьцаа хөрөнгийн бүртгэлтэй холбогдсон харилцааг шинэчлэх арга хэмжээ авахыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд зөвлөсүгэй.
 
     5. Энэхүү тогтоолын хавсралтаар баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг олон нийтэд мэдээлэх, сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт тус тус даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.
 
                                              Монгол Улсын Ерөнхий сайд       Н.АЛТАНХУЯГ
 
                                          Барилга, хот байгуулалтын сайд    Ц.БАЯРСАЙХАН


Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралт

 

ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

      1.1.  Энэ журмын зорилго нь Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын иргэд (цаашид “Зээлдэгч” гэх)-д олгох орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлийг тогтооход оршино.
      1.2. Энэ журмаар олгох ипотекийн зээлийг Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд, заавал байлгах нөөцийн шаардлагыг ханган ажиллаж буй банкаар дамжуулан олгоно.
      1.3. Энэ журмын дагуу инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол)-д бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууц (цаашид “шинэ орон сууц” гэх) болон инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, ашиглагдаж байгаа хуучин орон сууц (цаашид “хуучин орон сууц” гэх) худалдан авах хүсэлтэй Монгол Улсын иргэдэд орон сууцны ипотекийн зээлийг олгоно.
      1.4. Энэ журмын дагуу олгох ипотекийн зээлийн үйл ажиллагаа нь Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” болон тухайн банкны энэ журамд нийцүүлэн баталсан зээлийн үйл ажиллагааны журмын дагуу хэрэгжинэ.
     1.5.  Энэхүү журам нь Ипотекийн санхүүжилтийн тогтолцооны бүрдэл хэсэг болно.

Хоёр. Зээлийн ерөнхий нөхцөл

      2.1. Зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээ нь 80 м2-аас дээшгүй байх бөгөөд шинэ орон сууцны нийт талбайн хэмжээг “Орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу тооцно.
     2.2. Ипотекийн зээлийн хугацаа нь  20 хүртэл жил байна.
     2.3. Ипотекийн зээлийн хүү жилийн 8 (±1) хувь байх бөгөөд жилийн инфляциас хамаарч өөрчлөгдөж болно. Ипотекийн зээлийн хүү нь Засгийн газар, Монголбанк хооронд байгуулсан "Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох талаар хамтран ажиллах санамж бичиг"-ийн хүрээнд батлах "Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох журам"-ын дагуу тодорхойлогдоно.    
      2.4. Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ орон сууцны үнийн дүнгийн 10-30 хувь хүртэл байна. Зорилтот бүлэгт үзүүлэх урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээний хөнгөлөлтийн нөхцөлийг Засгийн газар тусгайлан тодорхойлно.
      2.5. Зээлдэгч өөрийн өмчлөлд байгаа хуучин орон сууцаа барьцаалан зээл авч, энэ журмын дагуу олгох орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг төлж болно.
      2.6. Зээлдэгчийн өр, орлогын харьцаа нь Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-д зааснаар татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байна.
      2.7. Зээлийн барьцаа нь энэ журмын 2.5-д заасан хуучин орон сууц болон энэ журмын дагуу олгосон зээлээр худалдан авах орон сууц байна.
      2.8. Зээлдэгч орон сууцны ипотекийн зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө урьдчилан бүрэн төлж болно.
      2.9.  Энэ журмаар олгох зээл нь бүрэн хорогдох, тогтмол хүүтэй зээл байна.
      2.10. Өмнө нь олгосон орон сууцны ипотекийн зээлийг энэ журмын дагуу олгох орон сууцны ипотекийн зээлд шилжүүлж, зээлийн дахин санхүүжилт хийж болно.
      2.11. Банк зээлийн дахин санхүүжилт хийхдээ дараахь зарчмыг баримтална:
     2.11.1. дахин санхүүжилтийн хэмжээ өмнөх орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдлээс ихгүй байх;
     2.11.2. дахин санхүүжилт хүсэгч зээлдэгч нь зээлийн нөхцөлийн болон зээлдэгчийн шалгуур, барьцаа хөрөнгийн шалгуурыг тус тус хангасан байх;
    2.11.3. дахин санхүүжилт хүсэгч зээлдэгч нь сүүлийн 6 сарын хугацаанд зээлийн сайн түүхтэй, зээлийн эргэн төлөлт нь хэвийн ангилалд байх;
  2.11.4. дахин санхүүжилтээр олгож байгаа орон сууцны ипотекийн зээл нь бүрэн хорогдох, тогтмол хүүтэй байх.
 2.12. Энэ журмын 3.1.3, 3.1.4-т заасны дагуу олгосон орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдлийг энэ журмын дагуу олгох зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэхгүй.
 2.13. Нийтийн зориулалттай орон сууцны ипотекийн зээлээс бусад ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэхгүй.

