Ирланд улсад суугаа элчин сайд Тус улсын ерөнхийлөгчид жуух бичгээ барив

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 02

Монгол Улсаас Ирланд Улсад суугаа Элчин сайд Н.Тулга Ирланд Улсын Ерөнхийлөгч Маикл Д.Хиггинст Итгэмжлэх жуух бичгээ барив.

  Элчин сайд Н.Тулга Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ирланд улсын Ерөнхийлөгч Д.Хиггинст уламжлаад өөрийн томилолтын хугацаанд хоёр орны харилцааг хөгжүүлэх, нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарын харилцааг идэвхжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.

  Ерөнхийлөгч Д.Хиггинс түүний хариуд Элчин сайд Н.Тулгыг Ирланд Улсад тавтай морилохыг ерөөгөөд Монгол Улс бүс нутагтаа ардчиллыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлж, өнгөрсөн 4 дүгээр сард Улаанбаатар хотноо АОХН-ын VII бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.

  Элчин сайд Н.Тулга мөн Ирландын Парламентын спикер  Шон Барретт, Худалдаа, Хөгжлийн сайд Жо Костелло зэрэг албан тушаалтантай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

  Ирландад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй Элчин сайд уулзаж, тэдэнд тулгарч буй хүндрэл, бэршээлийн тухай сонсч, санал бодлоо хуваалцлаа. Энэхүү уулзалтын үеэр Ирландын иргэн Марк Шеррид Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсонд нь баяр хүргэж түүнд Патент, тамгыг албан ёсоор гардуулав. Одоогоор Ирландад 1200 орчим монгол иргэн ажиллаж амьдарч байгаа юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top