Шинэчлэлт: 3 цаг 8 минутын өмнө

Дэлхийн эдийн засгийн хямрал, мухардал

Огноо: 2013 оны 07 сарын 04

1. Хөдөлмөр ба капитал

XIX зууны улс төр, эдийн засгийн ухааны хөдөлмөрийн өртөгийн онолоор бол аливаа хөдөлмөрийн үр дүн нь энэ үр дүнг бий болгож байдаг үйлдвэрлэлийн хоёр гол оролцогчдын дунд тэгш бус хуваарилагдаж байдаг. Капитализмын үндсэн зарчим ёсоор үйлдвэрлэлийн хэрэгслийг эзэмшигч хөдөлмөрийн үр дүнг бүхэлд нь өөрийн өмч гэж үздэг тул хөдөлмөрийн эзэд нь бүтээж байгаа энэ капиталынхаа хөлсөнд энэ капиталын үнэ цэнийг зах зээл дээр бууруулахгүй хадгалж байх тийм худалдан авах чадварыг хангах хэмжээний цалин хөлсийг авдаггүй юм!

 Чухам ийм учраас хэрэглэгчдийн худалдан авах чадвартай нь харьцуулбал эздийн гар дээр үлдэж байгаа капиталын энэ асар хурдан өсөлт нь эргээд капитализмын өөрийнх нь хамгийн гол эмзэг асуудал болж хувирдаг. Энд асуудлын гол нь энэхүү капитал зөвхөн мөнгөн хэлбэрээр байхаас гадна мөн бусад актив - үнэт цаас хэлбэрүүдээр мөн оршиж байдаг. Харин энэхүү капиталын үнэ цэнэ нь түүнийг өөр хэн нэгэн этгээд худалдан авч чадах төлбөрийн чадвартай хүсэл эрмэлзлэлээр тодорхойлогдох ба энэ үнэ цэнэ нь эцсийн эцэст улсын эсвэл хувь хүмүүсийн эрэлтэд тулж зогсдог. Гэвч нийгмийн дийлэнхи олонхи энэхүү үйлдвэрлэлийн харилцаанд капиталын /үйлдвэрлэлийн хэрэгсэл, бусад материалаг нөөцийн актив эзэмшигчийн/ талаас бус харин хөдөлмөрийн ажиллах хүчний талаас оролцдог тул хүмүүсийн худалдан авах чадвартай эрэлт нь капиталын өсөлтөөс үлэмж ихээр хоцорч байдаг. Иймээс ерөнхийдөө хүмүүсийн, цаашлаад Засгийн газрын НИЙТ ЭРЭЛТ капиталын байнгын хурдтай өсөлтийг гүйцэхгүй учир капиталыг өөрийг нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нь буурах эсхүл түүний ашиглалтын үр ашгийг бууруулж үнэгүйдүүлж байдаг юм. Энэ нь цаашилж системийн гүнзгий дотоод гажуудал, үр дагавруудад эцэстээ хүргэдэг. 

        Капиталимзмын орчинд төр улс нь, ихэнхи хүмүүс дөнгөж хэрэгцээгээ хангаж амь зогоохоос илүү мөнгөгүй байдаг учраас эдийн засаг дахь нийт эрэлтийн өсөлтийн хурд нь капиталын өсөлтийн хурдтай харьцуулахад байнга буурч байгаа нь эргээд капиталын өөрийнх нь ашгийг буурахад хүргэж ирсэн юм. Капиталын хувьд энэхүү эмзэг хүнд асуудлыг шийдвэрлэх нь зарчмын чухал ач холбогдолтой зүйл байдаг учир хүн төрөлхтний түүхийн турш үүнийг 3 үндсэн замаар шийдвэрлэж ирсэн юм. Сонгодог капитализмын үед байнга үүсч байсан хэт үйлдвэрлэлийн хямралуудыг баялагийг дахин хуваарилах ба илүүдэл капиталыг эргэлтээс гаргах замаар шийдэж байсан боловч дэлхийн эдийн засаг томрохын хирээр энэ аргыг хэрэглэх боломж улам улам багассаар ирсэн юм.

