УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр: Миний утсыг байнга чагнаж байгаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр Төрийн ордныг орхиж, Сүхбаатарын талбайд иргэдийнхээ дунд орж ажиллана хэмээн мэдэгдсэн. Тэрээр хэлсэн ёсоороо Сүхбаатарын талбайд иргэний хөдөлгөөнүүдийн барьсан эсгий гэрт хөдөө орон нутгаас ирсэн иргэдтэй хамтран УИХ, Засгийн газрыг унагаана хэмээн тэмцэж байна. Zindaa.mn сайт энэ удаад Редакцийн зочин буландаа Ц.Шинэбаярыг урьж, цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Бүх ард түмний их хуралдайгаас УИХ, Засгийн газарт хүргүүлсэн шаардлагуудын хариуг авсан уу?
-Их хуралдайг бид улсын хэмжээнд бүсчилж хийгээд нийслэл хотод нэгдсэн хуралдай зохион байгуулсан шүү дээ. Өнөөгийн төр, засгийн үйл ажиллагаанд  ард түмэн маань туйлын сэтгэл эмзэглэж байгаа нь хуралдайн үеэр тодорхой харагдсан. Тэнд яригдсан бүгдийг нэгтгээд их хуралдайгаас шийдвэр гаргасан. Түүнийгээ УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Бүх ард түмний их хуралдайн шийдвэр буюу УИХ, Засгийн газарт хандаж тавьсан асуудлуудыг уг нь Байнгын хороодын хурлаар хэлэлцэж чуулганд оруулах, Засгийн газрын түвшинд хэлэлцээд албан ёсны шийдвэрээ гарган хариу өгөх ёстой байлаа. Харамсалтай нь байнгын хорооны хурлаар хэлэлцээгүй. Албан ёсны хариу гэж үзэх боломжгүй нэг юм өгсөн. Бид дахиад шаардаад сууж байна.
-Хариу өгөх боломжгүй зүйл та бүхний шаардлагын бичигт байсан юм уу?
-Бүх ард түмний их хуралдайгаас гаргасан гол шийдвэр буюу УИХ, Засгийн газарт хандаж шийдүүлэх дөрвөн үндсэн асуудал байсан юм. Энд хариу өгөх боломжгүй зүйл гэж юу байхав. Юуны өмнө стандарт бус гэж яриад байгаа энэ Засгийн газраа огцруул гэсэн. Өнөөгийн Засгийн газар бол асар олон хууль зөрчсөн шүү дээ. Хуулиа хэрэгжүүлэхийг огт хүсэхгүй байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийг аваад үзье. Энэ хуулийн 5-4, 5-6, 43-3 гэх мэт их олон заалтыг бүдүүлгээр зөрчсөн. Бид өнөөдөр хуулиа хэрэгжүүлж, хуулийн дор амьдрах ёстой. Засгийн газар нь хуулиа биелүүлэхгүй тохиолдолд жирийн иргэдийг хууль биелүүл гэж шаардах бол утгагүй. Иргэд ч ийм Засгийн газартай байхыг хүсэхгүй. Хоёр дахь үндсэн шаардлага маань луйвраар хийгдсэн Оюу толгойн орд газрыг ашиглах гэрээг яаралтай өөрчлөх явдал байлаа. Энэ гэрээ бол Монголын ард түмний язгуур эрх ашигт харшилсан гэрээ юм. Гурав дахь нь Таван толгойн орд газрын асуудал байсан. Таван толгойн ордыг бүхэлд нь ард түмнийхээ мэдэлд өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэнд илүү ашигтай байхаар зохицуулах хэрэгтэй байгаа юм. Гэтэл одоо энэ ордыг тав хуваачихсан байна. Ухаа худгийн хэсгийг нь хувийн компанид бэлэглэсэн байх жишээтэй. Нэг үгээр хэлбэл Таван толгойн ордоос монголчууд маань тав хуваасны нэгийг нь л авчээ. Иргэн бүрд олгоод байгаа 536 ширхэг хувьцаа бол тэрхүү нийт ордын тав хуваасны нэгийнх нь хувьцаа болж таарч байгаа юм. Тиймээс Таван толгойн ордыг 100 хувь монголчууд эзэмших хэрэгтэй. Дөрөв дэх нь архины үйлдвэрлэлийг зөв зохистой хэм хэмжээнд нь байлгах, архидалтыг таслан зогсоох талаар шаардлага хүргүүлсэн.
-Архи, спиртын үйлдвэрийн ил, далд эзэд УИХ-д олон бий гэдэг биз дээ?
