Цахим дээд сургуулийн захирал Р.Болорнаран: Гадны хүн гэхээрээ бурхан шиг байдаг гэж ойлговол том эндүүрэл

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 06

ТИС хэмээн их айлыг олон жил удирдсан н.Рэнцэн гуайг танихгүй хүн үгүй. Тэрбээр боловсролын салбарт хүчин зүтгэж 1990-ээд оны сүүлчээр анхны хувийн IT сургуулийг нээж байсан арвин түүхтэй нэгэн. Тухайн үед 10 жилээ дөнгөж дүүргээд байсан охин нь аавтайгаа хамтран сургуулийнхаа шавыг тавилцаж, ойр зуурын ажилд туслан байсан бол өдгөө сургуулийнхаа захирлын албыг хашиж байна. Албан ёсоор танилцуулбал “Цахим” дээд сургуулийн захирал Р.Болорнаран. Их эрдмийн өргөөг удирдах “их” үүрэг хүлээсэн тэрбээр дээд сургууль удирдаж буй хамгийн залуу захиралуудын нэг.


-Электрон жаалыг эс тооцвол Монголын хамгийн залуу захирал болж байгаа байх аа. Хэзээнээс сургуулиа удирдаж эхлэв?

-“Цахим” дээд сургуулийг анх үүсэн байгуулж байхад би дөнгөж 10 дугаар ангиа төгссөн жаахан охин байсан. Тухайн үед бол сургуулиа удирдана гэж юу байхав. Аавынхаа хий гэснийг нь хийгээд, ойр зуурын ажилд нь тусалж, аавынхаа удирдлагад байлаа. Түүнийхээ дараа жил буюу 1998 онд АНУ руу яваад 2011 онд эх орондоо ирсэн. Тэр цагаас хойш сургуулийнхаа захиралаар ажиллаж байгаа.

-Нутагтаа ирэлгүй олон жил харьд амьдарчээ. Нийгмээс нэлээд төсөөрсөн байх даа?

-10 гаруй жил АНУ-д амьдарсан байна. Монголдоо ирээд нийгэмдээ дасаж, олны дунд “хутгалдах” гэж нэлээн юм боллоо. Наад зах нь хэнтэй уулзах вэ, хаана очих вэ, тогныхоо мөнгийг хаана төлөх вэ, хэнд хандаж, хэнтэй хамтрах вэ гээд л асуудал их байсан. Наад зах нь л гэхэд тогныхоо мөнгийг хаана тушаах, хэнээс асуух гээд бэрхшээл гардаг юм байна. Харин одоо бол дасчихсан бүхнийг өөрөө хийх гээд л үзээд байгаа. Сургууль анх байгуулагдаж байх үед аав ээж хоёр дээрх асуудлыг шийдчихдэг байсан болохоор надад ёстой “А” ч байхгүй байсан.

-АНУ-д мэдээж сурсан байх. Сургалтын чанар, орчныг харьцуулахын аргагүй, тэнгэр газар шиг ялгаатай. Оюутнуудаа хэр шахаж шаардаж байна. Хэр хатуу захирал вэ?

- Бакалаврт олон улсын бизнесийн удирдлагаар суралцсан. Харин мастераа боловсролын чиглэлээр хамгаалсан юм. Дан сурахынхаа хажуугаар амьдралын сургуульд сурсан гэж болно. 13 жил хүний газар байна гэдэг амаргүй. Ганцаараа бие дааж амьдрах, ажил хичээлээ зохицуулах гээд бүх асуудлыг өөрөө зөвөөр шийдэх гэж хичээдэг. Оюутнуудтайгаа чөлөөтэй харьцдаг. Монголд дарга цэрэг, албан тушаалын ялгаа их байна. Миний бодлоор бол оюутан ч бай, ажилчин ч бай  санаж бодож байгаа зүйлээ чөлөөтэй ярьж хэлдэг байх ёстой. Боловсролын тухайд бүрэн дунд сургуулиа дүүргээд орж ирж байгаа зарим хүүхдүүдэд төлөвшилт, ирээдүйн зорилго гэж алга. Уг нь дунд сургуулиа дүүргэнэ гэдэг бол амьдралын нэг том алхам хийж байна гэсэн үг шүү дээ. Ер нь ирээдүйд хэн болохоо шийдэх мөч гэхэд буруудахгүй. Мэргэжлээ зөв сонгох, төгсөөд хаана ажиллах гээд бүх зүйл нь төлөвлөгөөтэй, хэтийн зорилготой болчихсон дээд сургуулийн босго алхах ёстой шүү дээ. Гэтэл найз нөхдийнхөө саналаар ч юм уу, аав ээжийнхээ шахалтаар  сургуулиа сонгочихсон, хэтийн төлөвлөгөө гэж юу байдаг гэдгийг ч мэдэхгүй хүүхдүүд байна. Дунд сургуулиа дүүргээд ямар ч байсан дээд сургуульд орлоо, ингэж байгаад 4 жилийн дараа нэг диплом авчихна тэгээд нэг ажилд орчихвол болоо гэсэн нийтлэг сэтгэхүйтэй байгаа нь жаахан тийм санагддаг.