       Хоёр дахь хэрэглэж ирсэн арга зам бол нэгэнт бий болсон илүүдэл капиталыг өөр бусад улс орон уруу гаргаж тэнд байршуулж ашиг олох бодлого байсан ба үүнийг XIX зууны сүүлчээс имперализм гэж албан ёсоор нэрлэх болсон байна. Энэ нь хүчирхэг капиталист эдийн засагтай байсан орнууд өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахаас гадна мөн өөрсдийн илүүдэл капиталыг гадагш гаргаж байршуулахын тулд бусад харьцангуй буурай хөгжилтэй улс орнуудын газар нутаг, шинэ түүхий эд ба бэлэн бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлүүдийг нь булаацалдсан хурц өрсөлдөөнд хүргэсэн ба энэ нь дэлхийн I ба II дайнаар дууссан юм.

        1917 оноос эхлээд ЗХУлс дараа нь 1945 оноос дэлхийн социалист систем бүрэлдэн тогтсон явдал нь капиталист энэ системд системийн аюул занал учруулж эхэлсэн тул капиталист гүрнүүдийг нэгдэж Төмөр хөшгөө босгох, сэтгэлзүй-үзэл сурталын дайн явуулах зэрэг илүү хамтарсан бодлого явуулах шаардлагыг тавьсан юм. 

 Энэ бүхний эцэст 1944 онд АНУ-д Бреттон-Вуудын хэлэлцээрийг байгуулж илүүдэл капиталаа гадагши гаргаж байршуулах бодлогыг албан ёсны системийн хэлбэрт оруулсан юм. Үүнийг зохицуулж удирдаж байхын тулд Бреттон-Вуудын хэлэлцээрээр ГАТТ /одоогийн Дэлхийн Худалдааны Байгуулага/, Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банк зэрэг байгуулагуудыг байгуулж үүний зэрэгцээ мөн АНУ-ын төв банк - Холбооны Нөөцийн Системийн хяналтанд байх, алтанд суурилсан /1971 онд алтан баталгааг нь цуцласан/ АНУ-ын долларт үндэслэсэн дэлхийн санхүүгийн зохицуулалтын системийг зохион байгуулсан юм.

2. Дэлхийн хөдөлмөрийн хуваарилалт

 XVIII зууны сүүлч XIX зууны эхэн үеэс хүчээ авч одоо нэгэнт дэлхий дахиныг хамарсан шинжлэх ухаан техникийн /ШУТ/ үсрэнгүй хөгжилд дэлхийн хөдөлмөрийн хуваарилалтын үүрэг роль их юм. XVIII зууны сүүлчийн хагасаас хүн төрөлхтний хөгжил дэвшлийн нэг чухал хүчин зүйл болж ирсэн ШУТ-ын хөгжлийн ээлжит шат бүхэн дэлхий дахинд хөдөлмөрийн хуваарь/жишээлбэл, нэг хэсэг улс орнууд зэсийн баяжмал, дараагийнх нь зэсийн цувимал болон бусад материал, гурав дахь нь компьютер, гар утас гэх мэтийг үйлдвэрлэлийг эрхэлдэг болсон/- ийг улам бүр гүнзгийрэхэд хүргэж байсан ба энэ үйл явцууд нь цаашлаад борлуулалтын зах зээлийг байнга тэлж байхыг шаардаж байсан ажээ. Өөрийн бүтээгдэхүүнийг борлуулж тэдгээрийн байнгын эрэлтийг хангаж байхын тулд эдгээр улс орнууд, газар нутгийг нөлөөндөө бүрэн оруулж улс төр, цэрэг, эдийн засгийн аргаар хянаж байх хэрэгтэй болсон юм.

Дэлхийн хөдөлмөрийн хуваарилалт улам бүр гүнзгийрэхийн хирээр технологийн хувьд биеэ даасан улс орнууд улам бүр цөөрсөн байна. XIX зууны дунд үед Европт арав гаруй технологийн хувьд харьцангуй бие даасан, өөрөөр хэлбэл технологийн бүрэн боловсруулалтыг бие даан хөгжүүлэх боломжтой улс орнууд байсан бол 20-р зууны эхэн үе гэхэд үсрээд л 5 улс /Герман, Австри-Унгар, Франц, Их британи, Орос/ үлдсэн байжээ. Харин 20-р зууны дунд үе гэхэд дэлхий дээр АНУ , ЗХУ гэсэн ердөө хоёрхон технологийн хувьд бүрэн бие даасан тусгаар улсууд үлдсэн байлаа.

