Д.Шинэцог-Гени: Гран при шагналуудаа Болгарын наадамд гаргах амжилтаар мялаана

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

Aвстрийн Вена хотод зохиогдсон нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн /Franz Peter Schubert/ нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадамд амжилттай оролцож, хос Гран при шагнал хүртсэн “Домог” хамтлагийн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Энэхүү наадамд нийт 50 гаруй орны уран бүтээлчид оролцсон бөгөөд манай улсыг төлөөлж язгуур урлагийн “Домог” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож "Хамтлагийн төрөлд" нь тэргүүн байр эзэлсний зэрэгцээ гоцлол хөгжмийн төрөлд тус хамтлагийн хөгжимчин, морин хуурч Д.Шинэцог-Гени тэргүүн байр эзэлсэн юм. Ийнхүү олон улсын хөгжимчдийн их өрсөлдөөн дундаас онцгойрон хос Гран при хүртээд ирсэн “Домог” хамтлагийн хөгжимчин, морин хуурч Д.Шинэцог-Генийг бид ярилцлагынхаа буланд урьсан юм.

-Энэ том наадмаас хос Гран при хүртээд ирсэн тухай мэдээг тань сонсоод олон хүн баярлаж байгаа биз ээ. Наадам хэдий хугацаанд үргэлжилсэн бол?

-Дэлхийн хөгжмийн нийслэл гэж яригддаг Австрийн Вена хотноо энэ сарын 7-ноос 9-ний хооронд болсон Олон улсын хөгжимчдийн наадамд бид амжилттай оролцоод ирлээ. Наадам маань “Хамтлагийн төрөл”, мөн “Гоцлол хөгжимчний төрөл” гэсэн хоёр ангиллаар зохиогдсон. Энэ хоёр төрөлд тэргүүлж, монголынхоо урлагийн хөгжлийг дэлхийн тавцанд харуулж чадсандаа маш их баяртай байгаа. Тэнд 20 гаруй орны 70 гаруй уран бүтээлчид оролцсон. “Хамтлагийн төрөл”-д нэгдүгээр байрт “Домог” хамтлаг, хоёрдугаар байрт Солонгосын сонгодог хөгжмийн хамтлаг шалгарлаа. “Гоцлол хөгжимчний төрөл”-д мөн монголын уран бүтээлч буюу Д.Шинэцог-Гени миний бие, хоёрдугаар байрт Австрийн гитарчин, гуравдугаар байрт Грекийн контрбасс хөгжимчин орсон. Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам ахлагчтай найман хүний баг Австрийн Вена хотыг энэ их амжилтаараа “шуугиулаад” ирлээ./инээв/

-Хамтлагийн болон гоцлол хөгжимчний төрөлд ямар бүтээлүүдээ сонирхуулав?

-Наадамд оролцсон хүмүүс ямар ч бүтээл тоглож болох юм билээ. Харин хугацаа заачихсан байдаг учраас энэ талаар бодолцох хэрэгтэй. Хамтлагийн төрөл нь долоон минут, гоцлол хөгжимчний төрөл нь таван минутын хугацаатай. Миний хувьд, хөгжмийн зохиолч н.Өлзийбаярын “Морин хуурын концерт”-ыг сонирхуулсан. 2011 онд зохиогдсон  энэ бүтээл “Алтан намар” хөгжмийн наадмын Гран при шагналыг хүртэж байсан түүхтэй. Тухайн үед би Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй хамт тоглож байсан бол, энэ удаад Морин хуурын чуулгын төгөлдөр хуурч н.Баярцэцэг багштайгаа хамт тоглолоо. Би хар багаасаа л н.Баярцэцэг багштайгаа хамт тоглож, түүнээс суралцаж өссөн. Тэр ч утгаараа энэ наадамд багштайгаа хамт оролцож, төгөлдөр хуурын гоцлолтой цуг тоглосон юм. “Домог” хамтлагийн хувьд, уламжлалаа даган хөөмий, морин хуур, тэр тусмаа монголын брэнд урлаг гэж яригдаж байгаа “Алтайн магтаал”-ыг зориуд сонгож, өөрсдийнхөө найруулгаар тоглосон. Хоёр дахь удаад нь морин хуурын гайхамшиг, Монгол хөгжимчдийнхөө чадварыг харуулахын тулд алдарт морин хуурч Чибулагийн бүтээл болох “Түмэн агтны төвөргөөн”-ийг сонгож, өөрсдөө найруулж тоглолоо. Д.Сосорбарам гавьяат маань ч энэ бүтээлийг сонгож тоглохыг бидэнд зөвлөсөн. Үзэгчид үнэхээр сайхан хүлээж авсан шүү, бүр босч ирж алга ташин баяр хүргэж байлаа.