-Анх захиралын албаа авахад ямар сэтгэгдэл төрж байв. Халширсан уу?

-Захирал боллоо гэж баярлахаасаа илүүтэй энэ нэрний ард маш том үүрэг бас хариуцлага бий гэж айж эмээх тал байсан. Гэхдээ хүн өөрөө хичээвэл болохгүй бүтэхгүй зүйл үгүй. Ямар ч ажлыг хийж л байж туршлага хуримтлуулж, практикаас суралцдаг учраас тэгтлээ халшираагүй ээ. Бас надад маш түшиг болдог аав ээж минь зааж зөвлөдөг.


-Энд тэнд уулзалттай үед хүмүүс хэрхэн хүлээж авч байна. Дээд сургуулийн захирал гэхээр ахимаг насны хүнээр төсөөлдөг байх?

-Боловсролын яам бусад сургуулиудын захиралууд уулзахаараа гайгүй хүлээж авдаг. Гэхдээ манайханы нэг эвгүй зан байдаг юм байна. Хүнийг гаднаас нь хараад л захирал шинж алга, дарга шинж алга гэж дүгнээд байдаг. Наад зах нь  “Захиралыгаа дуудаад ир” гэчихээд яваад очихоор “Энэ захирал чинь юм уу” гээд дээрээс нь доош нь гүйлгэж хараад л, шууд хүлээж авдаггүй. Тэр болгоныг би өөр дээрээ хүндээр тусгаж аваад байдаггүй л дээ.

-Ийм байдал ажлын бүтээмжинд нөлөөлж байна уу?

-Зарим нэг зүйл дээр ажиглагддаг ч гэсэн тэгтлээ уршигтай биш л дээ. Хийх ёстой зүйлээ ном журмынх нь дагуу хийгээд явахаар гайгүй байдаг юм.

- Монголдоо анх удаагаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анги нээж байгаа тухай сонсоод талархал илэрхийлмээр, “Ташуур өгмөөр” санагдсан.  Хүний эрх, хүүхдийн эрх яриад байдаг хэр нь манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан дээд сургуулийн тусгай анги байдаггүй. Ямар ч саад бэрхшээл тохиолдож байсан ч няцаж, шантралгүйгээр энэ сайхан үйлээ үргэжлүүлэн хийгээрэй. Чамд нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

-Баярлалаа. Би сургуулийн захиралын албыг гардаж авахдаа нийгийн халамжийн чиглэлээр нэг зүйл хийнэ дээ гэж бодож байсан. Тухайн үед манай сургуулийн 15 жилийн ой болж байсан юм. Тэгээд ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай анги нээе гэж бодсон. Гэтэл хүүхэд нь бүрдэж өгөхгүй байсан юм. Гурав юм уу дөрвөн хүүхэд ирвэл нэг анги болгоно гэдэг хэцүү. Тиймээс нэг анги болох хүүхдүүдээ бүрдүүлээд одоо гүйцчихсэн байгаа.

-Үнэхээр сайхан санагдаж байна.  Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн эрүүл хүний нэгэн адил л эрх эдэлнэ шүү дээ. Эдгээр хүүхдүүд тэтгэлэгээр сурах уу? 