АНУ ба ЗХУ-д улс төр, нийгмийн байгуулалтын зарчмын өөр загварууд байсан боловч ШУТ-ийн бүх үйл явц бараг ижилхэн явж ирсэн нь ШУТ-ийг хөгжүүлж байсан загварууд нь ижил төстэй байсныг гэрчилдэг.

Энэ хоёр улс өөрсдийн ШУТ-ийн хөгжлийн ээлжит шатыг санхүүжүүлэхийн тулд борлуулалтын зах зээлээ аль болох тэлэх бодлого барьж байсан боловч тэдгээр газар нутаг, улс орнуудыг ашиглаж байсан арга технологийн хувьд өөр өөр байсан юм.

Энэ үед АНУ хямд зээл, зээлийн картын системээр дамжуулж эцсийн хэрэглэгчдэд ачааг үүрүүлэх замаар, харин ЗХУ-д нийгмийн баялагийг төвлөрүүлэн дахин хуваарилах замаар ШУТ-ийн хөгжлийг хэсэгчилэн санхүүжүүлж байлаа.

Шинжлэх ухаан, техник технологи улам бүр эрчимтэй хөгжиж байсан учир 20-р зууны сүүлийн хагаст энэ хоёр гүрэн байгалийн нөөцийг хянах, ШУТ-ийн дараагийн шатыг санхүүжүүлэх асуудалтай гарцаагүй тулгарах байсан юм.

3. XX зууны 70-аад оны хямрал ба рейганомик

Дээрхи онолоор бол 1970-аад оны хямрал шууд хоёр шалтгаанаар үүссэн юм. Нэгдүгээрт, энэ үед тэдний хяналтад байсан капитал гаргах өөр газар нутаг, улс орон дууссан байсан тул илүүдэл капиталыг “үгүй хийх” шаардлага гарч ирсэн байсан, хоёрдугаарт борлуулалтын зах зээлийн өсөлт нь нэгэнт зогссон тул ШУТ-ийн хөгжлийн явц огцом хүндэрсэн байна. Хэт үйлдвэрлэлийн хямрал үүсэхийг хүлээх эсвэл дэлхийн социалист систем оршин тогтнож байхад дайн гаргах нь маш эрсдэлтэй болоод байсан учир капиталын ашиглалт бүхэлдээ буурч байв.

Энэ бүхний эцэст системийн шинжтэй том хямрал үүссэн билээ. 1971 онд АНУ долларын алтан баталгааг цаашид хангаж чадахгүй /дефолт/ болсноо зарлаж АНУ-ын долларын алтан баталгааг цуцлаж Холбооны Нөөцийн Банкны цаасан дэвсгэрт болгосон юм. Үүний дараа 1973 онд нефтийн хямрал эхэлсэн билээ.

Мөн яг иймэрхүү дотоод мөн чанараараа төстэй, хожим зогсонги байдал гэж нэрлэсэн үйл явдлууд ЗХУ-д өрнөсөн бөгөөд өрсөлдөгч хоёр талууд хямралаас гарах гарцыг ШУТ-ийн хөгжлийн дараачийн үе шатыг санхүүжүүлэхэд шаардлагатай байсан капиталын ашиглалтын үр ашгийг сайжруулах зорилтын хүрээнд хайж байсан юм.

Гэвч энэ зорилтыг биелүүлж чадаагүй нь ЗХУ задран унах дотоод шалтгааныг нөхцөлдүүлж өгсөн юм.

Энэ том хямралын капитализмын хүрээн дэх хамгийн гол чухал шинж нь үйлдвэрлэлийн уналт/депресс/ ба өндөр инфляци /стагнаци гэдэг/ хоёр хавсарч байсанд байгаа юм. Энэ нь АНУ социалист системтэй өрсөлдөн ШУТ-ийн дараачийн үе шатыг ямар ч үнээр хамаагүй санхүүжүүлэх ёстой байсантай бас холбоотой юм.