-Сүүлийн хориод жилд монголчуудаа үндсэнд нь архинд живүүллээ. Архи спиртэн дээр төрийн монополь тогтоох хэрэгтэй байна. Төр онцгой хяналт тавихгүйгээр зохицуулахад төвөгтэй болоод байгаа юм. Ил далд эзэд гэвэл хүмүүс бараг бүгдийг нь нэрлэх байх. УИХ-ын гишүүн Г.Батхүү гэхэд АПУ-гийн хүн биз дээ. За тэгээд МСS групп байна. Үүний томоохон хувь эзэмшигчдийн нэг нь С.Баярцогт гээд арагшаа нэрс нь цуваад яваад байна даа. Нэг гартаа архи бариад нөгөө гартаа УИХ-ын гишүүний үнэмлэх бариад яваад байж боломгүй байна. Архидалт өнөөдөр Үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж байгаа гол зүйлийн нэг боллоо.
-Монголд дарангуйллын тогтолцоо бий болжээ гэж нэг бус удаа ярьсан. Үүнийгээ хэдийд анх мэдэрсэн юм бэ. Урьд нь анзаараагүй явсан юм уу?
-Өнгөрсөн оны 11 дүгээр сард МАХН-ын 26 дугаар их хурал хуралдахад л би анх үнэхээр Монгол маань дарангуйллын тогтолцоонд орчихсон юм байна гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн. Ялангуяа, тус их хурлын зохион байгуулалт, шийдвэрийг эсэргүүцэж, МАН гэсэн нэртэй болсон намаас хуучин МАХН-ынхаа нэрийг авч үлдэхийн тулд түр штаб байгуулсан тэр өдрөөс бүр илүү сайн ухаарах болсон. Урьд нь би тийм сайн мэдэрдэггүй байсан байна лээ. Яахав, хэвлэлээс унших төдий ерөнхий л ойлголттой явсан байна. Тэгвэл өнөөгийн тагнуул, цагдаа, шүүх зэрэг төрийн тусгай алба нь хүртэл улс төрийн намуудад үйлчилж, тагнаж чагнахаас эхлээд муу юм их хийж байна. Хүний эрх хөсөр хаягджээ. 
-Иргэд маань олигархижсан төр засагтай болчихлоо гээд байгаа. Бусад улс орны сургамжаас харахад олигархиуд өөрсдийг нь шүүмжилсэн шударга хүмүүсийг яаж ч егүүтгэхээс буцдаггүй юм билээ. Та бас тэднийг сүүлийн үед нэлээд хурц шүүмжилж байна. Ямар нэг дарамт шахалт амсаж байна уу?
-Гүтгэлэгт булагдаж байна. Биднийг гүтгэх томоохон компанит ажил өрнөж байна.  Тагнах, чагнах бол энүүхэнд. Миний утсыг байнга чагнаж байгаа. Төрийн зүгээс ийм үйл ажиллагаа явуулж байгааг юу гэж ойлгох вэ. Эдгээр нь олигархижсан төрийн үндсэн шинж шүү дээ. Сүүлийн өдрүүдэд бидний эсрэг хийх ийм бусармаг үйлдлүүд улам идэвхжиж байна.
-Тухайлбал?
-Сүхбаатарын талбайд гэр тээвэрлэж  оруулах үеэр бөөн л юм боллоо. Гэр ачаад явж байсан машины жолоочийг цагдаа нар дарамталж, бичиг баримтыг нь хурааж авсан байсан. Тэгээд тэд түүнийг шалгаж байцаах нэрээр олон цаг саатуулсан. Мөн манай нэг эмэгтэйг бас л үндэслэлгүйгээр саатуулсан. Нөгөө эмэгтэй маань Цагдаагийн газраас гараад явж байтал араас нь номергүй машинтай цагдаагийн ажилтнууд ирээд дахиад авч явах гэж байхад нь бид тааралдаж болиулсан. Ер нь манай намын болон иргэний хөдөлгөөний хүмүүсийн дунд туршуул тавьж, дотроос нь хагалан бутаргах ажил ч зохион байгуулж байна. Яавал эрч хүчийг нь сулруулж, нийгэмд муухай хүмүүс мэтээр харагдуулах вэ гэж олигархиуд зүсэн бүрийн юм сэдэж хийж байх шиг байна. 
-Цагдаагийнхан улсын номергүй машинаар үүрэг гүйцэтгэж явсан хэрэг үү. Албаных нь машин тэгээд мөн юм уу?