-Дэлхийн 20 гаруй орны уран бүтээлчид цугласан гэхээр шилдгүүд өрсөлдсөн нь мэдээж байх?

-Тэгэлгүй яахав. Их, дээд сургуулийн оюутнууд болон төгсөгчид, мөн Vertous буюу мэргэжлийн ур чадвартай хөгжимчид оролцсон.

-Мэдээж, та бүхний хувьд хүчтэй өрсөлдөгч гэж хэлж болохоор уран бүтээлчид аль орных байв?

-Орон орны уран бүтээлчдийн тоглож байгаа арга барил, хөгжмийн төрөл нь их сонирхолтой санагдаж байсан шүү. Австрийн гитарчин их чадварлаг тоглодог юм билээ. Хамтран тоглогчид нь ирээгүй учраас тэр ганцаараа гоцлон тоглосон. Түүний тоглосон гурван дууны нэг нь л гэхэд, дэлхийд алдартай “Карибын тэнгисийн дээрэмчин” киноны саундтрейк байх жишээтэй. Хүмүүс маш их сонирхож, хүлээж авсан. “Хамтлагийн төрөл”-д хоёрдугаар байр эзэлсэн Солонгосын сонгодог хөгжмийн хамтлаг хэрхэн тоглосныг бид үнэндээ сонсч амжаагүй. Өглөө есөн цагаас эхлээд орой дөрвөн цаг хүртэл үргэлжилсэн болохоор уг наадамд оролцсон хүн бүрийн тоглолтыг үзэх боломжгүй юм билээ. Бид нарыг үдийн цайндаа орсон хойгуур Солонгосын уран бүтээлчид тоглосон гэсэн.

-Тэмцээнд оролцохоосоо өмнө ямар уран бүтээл дээр ажиллаж байв. Хамтлагийн хоёр дахь цомог гарсан уу?

-“Домог-1” цомгоо “дүүтэй” болгох цаг дөхсөн. “Домог-2” цомог маань бараг бэлэн болчихсон байгаа. Ганц хоёр асуудал дээр хүлээгдэх шинжтэй.

-Таны хувьд, анхны бие даасан цомог тань “Миний зүрхний аялгуу” байсан. Хоёр дахь нь буюу “Өнө Мөнхлэй” цомгоо хэдхэн сарын өмнө гаргасан байна лээ?

-Тийм ээ, энэ оны эхээр гарсан. Мөн өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр буюу Австри руу явахын өмнөхөн бас нэгэн цомог гаргасан. Энэ онд ер нь их “ургац” ихтэй байна аа./инээв/ Ардын дуу бүжгийн чуулгын уртын дууч н.Энхбаатар найзтайгаа хамтарч шинэ цомог гаргасан. Монголын морин хуур, хөөмий, уртын дуу гэж юу байдгийг жинхэнэ натур байдлаар нь харуулж, сайхан цомог гаргая гэж зорьсон. Энд ямар нэгэн засвар, гоёл чимэглэл байхгүй. Энэ цомог маань аль хэдийнэ худалдаанд гарч, олны хүртээл болоод эхэлчихсэн шүү.

-Шинэ оноо угтав уу, үгүй юу л цомог “бөөндөж”, томоохон наадмаас шагнал хүртээд ирлээ. Энэ жил уран бүтээлийн олз омог ихтэй байх нь дээ?