Гурав. Зээлдэгчид тавих шалгуур үзүүлэлт

 3.1. Энэ журмын дагуу орон сууцны ипотекийн зээл авах хүсэлт гаргаж байгаа иргэн дараахь шаардлагыг хангасан байна:
3.1.1. Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
3.1.2. банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
3.1.3. өрхийн  гишүүний аль нэг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
3.1.4. өрхийн1 гишүүний аль нэг нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд (хуучнаар), Сангийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
          3.1.5. барьцаалбар үйлдсэн байх.
      3.2. Энэ журмын дагуу олгох ипотекийн зээлийн барьцаа болох орон сууц нь дараахь шаардлагыг хангасан байна:
           3.2.1. Монгол Улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх;
           3.2.2. нийт талбай нь 80 м2-аас дээшгүй орон сууц байх;
           3.2.3. инженерийн дэд бүтэц бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууц байх;
          3.2.4. инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, ашиглагдаж байгаа хуучин орон сууц байх;
 3.2.5. Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-д заасны дагуу хөрөнгийн болон амь насны даатгалд хамрагдсан байх;
 3.2.6. эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх;
 3.2.7.  банк ипотекийн зээлийн барьцаа болж байгаа орон сууцны чанар, ашиглалтын байдал, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах нөхцөлтэй холбоотой нэмэлт шаардлага тавих эрхтэй байна.

