Хэвлийдээ бойжиж буй хэнд ч гэмгүй урагт нөлөөлж, Монголын ирээдүйг устгаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 07

Хүйтний улирал эхлэхэд нийслэлчүүдийн сэтгэлийг эмзэглүүлдэг, хамгийн том асуудал сааралтсан их утаа. Бид нүүгэлтсэн их утаанд олон өвлийг өнгөрүүллээ. Энэ их утаа, тоос шороо, хог хаягдал гээд агаарыг бохирдуулж байгаа бүх хүчин зүйлс нь хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйд нөлөөлдөг юм байна. Үүнийг эрдэмтэд найман жилийн турш судалж нотолжээ.  Нобелийн шагналт  Кирк Смит нь орчны эрүүл мэндийн ухааны профессор. Тэрээр 1995 оноос хойш хөгжиж буй орнуудын агаарын бохирдол түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалсны дүнд агаарын бохирдол, түүхий нүүрснээс ялгарч байгаа утаа нь хүний эрүүл мэнд, хүүхдийн оюун ухаанд маш хортой гэдгийг тогтоожээ.  

Улс эх орны  ирээдүй бол үр хүүхэд. Гэтэл хүүхдүүд өсөх насандаа агаарын бохирдолтой газар амьдарсаар байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улс хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын  хоёрдугааарт бичигдэж байгаа. Энэ бол үндэсний аюулгүй байдал зар­ла­хаас аргагүйд хүргэж буй аймшигт зүйл мөн.

БНХАУ, Энэтхэг, Непал, Мексик, Гватемал зэрэг олон улс орон хөгжингүй үедээ нүүрс хэрэглэдэг байж. Зарим улс оронд одоо ч хэрэглэж буй. Гэвч алхам алхмаар нүүрснээс татгалзаж байгаа юм байна. БНХАУ нүүрснээс татгалзахын тулд эхлээд утаа бага гаргаж,  боловсруулан агаарт шингээдэг зуух хэрэглэж байж. Харин дараагийн алхам нь гэрэл цахил­гаанаар хангаж, түлшний хэрэглээг багасгах, мөн боловс­руулсан түлш хэрэглэх зэрэг арга байсан аж. Харин одоо түүхий нүүрснээс татгалзсан бөгөөд Хятадын  цөөхөн хэдэн хот, тосгонд л нүүрс  хэрэглэж байгаа юм.

 Манай улсад агаарын бохирдолоос болж хүүхэд дутуу төрөх, төрөлхийн гажигтай болох тохиолдол газар аваад байгаа бөгөөд эмнэлэгт эмчүүлж буй хүүхдүүдийн ихэнх нь нүүрсний утаанаас болж өвчилсөн байдаг. Жил ирэх бүр эмчлүүлэгчдийн тоо нэмэгдсээр байна. Өнгөрсөн жил Сүхбаатар дүүргийн нэгэн эмнэлэгт дутуу төрсөн эхийн урагт задлан шинжилгээ хийжээ. Гэтэл ураг эхийн хэвлийдээ хорт утаанд угаартсаны улмаас зулбасан нь тогтоогдсон аж.

 

Тэгвэл өнөөдөр хорвоод хүн болох гэж ирсэн хэдэн зуун ураг ийнхүү эхийнхээ хэвлийд тарчилж зовсноос буцаж байна. Энэ бол чимээгүй аллага. 

 Ялангуяа та бидний удмыг үргэлжлүүлэх үр хүүхдүүд маань эхийн хэвлийд бүрэлдэхээсээ эхлэн ийнхүү хордсоор, хэвлийдээ хэлмэгдсээр байгаад хэн буруутай вэ? Утаа үйлдвэрлэж буй гэр хорооллынхон уу, гэр хорооллынхноо орон сууцжуулж чадахгүй байгаа эрх мэдэлтэнүүд үү? Харин одоо Улаанбаатарын агаар дахь бохирдол өвлийн улиралд 1575 мкг хүрдэг. Тэгэхээр нийслэлийн нэг иргэн өдөрт 4-5 хайрцаг тамхи “татаж” байна. Энэ мэт үзүүлэлтээс харахад Улаанбаатарын агаар Монголын үрсэд, тэр тусмаа хэвлийдээ бойжих хэнд ч гэмгүй урагт нөлөөлж эхэлсэн нь Монголын ирээдүйг устгаж байна. Утааны тухай ярихаа, дурсахаа, санаа зовохоо больсон байна. Энэ талаар бага сага арга хэрэглэж байгаа ч үр дүнгээ өгсөн юм алга.  Одоо яах вэ? Утаандаа хордсоор, устсаар байгаад хорвоог барахуу?

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top