-Үнэхээр тэгэх байх. Ирэх наймдугаар сард бид Болгар улсыг зорьж, ардын урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа. Өнгөрсөн жил энэ тэмцээнд дэлхийн 60 гаруй орны уран бүтээлчид оролцсоноос Индонез улс тэргүүлсэн юм билээ. Тэмцээний бичлэгээс сонирхож байхад, зөвхөн Индонез улсаас гэхэд л 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон байна лээ. Дуучид, хөгжимчид, бүжигчид гээд л бараг ансамбль маягийн баг бүрдэнэ. Энэ тэмцээн нь дотроо гурван төрөлтэй. Нэгдүгээр төрөл нь дан хөгжим учраас “Домог” хамтлаг таван хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоно. Хоёрдугаар төрөл нь ансамбль. Энэ нь “Домог” групп гэдэг нэрэн дор явж байгаа. Уран нугараач, дөрвөн бүжигчин, уртын дуучин Энхбаатар, Болормаатайгаа хамт ансамбль болж оролцоно доо. Гурав дахь төрөл нь шилдэг найруулагч шалгаруулах зорилготой юм билээ. Улс орон бүрээс ирж байгаа уран бүтээлчдийг ахалж яваа найруулагчид хамааралтай гэсэн үг. Манай багийн тоглолтыг Д.Сосорбарам ах маань найруулж явна. Уг  тэмцээнийг Болгар улстай хамтран ЮНЕСКО-гоос тусгайлан зохион байгуулдаг учраас энэ төрөлд шалгарсан найруулагч ЮНЕСКО-гийн нэрэмжит шагнал хүртэнэ. Тиймээс бид Австри улсаас ирсэн даруйдаа дараагийн тэмцээнийхээ бэлтгэл ажилд шууд орчихсон явна.

-Таныг ирэх намар анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа талаар хэвлэлд мэдээлсэн байна лээ?

-Тийм ээ, уг нь ирэх намар хийх бодолтой байгаа. Одоохондоо ийм их ажилтай байгаа учраас энэ талаар сайн бодож амжихгүй л явна. Гэхдээ нэлээд бодож боловсруулж, мөрөөдөж яваа учраас зорьсон бүхнээ заавал хэрэгжүүлнэ ээ. Хэрэв тоглолтоо хийвэл шилдэг таван зохиолоос тоглохоор төлөвлөж байгаа.

-Хөгжмийн зохиолч Б.Чинбатын зохиол болох “Аравт” түүхэн уран сайхны киноны хөгжмийг тоглосон гэдгээр чинь хүмүүс таныг мэдэх биз. Б.Чинбаттай хамтарч нэлээд уран бүтээл хийсэн байх?

-Өө, зөндөө шүү дээ. Хамгийн сүүлд бид хоёр гавьяат жүжигчин Б.Сарантуяа эгчийн дуун дээр хамтарч ажилласан. “Аравт” киноноос хойш маш олон уран бүтээл гаргасан. Чинбаагийн өөрийнх нь зохиосон бүтээлээс гадна өөр уран бүтээлчдийн хөгжмийг ч тоглож байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав ахын зохиосон хөгжмийг Чинбаа найруулж, би хуурын аялгууг нь тоглосон. Энэ мэтчилэн үргэлж л холбоотой ажилладаг.

-Д.Сосорбарам гавьяат анх ардын язгуур урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулж тоглодог таван хамтлагийн хамтарсан тоглолтыг зохион байгуулсан. Түүнээс хойш та бүхэн эрхэм гавьяаттай хамтарч ажиллах болов у, аль эсвэл?

-2011 оны арванхоёрдугаар сард манай “Домог” хамтлагийн таван жилийн ойн концерт болсон шүү дээ. Д.Сосорбарам гавьяаттай эчнээ танил, ганц нэг дуун дээр нь морин хуур тоглодог байсан учраас би ахыгаа их хүндэтгэж явдаг. Мөн аавтай минь мэргэжил нэгтэй хүн болохоор хувьдаа их бахархана. Миний аав жүжигчин, кино найруулагч Доржням гэж хүн бий. Со ахдаа “Манай тоглолтын найруулагч юмуу хөтлөгчөөр ажиллаж туслаач” гэсэн хүсэлт тавихад маш уриалгахан хүлээж авсан. Тэгээд тоглолтод маань сайхан шүлэг уншиж, бага сага найруулга хийж өгсөн л дөө. “Домог” хамтлагтай хамтарч ажилладаг, уран бүтээлд нь оролцдог хүмүүс цөөнгүй бий. Шилдэг уран нугараач, авьяаслаг бүжигчид, гайхалтай уртын дуучдыг маань хараад Со ах “Бүгдээрээ нэг ансамбль маягаар  ажиллая” гэж хэлсэн. Үүнээс хойш Со ахтайгаа хамт ажиллах болсон доо. Өнгөрсөн онд л гэхэд, бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд дөрвөн ч оронд тоглоод ирлээ. 2012 онд Со ах эхний удаад таван хамтлагийн хамтарсан тоглолтыг зохион байгуулахаар шийдсэн. Дараа нь долоон хамтлагийн тоглолтыг хийлээ. 2014 онд есөн хамтлагийн хамтарсан тоглолтыг зохион байгуулах юм билээ. Цаашид энэ маягаар үргэлжлүүлэх байх л даа.