Дөрөв. Бусад

      4.1.  Энэ журмын хэрэгжилтэд орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, сангийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тус тус хяналт тавьж ажиллана.
 4.2. Энэ журмын заалттай холбоотой маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд нэгдсэн шийдвэрт эс хүрвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
 4.3. Энэ журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
АНХААРУУЛГА:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЭТГЭГДЛҮҮД
Энхтуяа 103.26.194.146 Дээр урьдчилгаандаа хуучин орон сууцаа барьцаалж болно гэсэн байна. Манай дүү ээжийнхээ хувийн байшин хашааг урьдчилгаандаа барьцаалан орон сууцны зээлд хамрагдья гэхээр хашаа байшин болохгүй гэсэн байхын яагаад болохгүй юм болоо
Цэцгээ 122.254.127.66 Хуучин зээлтэй байсан хүнд банкууд 8 хувийн зээл рүү шилжихэд яагаад 30%-ийн хүүг төлсөн байх ёстой шаардлага тавиад байгаа юм вэ Гэтэл шинээр авч байгаа хүмүүс 10-30%-н урьдчилгаа төлж байгаа биз дээ Дээрх журманд тэгэж заасан юм алга байна яагад хуулиа хэрэгжүүлэхдээ ялгавартай хандлага гаргаад хуулиа гуйвуулаад байдаг юм вэ боломжтой байсан бол 30 хувиа төлчихсөн байсан байх зөрүүг нь бэлэн төлөх боломж тэр болгон хүнд байх уу бас үндсэн зээл төлөлтөөрөө төлөх гэхээр ж-нь 2015-16 он хүртэл төлж байж нэг юм 8%-д шилжих болж байгаа нь үнэхээр хэцүүгээс гадна тэр хүртэл ямарч болоо билээ Дөнгөж саяхан гарсан хуулиа ингэж гуйвуулж байгаа юм чинь ам ажил 2 чинь амьдралд дээр зөрөөд байгаа ют биш үү
баяртогтох 119.40.102.127 байраа авчихсан хүмүүсээ адилхан л зээлэндээ хамруулж болдоггүй юм уу 6 сарын эргэн төлөлт хэцүү байна ш үү дээ
баяртогтох 119.40.102.127 байраа авчихсан хүмүүсээ адилхан л зээлэндээ хамруулж болдоггүй юм уу 6 сарын эргэн төлөлт хэцүү байна ш үү дээ
од 119.40.102.127 6 сар утгагүй байна банкны өндөр хүүг 6 сараар дэмжиж байна хэдэн арван хүний 6 сарын төлөлт хэдэн төгрөг болох гэж бодохоор банкнуудын талд гарсан байна. төр засагтаа хүндрэл учруулалгүй өөрсдийн бололцоогоор байраа авчихаад байхад дахиад 6 сар банканд өндөр хүү төлнө нэг журам гаргахаараа яагаад дандаа боож хаасан юм болгож байдаг байнааааааааааа
зээлдэгч 202.179.13.27 заавал 6 сарын зээлийн түүх шаардлагатай юмуу манай зээлийн эдийн засагч та 30 хувийн урьдчилгаагаа нөхөөд хийвэл ззээлийг чинь хөрвүүлж өгнө гээд дутуу хийсэн 10 хувь буюу 4800000төг банкинд хийлгүүлсэн харин гэтэл 2 хоногийн дараа та зээл аваад 6 сар болоогүй учир та энэ хөнгөлөлтөнд хамрагдахгүй юм байна гэсэн ёстой хариуцлагагүй эдийн засагчаас болж би нэмээд 4800000төгрөгни өрөнд орлоо
халиун 180.149.97.186 байртай хүмүүс нь л дахиж байр авах юмуу би хашаа байшингаа барьцаалаад байртай болж болохгүй хэцүү юм бэ. Тэгээд ах дүү хамаатан саднаасаа гуйгаад тэгье дэмжээд өгье гэхээр өөриин эсвэл аав ээжийн байр гэсэн байх юмаа энэ дарга нар хууль журам баталж байгаа хүмүүс амьдралаас тасарцан өөр гаригаас ирсэн хүмүүс байдаггүй л баймаар юм. Ээж аав нь байргүй уридчилгаа төлбөргүй хүн байрны тухай мөрөөдөөд ч хэрэггүй юм бна л даа
  • 2014 оны 01 сарын 09
би монгол 122.254.115.48 6 сар болоогүй ч энэ хөнгөлөлтөнд хамрагдана. тэр эдийн засагч ньжурмаа буруу ойлгоод таныг хохироогоод байна.аль нэг өмгөөлөгчөөс энэ тухай зөвлөгөө аваад хөөцөлдөөрэй.
  • 2013 оны 08 сарын 01

я 202.170.69.196 арай ч утгагүй зээл барьцаа хөрөнгөтэй байх естой барьцаа хөрөнгө н байртай байх естой гэнээ үнхээр байр хайж бгаа хүмүүсийг дэмжээгүй зээл байртай хүмүүс л дахин нэмж зээл авна гэж хөөцөлдөж бна байргүй хүмүүс барьцаа хөрөнгөгүй учраас авч чадахгүй
я 202.170.69.196 арай ч утгагүй зээл барьцаа хөрөнгөтэй байх естой барьцаа хөрөнгө н байртай байх естой гэнээ үнхээр байр хайж бгаа хүмүүсийг дэмжээгүй зээл байртай хүмүүс л дахин нэмж зээл авна гэж хөөцөлдөж бна байргүй хүмүүс барьцаа хөрөнгөгүй учраас авч чадахгүй
Шинэ мэдээ