-Та нар яагаад номергүй машинтай яваа юм бэ гэж асуухад тэд “Бидний журамласан машин юм аа” гэж хариулж байсан. Энэ чинь өөрөө зөрчил шүү дээ. Хүний машиныг журамлан түүнийг нь унаад ажил хийж явна гэдэг чинь бусдын өмчид халдаж байгаа хэрэг шүү дээ. Маш замбараагүй болчихсон байна. Ийм хүмүүс хүний эрх, эрх чөлөөг хамгаална гэхэд хэцүү шүү. Шөнө 23 цаг өнгөрч байхад эмэгтэй хүнийг машиндаа хүчээр чихэж оруулаад аваад явах гэж байсан. Тэр эмэгтэй сураггүй алга болчихсон байвал яах байсан юм бол. ҮШН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Уянгыг бас гэгээн цагаан өдрөөр гэрийнх нь үүдэнд цагдаа нар отож зогсож байгаад  гараад ирэхээр нь барьж аван хүчээр машиндаа чирж оруулж авч явсан. Манайхан харин нэлээд эсэргүүцэл үзүүлсний хүчинд түүнийг цагдаагаас авсан. Хүний эрх, эрх чөлөө хаана байна. Байхгүй болчихжээ. Энэ бүхнийг эрх баригчид л хийж байгаа шүү дээ.
-1990 оны ардчилсан хувьсгалын үр дүн байхгүй болчихсон гэж үү?
-Хотын хэдэн хулигаанууд энэ хувьсгалыг юу ч биш болгосон. Тэдний дунд бялдууч нар, архины донтонгууд гээд зүсэн бүрийн хүмүүс байсан л даа. Эцэст нь өнөөдөр олигархижсан төр, засагтай болж, тэдгээр цөөн хүмүүс бүх баялгийг өөрсдөдөө ашигтайгаар шийдэж байна. Ингэхдээ хууль хяналтын байгууллага болон бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг гартаа атгаад байгаа. Үүндээ тэд их эрдэж байна. Гэхдээ эд нар цаашдаа удаан ингэж явж чадахгүй ээ.
-Ер нь УИХ гэдэг төлөөллийн ардчиллын байгууллагад сонгогдож очсон хүмүүс иргэдээ мартаж, зөвхөн өөрсдийн төлөө ажиллаад байх шиг байх юм. Шууд ардчиллын системийг хослуулбал зүгээр юм биш үү?
-Ардчиллын зөв, үр ашигтай механизмуудыг төлөвшүүлэх тал дээр эрэл хайгуул хийх хэрэгтэй байх л даа. Үүнд таны яриад байгаа зүйлийг судлах шаардлагатай. Сонгуулиар энэ олигархиуд дандаа луйвар хийсээр гарч ирсэн. Ингэж олигархижсан төрийг бий болгож байна. Оюу толгойн гэрээг хар л даа. Мөн стратегийн ач холбогдолтой бусад ордуудыг тэд дээрэмдэж байна. Одоо Бороогийн ордоос авах юм байхгүй болсон. Тэндхийн газрыг ухаад авах юмаа цөмийг нь аваад дууссан. Өөрөөр хэлбэл, төрийн мэдэлд авсан стратегийн 15 орд газраас өнөөдөр үндсэндээ нэг нь байхгүй болж 14 болчихоод байна. Нарийн сухайтыг гурван талаас нь малтаад, зулгаагаад бас дуусч байна. Орон нутгийн иргэдэд ноогдол ашиг гэж юм очихгүй байгаа. Тэнд хэдхэн хүн хуйвалдаад хамаг баялгаа гадагш зөөж байна. Тэдний захиалгаар бичдэг, нийтэлдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон байгаа.
-Ард түмнийг хамгийн их хагалан бутаргаад байгаа зүйл бол намуудын хатуу гишүүнчлэл гэх хүн бас цөөнгүй. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Ер нь намуудын төлөвшил муу байна. Намууд сонгодог утгаараа зохион байгуулагдаагүй. Үйл ажиллагаа нь болхи бүдүүлэг хэвээрээ байна. Хатуу гишүүнчлэл бол хүмүүсийг үзэл бодлоор ялгаварлах тал руу хандуулаад байгаа нь үнэн. Ардчилсан, ардчилаагүй гээд иргэдийг хооронд нь талцуулан хагаралдуулдаг. Монголд ардчилал жинхэнэ утгаараа байхгүй байгаа юм. Олигархийн ардчилал л байна. Барууны хөгжилтэй орнууд шиг намыг сонгодог байдлаар нь хөгжүүлэх хэрэгтэй. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа намууд бүхэлдээ олигархиудын барьцаанд орсон тоглоомын намууд болоод байна. Ардчилсан нам бол албан тушаал, авлигын төлөө ажилладаг нам юм. Ардын нам нь олигархиудын болон тэдний үр хүүүхдүүдийн эрх ашигт үйлчилдэг нам болсон. 
-Та бүхний ойрын үеийн гол зорилт юу вэ?
-Олигархиудын төр засгийг хүчтэй эсэргүүцэж тавьсан шаардлагуудаа хангуулж авна. Стратегийн ордуудыг замбараагүй ашиглаж байгаа явдлыг таслан зогсооно.

Б.Отгонбаяр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top