-Аав тань жүжигчин хүн гэлээ. Олонд хүрсэн бүтээлүүдээс нь дурдвал?

-Манай аав Зөвлөлт холбоот улсын Театр киноны дээд сургуулийг төгссөн. Орос школтой, хар залуугаасаа дарга хийсэн хүн дээ./инээв/ Тухайн үед сургууль төгссөн хүнийг улсаас хуваарилж, шууд ажилд нь томилдог байсан шүү дээ. Энэ жишгээр манай аав дарга болоод явчихсан байхгүй юу. Дарханы театртын даргаар ажиллаж байгаад Сүхбаатар аймгийн соёлын хэлтэст очих үед нь эгч, бид хоёр төрсөн гэдэг юм билээ. Түүний дараа “Сэлэнгий долгио” чуулгын дарга болсон. Уран бүтээлчийн хувиар ажиллах боломжгүй, дандаа дарга хийсээр яваад өдий хүрсэн дээ, аав минь. Харин сүүлийн үед өөрийнхөө хүссэнээр ажиллаж, уран бүтээлдээ шаргуу зүтгэж байна. Тухайн үед “Би эмээ болохгүй” гэдэг кино хийж байсныг нь би санадаг юм. Өөрөө найруулж, гол дүрд нь гавьяат жүжигчин Л.Чаминчулуун эгчтэй хамт тоглож байсан юмдаг. Дархан хотод байхдаа “Хамгийн муу цагдаа” нэртэй кино хийж байсан. Энэ мэтээр цөөнгүй уран бүтээл хийсэн ч, амьдралын шаардлагаар уран бүтээлдээ тууштай хандаж чадаагүй. Сүүлийн үед л янз бүрийн кинонд тоглох болж, саяхан хүртэл “Кинонд явж байна” гээд ярьж байсан./инээв/

-Ээж тань бас хуучирчин хүн гэл үү?

-Тийм ээ, манай ээж 1977 онд Хөгжмийн бүжгийн коллежийг төгссөн. Аавтай минь цуг хөдөөгүүр амьдарч, очсон газар болгоных нь театрт хөгжимчнөөр ажилладаг байсан. Сүүлд нь “Сэлэнгийн долгио” чуулгын хуучирчин байхад нь манайх хотод нүүж ирсэн. Түүнээс хойш ээж минь Бүх цэргийн дуу бүжгийн чуулгад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа. Миний урлагтай холбогдсон, өнөөдрийн гаргаж буй амжилт бүхэн аав ээжтэй минь яах аргагүй холбоотой гэж боддог. Уран бүтээлийг минь дэмжиж, бүх талаар тусалдаг аав ээж хоёртоо хайртай шүү гэж хэлмээр байна.

-Гэр бүлийн тань хүн мөн урлагийнх уу?

-Үгүй ээ, арай өөр мэргэжилтэй хүн бий. Эхнэрийг маань Э.Отгонтуяа гэдэг, философич мэргэжилтэй. Бид хоёр бас урлагт “нугасгүй” нэг хөөрхөн охинтой. Тун удахгүй зургаан нас хүрээд манай сургуулийн /Хөгжим бүжгийн коллеж/ хаалгыг татна даа. Одоо охин маань дөрвөн настай. Урлагийн авьяас, мэдрэмж байгааг аав нь хараад л байгаа. Хүүхэд багадаа ер нь сонсгол сайтай, мэдрэмжтэй, ритмтэй байх ёстой. Тэр бүхнийг нь аль хэдийнэ анзаараад эхэлчихсэн байгаа шүү./инээв/

-Таны хуурын цуглуулга найм хүрчихсэн байна лээ. Цааш нь нэмж цуглуулах уу?

