Үсэндээ хими хийх гэж байгаа бол дараах зөвлөгөөг анхаараарай

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 27

Заримдаа өөрийн стилээ, эсвэл зүгээр л ямар нэг юмаа эрс өөрчилмөөр санагдах үед хамгийн түрүүнд үсний засалтандаа шинэчлэл хиймээр санагддаг. Намилзсан шулуун, “хөгжилтэй” буржгар гээд л үсээ янз бүр болгохдоо бүсгүйчүүд хими хийлгэхийг сонгох нь элбэг.


Өдөр бүр индүүдэх, хайчаар буржийлгахгүй нэг хэсэгтээ л санаа амар байж болдгоороо үсний химиний давуу тал их. Гэхдээ зурагтаар гарах янз бүрийн сурталчилгаа, рекламны самбаруудаас ихэнх бүсгүйчүүд маань химиний тухай нарийн ойлголт авч чаддаггүй. Харин Гоолингоо нь та бүхэндээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэлээ. Үсэндээ хими хийлгэхээр шийдсэн бол…

Химийг хэлбэрийн хувьд:
Шулуун хими
Төрөлхийн арзгар, ширүүн үстэй эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой хими. Үсээ задгай тавихын тулд байнга индүүддэг бол шулуун химийг туршаад үзээрэй. Үс индүүдэх нь салаалах, хуурайших, өнгөө алдах гээд олон сөрөг нөлөөтэй байдаг. Хими хийлгэхэд ч гэсэн адил сөрөг нөлөө байдаг учраас химиний дараах арчилгааг сайн хийж чадвал асуудалгүй л гэсэн үг. Хамгийн гол нь чиний цаг завыг хэмнэнэ. Шулуун хими хийлгэхээр сонгосон бол хямдхан, баталгаагүй газар хийлгэхгүй байхыг хичээгээрэй.

Үсний уг босгох хими
Чиний үс ямар ч байж болно. Угаасны дараа шалчийгаад сонин харагдаж байна уу? Өглөө үсээ угаачихаад шууд гарах боломжгүй байдаг уу? Ерөнхийдөө шингэн үстэй хүмүүст хамгийн тохиромжтой хими. Үсний угийг босгосноор хэлбэр нь цэгцтэй харагдаж, нүүрний хэлбэрийг засдаг. Үр дүнд нь чи үсээ үргэлж цаг гарган янзалдаг юм шиг харагдана. Мөн давуу тал нь үргэлж үснийхээ угийг индүүгээр босгох шаардлагагүй, угаагаад шууд гарсан ч гоё хэлбэртэй хэвээрээ байж чадна.

Буржгар хими
Заавал турших хими гэж хэлмээр байна. Буржгар үс хөгжилтэй, эмэгтэйлэг, бас энхрий харагдуулдаг. Том долгион, эсвэл бүр жижигхэн буржгар ч байсан болно. Чи өөрийнхөө хүсэл сонирхол, нүүрний хэлбэртээ тохируулан сонгох хэрэгтэй. буржгар химитэй байхын давуу тал нь чи үснийхээ арчилгаанаас өөр зүйлд санаа зовох хэрэггүй болно. Үсээ боох, хагас хавчих, задгай тавих гээд бүхий л үед гоёмсог харуулж чаддагаараа давуу тал ихтэй.

Химийг хорны хувьд:
Тосон хими- Тосон суурьтай хороор хийгдэж байгаа бүх төрлийн хими ордог. Манайд Солонгосын тосон химинүүд түгээмэл хэрэглэгдэж байна. Гол онцлог нь ямар ч химинээс илүү зөөлөн тул үсийг бага гэмтээнэ. Сүүлийн үед гоо сайхны салонууд үсний хими хийхдээ тухай үйлчлүүлэгчийнхээ үсийг гэмтээхгүй байхыг илүүд үзэх болсон. Тийм ч учраас ийм төрлийн зөөлөн хортой химийг түгээмэл хэрэглэдэг болжээ.