70-аад оны эцэст хямралаас гарах аргыг олсон ба энэ нь Холбооны Нөөцийн Системийн тэр үеийн захирал Пол Уолкер, АНУ-ын Ерөнхийлөгч Джими Картерын зөвлөхүүдийн нэртэй салшгүй холбоотой. Уг арга нь долларын эмисс/шинэ доллар эргэлтэнд оруулах/-ээр эдийн засагт орж байсан мөнгөний хэмжээг бууруулах биш харин эсрэгээр нэмэгдүүлэхэд оршиж байв. Гол нь энэ нэмэлт мөнгөний хангалтыг капиталыг дэмжихэд бус харин эцсийн хэрэглэгч болох улс орнуудын засгийн газрууд болон хувь хүмүүсийн нийт эрэлтийг шууд урамшуулахад зарцуулах ёстой байв. Энэ нь хэрэв борлуулалтын зах зээлийг шинээр өргөжүүлж нэмэгдүүлэх боломжгүй бол байгаа зах зээлийн оролцогч нэг бүрийн хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг юм.

Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж ШУТ-ийн дараагийн үе шатыг санхүүжүүлэхэд шаардлагатай нөөцийг бий болгох боломжтой байсан ч бас хэд хэдэн асуудлуудыг заавал шийдэх шаардлагатай байжээ.

Энэ нь нэгдүгээрт хэрэглээний хүрээнд их өндөр байсан инфляцийг үлэмж бууруулах явдал байв. Хэрэв үүнийг хийж чадахгүй бол зээлд үндэслэсэн эрэлт-хэрэглээний өсөлтийг үнийн өсөлт “идчих” байлаа.

Хоёрдугаарт засгийн газрын ба хувь хүмүүсийн эрэлт-хэрэглээг өндөр технологийн бүтээгдэхүүн үрүү түлхүү хандуулах хэрэгтэй байсан ба чухамдаа өндөр технологийн хөгжил л ЗХУ-тай өрсөлдөхөд зайлшгүй хэрэгтэй байсан юм.

        Гуравдугаарт илүүдэл капитал зах зээл дээр гарч ирсээр байсан учир хөрөнгө оруулалтыг урамшуулж дэмжих механизмыг бий болгох, өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн мөнгө /борлуулалтын ашиг/ капиталтай холбогдсон санхүүгийн элдэв дамын наймаанд бус харин үйлдвэрлэлийн үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, түүнийг хөгжүүлэхэд зарцуулагдах ёстой байлаа. АНУ дээрхи зорилтуудаа хэрэгжүүлж чадсан юм.

Бодлогын хүүг бараг 20 хувь болгож зээлийн өртөгийг түүхэнд байгаагүйгээр нэмэгдүүлж инфляцийг дарж авсан ба үүний хажуугаар 1971 оны дефолтын дараа сулраад байсан долларыг дэлхийн түвшинд бэхжүүлж авсан байна.

Мөн илүүдэл капиталыг санхүүгийн активуудыг нийтэд нь огцом нэмэгдүүлэх замаар “үгүй хийх” болсон байна.

Удалгүй дээрхи шалтгаанаар АНУ-ын компаниудын цэвэр санхүүгийн үйл ажиллагаанаас олж байгаа ашиг 20-р зууны 80-аад оноос огцом өсөх болсон байна.

Чухамхүү энэ шалтгаанаар Рейганы засгийн газрын бодлого, үйл ажиллагаа - рейганомика нь дэлхийн капиталист системийг гүнзгий өөрчлөж сонгодог капитализм ба имперализмын дараахи гурав дахь шат болох  санхүүгийн капитализмд оруулсан юм. Зах зээл дэх санхүүгийн активуудын эзлэх хувь өсөхийн хирээр зээлийн мультипликаторыг өсгөхийг өөрөөр хэлбэл бэлэн мөнгө М1-д нийт мөнгөний хэмжээ М3-г харьцуулсан харьцааг улам нэмэгдүүлэхийг шаардсан нь ойлгомжтой юм.

 4. Санхүүгийн капитализм

1987 онд болсон санхүүгийн хямрал, 2000 онд болсон доткомын хямрал зэрэг цэвэр дамын хэлцлээр бий болгосон санхүүгийн хөөснүүд байнга хагарч байсан боловч саяханыг хүртэл энэ үйл явц хяналтанд байсан ба хэрэглээний хүрээнд бараа үйлчилгээний хувьд инфляци харьцангуй бага байсан юм.