-Ер нь би амьдралдаа 11 хуур барьсан. Зарим нь алга болсон, бас янз бүрийн тохиолдлоор гээгдсэн байх жишээтэй. Одоо байгаа хуур нь найм. Энэ тэмцээнд би н.Энхболд ахын дөрвөн жилийн өмнө хийж өгсөн бор хуураар оролцсон. Ер нь өөрт байгаа хууруудаар ээлжилж тоглодог л доо. Гэхдээ яг мэргэжлийн болоод тоглож гаршсан нь тэр бор хуур. “Аравт” киноны хөгжмийг тоглож буй клипэн дээр ясан хуур барьсан нь хүмүүст их сонирхолтой санагдсан байх. Гэхдээ манай “Алтан ураг” хамтлагийн ах нар “Мангас хуур”-аар тоглодог шүү дээ. “Домог” хамтлагийн н.Энхсайхан дүүгийн маань тоглодог хуур л гэхэд, эртний олдвороос дүрсэлж хийсэн. Бид нар хамтлагийнхаа бүх хуурыг тийм болгох гэж байгаа. Харин мэргэжлийн талаасаа гэвэл, өөр өөрсдийн хуурыг тусдаа зэхнэ.

-Стиль имижийн хувьд, жаахан “хүнддэх” гээд байдаг гэж ярьсан удаатай. Одоо хуучин хэв маягаараа байх уу, аль эсвэл?

-Одоо бараг зургаа, долоон хувцастай болчихсон шүү. Хийц загварын хувьд, янз бүр болж байна. “Аравт” киноноос хойш илүү түүхэн хэв маягийг илтгэсэн хувцас хэрэглэл сонирхож эхэлсэн нь яах аргагүй цаг үеэ дагаж байгаагийн шинж.

-Тэмцээнд оролцох зардлаа хаанаас, хэрхэн зохицуулсан бэ?

-Санхүүгийн тал дээр Д.Сосорбарам ах маань биднийг дэмжиж тусалсан. Энэ тэмцээний тухай н.Цацрал эгч маань интернэтээс олж мэдээд намайг оролцооч гэсэн. Тэгэхээр нь би хамтлагийнхаа ахлагчтай цуг ярилцаад Со ахад хэлсэн чинь “Бололгүй яахав. Шууд бэлтгэлдээ ор. Мөнгө төгрөгөнд санаа зоволтгүй. Хэдийд бэлэн болох ёстой юм” гэсэн. Монголын тамирчид дэлхийн тавцанд нэрээ дуурсгаж байгаа энэ үед урлагийнхан маань ч гэсэн хичээж зүтгэх ёстой. Энэ тал дээр Со ах маань ихэд чармайж, амжилт гаргахын төлөө зорьсон нь биеллээ оллоо. Одоо бас Болгарт болох тэмцээний зардалд санаа зоволтгүй гээд байгаа. Их сайхан болно, амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа шүү, бид.

-Д.Сосорбарам гавьяат Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа. Та бүхэн ч бас энэ арга хэмжээнд голлох үүрэг гүйцэтгэнэ биз?

-Тэгэлгүй яахав. Наадмын нээлтийн арга хэмжээнд долоон хамтлаг маань оролцоно. 13-нд Хүй долоо худагт Хана цэцгийн салют буудуулах арга хэмжээ болох юм билээ. Тэр бүхэнтэй хамт орой нь эдгээр хамтлагийн тоглолтыг үзэгч олонд сонирхуулах байх.

-Шинэцог гэсэн нэрний ард сүүлийн үед Гени гэж харагдах боллоо. Энэ ямар учиртай юм бэ?

-Хүмүүс их асуудаг л даа, яривал их урт түүх болно. Энэ бол миний бүтэн нэр. Сүүлд нь нэмсэн ч юмуу, урлагийн нэр биш. Шинэцог-Гени нэрэнд минь их олон билэгдэл агуулагдсан. Та миний иргэний үнэмлэхийг үзэх үү./инээв/  Гэр бүл, хамаатан садныхан маань намайг Шинэцог гэж бараг мэдэхгүй. Зүгээр л Гени гэж дууддаг юм. Шинээ гэдэг нэрээр найз нөхөд, үе тэнгийнхэн маань дуудна. Цог гэдгээр нь урлагийнхан маань мэднэ. Тухайлбал, манай Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай л гэхэд “За, Цог хүүгээр юу байна вэ” гэх жишээтэй. Ингээд бараг гурван нэртэй болчихсон юм шиг байна, их сонин шүү. Хүмүүс юу гэх нь хамаагүй, өөр өөрсдийнхөөрөө л дуудаг.

-Ярилцсанд баярлалаа, уран бүтээлийн тань их амжилтаар эргэн уулзая.  

Р.МӨНГӨН                

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top