-2011 онд I курсээ авахдаа бид хамтран ажилладаг байгууллагатайгаа ярилцаад хүүхдүүдээ тэтгэлэгээр сургаж байгаа. Ер нь манай сургуулийн хүүхдүүдийн 70 % нь 50 хувийн тэтгэлэгээр суралцдаг.

-Хувийн сургууль ийм их тэтгэлэг олгох нь эрсэдэлтэй биш үү. Төрөөс хэр дэмждэг вэ?

-Төрөөс дэмжлэг авдаггүй. Ялангуяа, төр улсын сургуулиа л дэмжинэ үү гэхээс биш хувийн сургуульд анхаарахгүй шүү дээ. Манай сургууль төлбөрийн асуудалд нь их анхаардаг. Аль болох хүүхдүүдээс өмнгө гаргахгүй, санхүүгийн ачаа нэмэхгүй байхыг боддог. Хэдэн жилийн өмнө төрөөс сургалтын 500 мянган төгрөг өгч байсан шүү дээ. Тэр үед бид хүүхдүүддээ “Улсаас өгсөн 500 мянгаараа сур, та нараас ямар ч төлбөр гаргуулахгүй” гээд I курсийн оюутнуудаа авч байсан. 50 хувь нь тэтгэлэгээр төлөгдөж байгаа юм. Харин одоо бол 70 мянгаараа  сургалтын төлбөрөө төлдөг. Тэднийг төгстөл нь сургалтын төлбөр нэмэгдэнэ гэсэн зүйл байхгүй. Аль болох суралцах боломжийг нь нээж өгдөг. Эдгээр хүүхдүүд 4 жилийн турш 50 %-ийн хөнгөлөлттэй суралцаж байна гэсэн үг. 100 хувийн тэтгэлэгээр суралцуулбал багш нар цалинжуулахаас эхлээд асуудал их гарна.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ямар мэргэжлээр суралцах бол. Эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалаад суралцах анги нь өөр байх уу?

-Бүгдээрээ график дизайны ангид сурна. Анги бүрдүүлсэн хүүхдүүдийн ихэнх нь бүсэлхийнээс доош мэдээгүй тэргэнцэртэй хүүхдүүд байгаа.

-Энэ мэдээг сонсоод гуниг төрж байна.  Гэхдээ хүүхдүүдийн хувьд их баярлаж байгаа байх аа. Сурч боловсрох орчин нь бүрдээд дээрээс нь тэтгэлэгтэй гэхээр?

-Тийм ээ. Хүүхдүүд маань баярласандаа надад захидал илгээж “Ирээдүй минь гэрэлтлээ, үнэхээр сайхан байна” гээд л яг сэтгэлийн үгээ бичсэн байсан. Зарим захидлыг нь уншаад би уйлсан. 

-...?

-Осолд ороод тахир дутуу болчихсон нэг хүү бий. Бас өнчин. Тэгсэн хэр нь ямар гоё өөдрөг сэтгэлгээтэй, ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж өөртөө итгэлтэй байдаг юм бэ. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй, тахир дутуу хүн гэхээр ирээдүй нь жирийн эрүүл саруул хүнийхээс тэс өөр ертөнц төсөөлөгддөг байх. Гэтэл түүний хүсэл мөрөөдөл ямар гэрэл гэгээтэй, амьдралыг ямар сайханаар хардаг гэж бодно. Түүний зхахидлыг уншаад би өөрийн эрхгүй уйлсан.

-О.Дашбалбар агсны “Амьдаа бие биенээ хайрла” гэдэг үг санаанд бууж байна?

-Энэ үгийг мэдэхгүй хүн байхгүй ч хийж байгаа, хэрэгжүүлж байгаа нь ховорхон юм шиг санагддаг. Бүгдээрээ л хийдэг, хичээдэг бол ямар сайхан байх бол.

-Ярианыхаа сэдвийг өөрчлөе. Болорнаран найз нөхөдтэй хэр шоудаж байна. Захирал гээд “дүмбийдэггүй” биз дээ?