Хэрэглэгчдийг маш сайн ухуулсны үр дүнд 80-аад оноос мэдээллийн технологитой холбоотой байсан эдийн засгийн тэр салбарууд маш хурдан хөгжиж эхэлсэн байна.

Үүнээс гадна юуны өмнө америкийн хэрэглэгчид өндөр технологийн бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авах нэмэлт нөөц нь өргөн хэрэглээний барааны хямд үйлдвэрлэлийг Зүүн Өмнөд Азийн орнууд түүний дотор Хятадад гаргаж байршуулсны хүчинд бий болсон юм.

Гурав дахь зорилтыг 90-ээд оны эхэнд бодлогын хүүг маш өндөр болгосны ачаар шийдсэн юм. Урьд нь 80-аад оны эхнээс бодлогын хүүг аажим бууруулж мөнгөний зөөлөн бодлого явуулж байсны дүнд зээлийг урамшуулж байсан байна. Энэ нь мөнгөний мультипликаторыг хялбар өсгөхөд эерэг нөлөөлж байсан ба үүний ачаар санхүүгийн салбар нь илүүдэл капиталыг хэрэглээний салбарт оруулахгүйгээр өөртөө шингээж байсан юм.

Ийнхүү дунд хугацаанд бүх зүйл шийдэгдсэн мэт байлаа. Урт хугацаанд санхүүгийн энэ хөөс тодорхой нэг цэгт хүрээд сөрөг нөлөө үзүүлж эхлэх нь тодорхой байсан ба гэвч тэр үед капитализмын өмнө тулгараад байсан асуудлууд шийдвэрлэгдсэн ба мөн түүгээр зогсохгүй дэлхийн социалист систем нуран унасан юм. Хуучин социалист орнуудаас цөлмөсөн хөрөнгийг рейганомикийн хүрээнд үүссэн байсан өрүүдийг нөхөхөд зарцуулсан бол энэ бодлогын сөрөг үр дагавруудыг зөөлрүүлэх байсан юм.

Гэвч томоохон банкуудын хувьд мөнгөний /долларын/ эмиссээс ашиг олох нь маш үр дүнтэй , хялбар байсан ба АНУ-ын бодлогод тэдний эзлэх байр суурь маш том байдаг учир мөнгөний эмиссийг цаашид өсгөх бодлогоосоо татгалзаж чадаагүй юм.

АНУ-ын Сангийн газрын нарийн бичгийн дарга өөрөөр хэлбэл сангийн сайд, Цагаан ордны гол зөвлөхүүдийн албан тушаалыг уламжлал ёсоор банкны салбарын томчууд эзэлдэг.

5. Санхүүгийн капитализмын үр дагавар

Долларын эмиссээс ашиг олох системийн хамгийн гол үр дагавар нь сүүлийн хэдэн арван жилийн турш АНУ-ын эдийн засаг байнгын зохиомол хэт эрэлтийн нөхцөлд байсан юм. Үүний дүнд хэрэглэгчийн байнгын энэ их эрэлтийг хангаж байх үйлдвэрлэл, үйлчилгээний асар том систем бүрэлдэн тогтсон юм. 2001 онд хийсэн судалгаагаар 1998 оны Америкийн макроэдийн засгийн салбар дундын тэнцлийг авч үзвэл мэдээллийн технологитой холбоотой шинэ эдийн засгийн салбар нь мөн бөөний ба жижиглэн худалдааг багтаасан, харин ашиглаж байгаа нөөцийн хувьд АНУ-ын эдийн засагт ойролцоогоор 25 хувийг эзлэж байсан энэ сектор эдийн засагт эргээд ердөө 15 хувийг өгч байсан байна.

Америкийн эдийн засгийн томоохон хэсэг нь эдийн засгийн бус арга болох эмиссийн доллароор бий болгосон зохиомол эрэлтэнд тулгуурлаж байжээ.

Америкийн эдийн засаг дахь нөхцөл байдал өнгөрсөн зууны 80-аад оны эхнээс огцом өөрчлөгдөж ирсэн байна.

