Худалч эсэхийг бичгийн хэвээр тодорхойлно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 16
Хүний нүдний болон биеийн хөдөлгөөн, яриандаа хэрэглэж буй үгний сонголтыг ажиглан худал ярьж байгаа эсэхийг таньж болдог. Тэгвэл гараар бичсэн бичлэгийг үндэслэн дээрх аргуудаас илүү өндөр магадлалтайгаар худалч эсэхийг мэдэж болохыг Израйлын "Haifa" их сургуулийн эрдэмтэд тодорхойлжээ.
 
Судалгаанд сайн дураар оролцсон 32 хүнд үнэн бодит зүйлийн тухай болон зохиомол зүйлийн тухай хоёр хэсэг богино хэмжээний өгүүлэл бичих даалгавар өгсөн байна. Үзүүртээ даралт мэдрэгч бүхий үзэг, компьютер ашиглан хийсэн судлагааны дүнд хүн худал, зохиомол зүйлийн тухай бичихдээ үзгээ цаасан дээр илүү их дарж бичдэг, үсгийн зурлага илүү өндөр бөгөөд урт бичигддэг болохыг тодорхойлсон байна. Эдгээр ялгааг энгийн нүдээр ажиглаж мэдэх боломжгүй бөгөөд компьютерийн программийн тусламжтайгаар тодорхойлох боломжтой ажээ. Харин бичих хурдны хувьд онцын ялгаа байгаагүй байна.
 
Энэ тухай нь "Applied Cognitive Psychology" сэтгүүлд бичигдсэн өгүүлэлд дурдсанаар ямар нэгэн зүйлийг зохиож бичихэд хүний тархи үнэн бодит зүйлийг бичихээс илүү ачаалалтай ажилладаг гэсэн дүгнэлтэд хүргэсэн байна. Судалгаа дөнгөж эхлэлийн шатандаа байгаа боловч цаашид даатгалын нэхэмжлэл хэр үнэн бичсэн эсэх болон зээлийн үйлчилгээ, ажилд орох ярилцлагын үед гар бичлэгийн тест авах, шүүхийн практикт худал ярьж байгаа эсэхийг тодорхойлох зэргээр уг аргыг ашиглах боломжтой ажээ.
 
http://robomec.blogspot.com/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top