Усан хими- Тосон химинээс өмнө их ашиглагддаг байсан. Биднийг бага байхад эмээ, эгч нар маань үсээ нилээд чанга ороолгоод хими хийлгэчихсэн байдаг байсан даа? Яг тийм аргаар хийдэг химийг “усан” гэдэг. Ихэвчлэн Герман химинүүд ийм хүчтэй байдаг. Энэ хими нь тосон химийг бодвол үсийг их гэмтээдэг, бас тогтоц нь илүү удаан байдаг онцлогтой.

Дижитал хими- Дижитал химиний гол онцлог нь арай илүү том том долгион үүсгэж буржийлгадаг. Хийх технологийн хувьд тосон суурьтай химиэ түрхээд халуун малгай өмсөж эсвэл зориулалтын төхөөрөмжөөр халаадаг. Энэ нь “дижитал” гэх тодотгол нь болж байгаа юм. Охидууд жижиг жижиг буржийлгахаас илүү том долгионтой үсийг сонирхох болсон. Хэрэв чи урт үстэй бөгөөд том долгион хүсч байгаа бол дижитал хими хамгийн зөв сонголт болно.

Химитэй үсний арчилгаа
Химитэй үс энгийн үсийг бодвол гэмтэж, хуурайшсан байдаг. Хэдийгээр хүссэн үр дүндээ хүрч сайхан харагдаж байгаа ч үснийхээ эрүүл байдлыг хадгалах нь хамгийн чухал байдаг.

Химитэй үсийг угаах: Шампуниас нь эхэлье. Хэрэв чиний үс химитэй бол тэжээлийн шампунь хэрэглэхийг зөвлөж байна. Шампунь хэрэглэх бүртээ ангижруулагч хэрэглэхээ битгий мартаарай. Мөн үсийг угаахдаа хуйхаа хумсаараа биш хурууны өндгөөрөө үрж угаах нь илүү зөв байдаг. Хуйх гэмтсэнээр хагтах, үс хуурайших зэрэг сөрөг нөлөө гардаг учраас үсээ угаахаас нь эхлээд арчлах нь хамгийн зөв юм.

Тэжээлийн тос:Үсний тэжээлийн тосыг 7 хоногтоо 2-3 удаа түрхвэл чиний үс эрүүл, гялалзсан хэв маягаа алдахгүй. Тосоо сонгохдоо ямар үр дүн хүлээж байгаагаа сайн бодоорой. Охид бүсгүйчүүд маань ихэвчлэн тэжээлийн тосыг хуйхандаа түрхээд байдаг. Үс хагтсан бол хуйханд түрхэж болох бөгөөд үсний үзүүр хуурайшиж, салаалсан тохиолдолд тосоо үзүүрт нь сайн шингээж түрхвэл илүү үр дүнтэй.

Буржгар химитэй бол угаасны дараа хэлбэрийг нь удаан хадгалахын тулд зориулалтын эссэнци түрхэхийг зөвлөж байна. Эссэнцээ түрхэхдээ гартаа дусааж хооронд нь сайн үрээд үсээ доороос нь дээшээ базаж хөвсийлгөх маягаар хэлбэр оруулна. Энэ нь химиний хэлбэрийг удаан барьж үсийг гялалзсан сайхан харагдуулдаг.

Үсний маскҮсний маск гэмтсэн үсэнд маш сайн тэжээл болдог. Химитэй үсэнд B ба C витаминтай маскыг хэрэглэх нь зүйтэй. Сонгож авсан маскаа үсэндээ хангалттай хэмжээгээр түрх. Толгойдоо гялгар малгай өмсөөд дээрээс нь алчуураар ороогоорой. Энэ нь үсэнд үйлчилгээ үзүүлэх явцад тустай. Маскаа 20-25 минут байлгасны дараа бүлээн усаар зайлж угаагаарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хйхшомхш(27.123.214.85) 2017 оны 02 сарын 07

Яаж хиидэг заавар бичиж болох у

0  |  0
Top