“BHP Billiton” олон тэрбумын алдагдлаа Монголоос нөхөж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

Дэлхийд төмрийн хүдрийн олборлолтоор тэргүүлдэг “BHP Billiton” компанийн ашиг огцом унаж байна. Австралид дахь төмрийн хүдрийн уурхай нь өнгөрсөн жил нүүрлэсэн газар хөдлөлт, үер усны гамшигтай холбоотойгоор үйл ажиллагаа нь доголдож, нийт олборлолтын хэмжээ нь 7%-иар буурсан бол он гараад гуравхан сарын дотор ашиг нь нэг хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Түүнчлэн коксжуулсан нүүрсний үйлдвэрлэл нь мөн шалтгаанаар 14 хувиар багассан нь компанийг давхар алдагдал хүлээхэд хүргэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр Мексик дахь газрын тосны үйлдвэрийнх нь ашиг ч буурчээ. Гэхдээ энэ уналт бол тус компани алдагдалтай ажиллаж байна гэсэн үг биш. Харин ашгийнх нь хэмжээ буурсныг илтгэж байгаа хэрэг. “BHP Billiton” компани Монголын уур уурхайн "Оюу Толгой" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр томоохон хайгуулын ажлыг эхлүүлээд байгаа билээ. Хоёр компанийн хамтарсан мэдэгдэлд дурьдсанаар бол Оюутолгойн ордоос илүү нөөцтэй том хэмжээний баялаг илрүүлсэн байна. Тэгэхээр дэлхийн уул уурхайн акулуудын нэг “BHP Billiton" шархаа Монголын говиос нөхөж буй бололтой.

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top