          АНУ-ын эдийн засаг 80-аад оны эхэн хүртэл хэвийн тогтвортой хөгжиж эдийн засаг дахь санхүүгийн үзүүлэлтүүд нь адилхан өсч байсан бол энэ үеээс эхлэн бүх индексүүд нь хоёр хэсэгт хуваагдаж бие биенээсээ маш хурдтай салах хандлага ажиглагдаж эхэлсэн юм. Ийм үзүүлэлттэй эдийн засаг удаан тогтох аргагүй учир нь эдийн засгийн салж одсон үзүүлэлтүүдийн бий болгосон тэр тасархайг нөхөж байх байнгын гадаад нэмэлт эх үүсвэр шаардагдаж байдаг.

Хуучин социалист орнууд уруу тэлж байсан зах зээлийн эерэг үр дүн дуусч хөрөнгийн зах зээлийн хямрал үүссний дараа 2000 оноос хойш америкийн эдийн засаг дахь үзүүлэлтүүдийн үл тэнцвэржилт улам бүр их болсон байна. Энэ нь хэрэглээний сектороор дамжуулалгүй эдийн засгийн зарим салбаруудыг шууд эмиссийн мөнгөөр дэмжиж эхэлсэнтэй холбоотой байж болох юм.

Тэр цагаас хойш америкийн эдийн засаг дор хаяж 1,5 дахин өссөн гэж үзвэл өнөөдөр америкийн эдийн засгийг харьцангуй тогтвортой төлөв байдалд барьж байхын тулд сар бүр 200-250 тэрбум доллар шаардлагатай болж байгаа юм.

6.  Хямрал өрнөх механизмууд

Хэрэв өнөөдрийн америкийн эдийн засгийн дор хаяж 10 хувь нь долларын эмисс дээр тогтож байгаа гэж үзвэл энэ эмиссийг зогсоосон тохиолдолд эдийн засгийн энэ хэсэг шууд оршин тогтнох боломжгүй болох юм. Гэвч энэ хэсэг салбар дундын тэнцлийн хүрээнд илүүдэл капиталаа өөр бусад салбаруудад дахин хуваарилдаг тул эдгээр салбарууд нь мөн хүнд байдалд орж цаашилбал дампуурах аюул үүснэ.

Мөн эмиссийн систем оршин тогтнож ирсэн 40 жилийн хугацаанд санхүүгийн эдийн засгийн үзүүлэлтүүд огцом өссөн бөгөөд санхүүгийн хөөснүүд ба дотоод үл тэнцэлүүд нь асар их хэмжээтэй болсон тул эдийн засаг нь үүнийг дааж чадахаа хэдий нь больсон юм.

Эмиссийн мөнгө инфляцийг жилийн эцэст 15 хувь хүртэл хөөрөгдөж үүний улмаас бодит хэрэглээ мөн 15 орчим хувиар буурч байна. Энд албан ёсны статистикийн мэдээнд инфляцийг олон жилийн турш дарж ирсэн гэдгийг мөн тооцох ёстой.

Энэ нь хэрэв америкийн дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг цэвэр хэрэглээний эрэлт бий болгодог гэвэл дээрхи бодит хэрглээний бууралт эцэстээ ДНБ-ийг нь 10 хувиар бууруулах болно. Энэ ДНБ-ний бууралт эдийн засгийн бодит өсөлтөөс эмиссийн өсөлтийн хурд их байсан үед өөрөөр хэлбэл америкийн эдийн засгийн “илүүдэл” хэсэг нь алга болох хүртэл үргэлжилсээр байх болно. Гэвч инфляцийн гол шалтгаан долларын эмиссийг зогсоох боломжгүй, учир нь америкийн эдийн засгийн эмисс дээр тогтож байгаа тэр хэсэг шууд огцом унаж сүйрэх болно.

Өрийн хямрал ба эдийн засаг дахь цэвэр санхүүгийн хэсэг нь хэт халсан нөхцөлд бодлогын хүүг өсгөж инфляцитай тэмцэх оролдлогууд нь шууд л сүйрэлд хүргэх аюултай. Энэ нь 1929 онд болсон мөнгөний огцом хомсдолоос анх үүссэн хямралын өрнөлтийг бараг давтах болно. Гэхдээ энэ удаагийн хямралын ерөнхий масштаб, АНУ болон дэлхий дахины хувьд үр дагавар нь харин олон дахин том байх бүрэн магадлалтай.