-Одоохондоо гэр бүлгүй болохоор найз нөхөдтэйгээ уулзана аа, уулзана. Гэхдээ учиргүй ууж идээд явдаггүй. Ихэвчлэн олон нийтийн ажилд оролцдог. Ер нь нийгэмд чиглэсэн арга хэмжээнүүдэд боломжоороо оролцохыг хичээдэг. Үзвэр үйлчилгээ, энтертайнмент чиглэлийн зүйлд бол багаасаа л дуртай байсан.

-Цэнгээний газар оюутнуудтайгаа тааралдаж байна уу?  

-Нэг удаа тааралдсан. “Яана аа, манай оюутан явж байна” гэсэн атал “Олон нийтийн газар юм чинь” гэж өөрийгөө зөвтгөсөн. Харин оюутнууд маань “Яана аа захиралаа уучлаарай” гэдэг ч сургууль, чөлөөт цаг хоёр ялгаатай. Баар, шөнийн клубт орлоо гээд тэд ямар буруу зүйл хийчихсэн биш.  

-Яруу найрагч Ш.Дулмаа гуайн ач охин С.Сарнай өөрийн чинь найз уу. “Playboy” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулсан байсан. Өөрт чинь ийм санал ирвэл яах вэ?

-Тэр талаар ёстой бодож байгаагүй юм байна. Миний ертөнцөд нүцгэн зургаа авахуулна гэдэг төсөөлөл ердөө ч алга. Ер нь тийм зүйл хийхгүй ээ. Загвар өмсөгч С.Сарнай бол манай бэр. С.Сарнай багаасаа модель хийсэн хүн. Тиймээс нүцгэн зургаа авахуулна гэдгийг ажилтай нь холбож ойлгох ёстой болов уу.

-Болорнаран найз залуутай юу?

-Байхгүй ээ.

-Залуухан захиралд танилцах санал ирэхгүй байна уу?

-Танилцах санал ирдэг л дээ. Энд тэндэхийн арга хэмжээн дээр болон утсаар, сошиал орчинд ч танилцъя гэх тохиолдол байдаг. Гэхдээ тэр болгоныг хүлээж авна гэдэг бол угаасаа амьдралаас хол зүйл шүү дээ. Утасны цаана ямар ч хүн байгаа юм. Компьютерийн цаана ямар хүн байгаа нь бүү мэд шүү дээ. Ялангуяа өнөөгийн нөхцөлд бол бүр хүнд. Харин нүүр тулж уулзаад надад үнэхээр таалагдвал харилцаа тогтоохыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ таалагдсан болгонтойгоо харилцаа тогтооно гэсэн үг биш шүү.

