Галдан бошигт цагдаагийн дүрд хувирч “Төрийн дайсан-II” кинонд тоглох нь

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

“Монгол кино нэгтгэл”, “Absolute pictures”-ийн бүтээл болох “Төрийн дайсан” адал явдалт уран сайхны кино гурван жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон билээ. Томоохон хэргийн араас мөрдсөн цагдаагийн ажилтны эхнэрийг хороож, гэмт үйлдэлд буруутгасан этгээдүүд хэрхэн илчлэгдэж, хөөрхий хэлмэгдсэн цагдаа өргөсөн тангарагаа биелүүлэхийн төлөө өөрийгөө золиосолж буйг харуулсан энэхүү киног мэргэжилтнүүд өндрөөр үнэлсэн байдаг.

Тэгвэл өдгөө тус киноны хоёрдугаар анги үзэгчдийн хүртээл болох цаг ойртсон бөгөөд энэ удаа Монголын уул уурхайн томоохон ордод шунасан гадаадын компанийг тойрсон асуудлыг тод харуулах ажээ. “Төрийн дайсан” киноны ерөнхий найруулагч, жүжигчин  П.Дэлгэрбаяр уг бүтээлийнхээ хоёрдугаар ангийг ирэх онд үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Шинэ ангид тоглох жүжигчдийн бүрэлдэхүүнд төдийлөн өөрчлөлт орохгүй бөгөөд гол дүрийн жүжигчин М.Мягмартай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

2009 онд “Төрийн дайсан” кинонд М.Мягмар, Д.Лхагва, О.Долгор, С.Батчимэг болон бусад жүжигчид тоглож байсэн билээ. "Ану хатан" түүхэн сэдэвт кинонд Галдан бошигт хааны дүрийг гайхалтай бүтээж, СТА цол тэмдгээр өөрийн чадвараа үнэлүүлсэн жүжигчин М.Мягмар ийнхүү "Төрийн дайсан-II" киног амилуулах нь ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top