Америкийн гэр бүлүүдийн нийт эрэлтийн жилийн өсөлт ойролцоогоор 1,5 триллион доллар байдаг. Хямралын үед нийт хадгаламж одоогийн 0 –оос ойролцоогоор 10 хувь, түүнээс ч их болох ба энэ нь хэрэв АНУ-ын ДНБ-ийг 12 триллион доллартай тэнцдэг, харин түүнээс хэрэглээний эрэлт 70 орчим хувийг нь бүрдүүлдэг гэж үзвэл хадгаламжийн өсөлт нийт эрэлтийг дор хаяж 0,8-0,9 триллион доллараар бууруулах болно гэсэн үг юм. Эцэстээ энэ бүгд нийлээд жилийн дүнгээр нийт эрэлтийн бууралт дор хаяж 2,1-2,3 триллион долларт хүрч АНУ-ын ДНБ-ийг ойролцоогоор 15 хувиар бууруулах болно.

Энд эдийн засгийн нийт эрэлтийн болзошгүй бууралтыг дүгнэхдээ төсвийн хэрэглээтэй холбогдох зарим зүйлүүдийг зориуд тооцоогүй ба үүгээр АНУ-ын гадаадаас импортоор авдаг бараа бүтээгдэхүүнийг худалдан авах хэрэглээний нийт эрэлтийг нөхөж болно гэж тооцсон юм. Эцсийн эцэст эдгээр нь эцсийн үр дүнд харьцангуй бага нөлөөлж байдаг.

Харамсалтай нь энэ хямралыг зогсоох боломжгүй, учир нь инфляциас эсвэл эмиссийг хязгаарласан тохиолдолд мөнгөний дутагдлаас шалтгаалсан нийт эрэлтийн уналт цаашдаа ч үргэлжлэх болно. Үүний зэрэгцээ АНУ-ын эдийн засгийн дотоод бүтцийн уналт дор хаяж одоогийн ДНБ-ний 25 хувь /энэ нь 1929 оны Агуу их хямралын масштаб юм/ болох ба үүний араас депрессийн уналт үргэлжилж хэрэв АНУ-ын 1930-аад оны депрессийн туршлагаар урьдчилан тооцоолбол дотоод бүтцийн уналтаас буурсан байх ДНБ-ний 30-40 хувь хүрэх бүрэн магадлалтай юм.

 Дүгнэлт

Америкийн эдийн засгийн өнөөгийн үндсэн асуудал бол сүүлийн 40 жил эдийн засгийн өсөлтөөс байнга түрүүлсэн өсөлтийн хурдтай явж ирсэн долларын эмиссийн зохиомол эрэлтээс бий болсон эдийн засаг дахь “илүүдэл хөөс” юм.

Өнөөдөр АНУ үүнийг цаашид санхүүжүүлж чадахгүй, шууд хааж ч чадахгүй болчихоод байгаа ажээ. Онолын хувьд, энэ үүссэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч шууд хямралын эсрэг бодлогыг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байсансан боловч энэ нь цэвэр улс төрийн учир шалтгаанаар боломжгүй юм. Учир нь дэлхийн хамгийн том эдийн засгийн ийм хэмжээний уналт нь АНУ-ыг цаашид дэлхийн цорын ганц тэргүүлэх гүрэн хэвээр байх, америкийн банкууд ба доллар дээр тогтнож байгаа дэлхийн санхүүгийн системийг цаашид оршин тогтнох ямар ч боломжгүй болгох юм.

АНУ-ын санхүү-эдийн засгийн одоогийн хямралын нийт масштаб дэлхийн бусад улс орнуудыг маш том үр дагавартай олон жилийн хямралд татан оруулах ба дэлхий нийтийн эдийн засгийн энэ хямрал хурц үедээ дэлхийн эдийн засгийн нийт эрэлтийг 20 орчим хувиар бууруулах болно.

Үүний үр дагавар нь асар их байх нь хэнд ч ойлгомжтой биз ээ...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
АНХААРУУЛГА:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЭТГЭГДЛҮҮД
зочин 94.230.253.90 санасныг бодбол удаан тэвчиж бна даа
Шинэ мэдээ