Төрүүлсэн үрийнхээ хоолойг хэрчих хүртэл хүнд ноцтой гэмт хэргийн шалтгаан эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой юу

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 25

Аймшгийн киноны үйл явдлууд шиг сэтгэл сэрхийлгэсэн үйл явдлууд сүүлийн үед манай улсад олонтаа гарах боллоо. Нийгмийг цочоосон хэргүүд шил даран гарсаар байгаа нь уншигч танд дарамттай байж болох ч анхаарал болгоомжтой аж төрөх ёстой  хэмээн хүлээж авах нь илүүдэхгүй.

Таны ойр дотны хэн нэгэн сэтгэлээр унаж ганцаардаж байгаа эсэх, сэтгэцэд нөлөөлөх кино, тоглоом, бодис гэх мэт хар мөртэй зүйлд донтож байгааг  анзаарч сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж эмчид хандахад ч буруугүй гэдгийг энд хэлэх нь зүйтэй.

Манай улсад гэр бүлээ батлуулахад, эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд  ороход мэргэжлийн сэтгэцийн эмчид хүчээр очиж үзүүлнэ үү гэхээс тэр бүр өөрсөдөө зорьж очдоггүй. Гэтэл нийгэмд гарч буй ноцтой гэмт хэргийн эзэд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс байх тохиолдол  олон байна.

Хэн ч байлаа гэсэн хүний амьд явах эрхэнд халдана гэдэг өөрөө хууль бусаас гадна хүний ёсноос гажууд зүйл. Гэтэл тээж төрүүлсэн эх нь гурван настай охиноо өөрийн гараар хөнөөсөн хэрэг гарсан. Охиноо алсан ээжийг нутгийн иргэд сэтгэц нь хэвийн биш гэлцэж байгаа бөгөөд амийг нь хороочихоод толгойг нь бариад яагаа ч үгүй мэт явж байсан, хүн биш араатан гэж жигшин ярьж байна. Цагдаагийнхныг хэргийн газар очиж шалгахад Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд оршин суух 37 настай иргэн Ж гэгч нь гурван настай охин М-ийн амь насыг онц хэрцгий аргаар хохироосон байжээ. Дээрх хэрэг гараад хоёр ч долоо хоноогүй байхад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Улаанчулуутын хогийн цэгээс эхсээс нь салгаагүй нярайн цогцос олдсон талаар бид мэдээлж байсан билээ. Гэвч мэдээллийн хэрэгслүүд хүний ёсноос гажууд буюу дөнгөж төрсөн хүүхдээ хоолойг нь хэрчиж хөнөөсөн хэмээн мэдээлсэн. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, "Энэ сарын 22-нд Улаанчулуутаас нярайн цогцос олдсон. Олдох үедээ гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй байдалтай буюу хоолойг нь хэрчээд хаясан байсан. Хүүхдээ тийм байдалтай болгож хаясан эхийг олж эрүүгийн хэрэг үүсгээд байгаа" гэжээ.

Ийнхүү хүний ёсноос гажууд онц ноцтой гэмт хэргийг яав ч эрүүл саруул хүн үйлдэнэ гэхэд хэцүү. Иймээс манай улс хүн амынхаа сэтгэцийн эрүүл мэндэд нэн түрүүнд анхаарлаа хандуулах шаардлагатай  болжээ.

Хүн эрүүл байна гэдэг нь зөвхөн бие махбодийн хувьд эрүүл байхаас гадна, сэтгэцийн хувьд эрүүл байж, нийгэм хамт олонтойгоо дасан зохицох чадвартай, өөрийн гэсэн байр суурьтай бөгөөд өөрийн чадвартаа тохирсон ажлын үр бүтээмжтэй байхыг хэлнэ. Иймд бие мах бодийн хувьд эрүүл байхаас гадна сэтгэц, нийгмийн хувьд эрүүл байх шаардлагатай. Бие сэтгэц хоёрыг хэзээ ч тусад нь авч үзэж болохгүй. Сэтгэц өвдвөл бие өвдөнө, бие өвдвөл сэтгэц өвдөнө. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага / ДЭМБ /-ын нэгэн судалгаагаар дэлхийд нийт өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн 60% нь сэтгэцийн ямар нэг өөрчлөлттэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан бөгөөд бие махбодийн өвчнүүдийн 85,7% нь сэтгэцээсээ болж өвдсөн байх юм.

 

Сэтгэцийн эрүүл мэнд гэсэн ойлголтод маш өргөн хүрээний асуудлууд багтдаг бөгөөд хүнийг сэтгэцийнх нь хувьд эрүүл, сэтгэцийн тулгамдсан асуудалтай,  сэтгэцийн эмгэгтэй гэж 3 ангилж авч үздэг. Гэр бүлийн маргаан, гэр бүл салалт, ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн хямрал, архидалт, хардалт, хүүхдийн буруу хүмүүжил зэрэг олон хүчин зүйлсээс болж хүн хоорондын болон хүний дотоод будлиан, бухимдал, стресс, тайван биш байдал, сэтгэл зовох зэрэг сэтгэлзүйн өөрчлөлтүүд үүсэх нь сэтгэцийн хувьд тулгамдсан асуудал юм. Ийм сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүст сэтгэцийн эмчийн ба сэтгэлзүйчийн тусламж зайлшгүй шаардлагатай байдаг байна. Даяарчлагдан нийгэмшиж байгаа өнөө үед сэтгэцийн эрүүл мэндийн асуудал чухлаар тавигдаж байгаа бөгөөд тэр дундаа сэтгэцийн тулгамдсан асуудал нь нийгмийн эрүүл мэндийн эмзэг сэдэв болон хувираад байна. Нийт хүн амын 51% нь сэтгэцийн хувьд эрүүл байдаг бол 46% нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, үлдсэн 3% нь сэтгэцийн илэрхий эмгэгтэй байдаг аж. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн 30% нь сэтгэцийн эмгэгтэй болох магадлал өндөр байдаг байхад үлдсэн 70% нь хэвийн байдалдаа ордог.

Сүүлийн үед шизофрения 4 дахин, оюуны хомсдол 13 дахин, өтлөлтийн солиорол 6 дахин, Архинд донтох өвчин 25 дахин Невроз 29 дахин өсч  байна. 

 

Манай улсад хамгийн багаар бодоход 500 000 ба түүнээс дээш хүн сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн судалгаа гарсан бөгөөд сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүст үйлчилдэг эрүүл мэндийн тогтолцоо бүрдээгүй учир ихэнх нь сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж авч чаддаггүй юм байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top