“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 03

Яам, агентлагийн удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамын ажил  дуусч, ашиглалтад хүлээн авсныг, Сайншанд- Чойрын автозамыг хүлээн авахад бэлэн болсныг амжилттай хэрэгжиж байгаа ажлуудын тоонд оруулж нэрлээд, энэ жил нийт 1700 километр зам барьж ашиглалтад оруулах бөгөөд энэ нь сүүлийн дөрвөн жил барьсан нийт замаас 400 километрээр илүү байгааг онцоллоо.  Мөн Амгалангийн дулааны цахилгаан станцыг барих газрыг чөлөөлж дуусаад  барилгын ажил эхэлснийг, 1,2 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй тавдугаар цахилгаан  станцыг барьж босгох компанийг сонгон шалгаруулсныг  сайн ажил болсон гэлээ. Зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил үндсэндээ амжилттай явж байгаа ч зарим чиглэлд удаашралтай байгааг шүүмжиллээ. Хөвсгөл, Өмнөговийн замын хоёр ч хэсэг дээр төлөвлөгөөт хугацаанаас хоцорч байгааг хэлээд,  Зам, тээврийн яамны удирдлагууд  дээрх хоёр хэсэгт хүн хүч, хэрэгцээт техникийг нэмэн,  сайтар хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. УИХ-ын ээлжит бус чуулганд Засгийн газраас оруулж хэлэлцүүлэх “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцууллаа. Энэ хуулийн үндсэн зарчим нь төрийн өмчийн 51-ээс дээш хувь эзэмшсэн гадаадын компани монгол улсад хөрөнгө оруулахаар ирвэл зөвшөөрөл олгоно.  Бусад бүх салбарын хувийн хөрөнгө оруулалтад зөвшөөрлийн биш бүртгэлийн тогтолцоо үйлчлэх, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, татварын орчин тогтвортой байхаар хуульчлахаар бэлтгэж байна гэж танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top