-Орчин үед монгол залуусаа гэхээсээ илүүтэй гадны хүнийг охидууд маань илүү шүтэх болж. Үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Гадны хүнтэй л суучихвал тэнгэрийн умдаг атгасан юм шиг санадаг болчихсон охидууд ажиглагддаг. Гэтэл амьдрал бол өөр. Монголд ирж байгаа гадны иргэдийн ихэнх  нь бизнесийн шугамаар ирж байгаа хэдий ч хөшигний цаад талд бол хүнтэй л адилхан алдсан оносон, сайн муу гээд бүх л хүнд байдаг бүхий л зан характер байгаа нь мэдээж. Монголд л мандаад байгаа болохоос биш өөрийн нутагтаа нэр хүнд муутай, муу хүн байхыг үгүйсгэх аргагүй. Бас монголд буруу санаа өвөрлөж ч ирсэн байж болох. Гадны хүн гэхээрээ бурхан шиг байдаг гэж ойлговол том эндүүрэл шүү дээ. Усыг нь уугаагүй, ёсыг нь мэдэхгүй, ааш зангий нь мэдэхгүй хүнтэй сууж зовж байснаас Монгол залуутайгаа гэр бүл зохиож,  нэг нэгнийхээ тал бие нь болоод 2-уулаа бие биенээ дэмжиж “Цэцэглээд” явбал гоё шүү дээ. Ер нь Монгол цус, монгол удам гэсэн үзэл бодол зарим эмэгтэйчүүдэд байдаггүй юм шиг санагдаад байдаг юм. Энэ арчаа муутай, энэ тийм боловсролгүй, энэ царайлаг биш ч гэдэг юм уу сул талыг нь эхэлж олж хардаг юм шиг ээ. Үнэхээр л амьдралын төлөө сайн сайхны төлөө тэмүүлж байгаа бол хоёулаа бие биенээ хөгжүүлээд, дэмжээд зүтгэвэл сайхан. Одоо ажиглаад байхад оюутнуудын дийлэнх нь эмэгтэй байна. Сурч байгаа цөөн хэдэн эрэгтэйчүүд нь амбиц хөөгөөд алга болдог тал байна. Тэгэхээр хүйсийн харьцааны асуудал гарч ирж байгаа юм. Үүнээс гадна энэ бүсгүй мисс боллоо, тэр баянтай суугаад тэр улсад аялж явна, энэ ийм топ модель боллоо, ийм баянтай суугаад ингэж сайхан амьдарч байна гэх зэргээр “сөрөг” ч гэж болохоор мэдээллийг тархинд нь шингэтэл цацаж байна. Энэ нь ялангуяа дунд сургуулиа дүүргэж байгаа охидуудад  арай өөр амьдралын зам сонгох шалтгаан болдог юм шиг байгаа юм. “Өө, би сургуульд сурсан ч яалаа, сураагүй ч яалаа. Өөрөө л гоё сайхан харагдаж байвал энэ хүүхнүүд шиг сайхан амьдарч чадах юм байна, аль эсвэл гадаад хүнтэй суучихвал ямар ч асуудалгүй сайхан амьдарч болох юм байна” гэсэн ойлголт тархинд нь суучихсан охид олон болчихож. Гэхдээ тэднийг буруутгах аргагүй. Нийгэм нь өөрөө ийм болж, баячуудаа алдаршуулаад байхаар “Ийм болох ёстой” гэсэн бодолтой болчихож байгаа юм. Гэхдээ сургууль соёлын мөр хөөж толгойгоороо хоолоо олж иднэ гэсэн чин хүсэлтэй олон хүүхэд байгааг үгүйсгэж болохгүй.

-Болорнаран ямар ч байсан гадны хүнтэй суухгүй нь гэсэн бодол яриаг тань сонссод төрж байна. Үндэсэрхэг үзэл цухалзаж байна шүү?

-Манай найзууд намайг “Гадаадад өчнөөн олон жил болчихоод гадны хүнтэй суухгүй яасан юм” гэж хэлдэг. Надад гадны хүнтэй суух боломж байсан, суух санал ч ирж байсан. Гэхдээ яагаад ч юм эх орон руугаа л татагдаад байдаг юм.

-Найзууд чинь “доргио” охид уу. Хамт авахуулсан зургийг нь харахад их “Галзуу” байрын охид харагдаж байсан?

-2 жилийн өмнө АНУ-д байсан найз охидууд маань хоорондоо ярилцаж тохироогүй хэр нь нэг зун бараг бүгдээрээ ирчихсэн байсан. АНУ-д байхдаа олон хотод тарчихсан, нэг хотод байгаа хэдийнх нь хичээл нь зөрж ордог, гэр хол гээд тэр болгон уулзах зав гараад байдаггүй байлаа. Харин монголдоо ирсэн чинь бүгдээрээ их ойрхон дотно болсон. Олон жил монголдоо байгаагүй хүмүүс чинь цангачихсан байдаг юм байна. Эхний 6 сар бид хэд маш их хэлхэлдэж, үзвэр үйлчилгээ, энд тэндэхийн арга хэмжээд орж байсан. Тэнд нэг пиццаны газар нээгдлээ гэхэд “Орж үзье” гээд явах жишээтэй.

-Болороо хэр үрэлгэн бэ?

-Үрэхдээ үрнэ. Үрэхгүй бол гайгүй. Манай аав ээж намайг үрэлгэн гэдэг.

-Авсан цалингаараа амьдраад байж чадаж байна уу?

-Одоохондоо ганц бие болохоор авсан цалингаараа болоод л байна. Харин гэр бүлтэй болвол мэдээж хаанаа ч хүрэхгүй. Хүн чинь бүл нэмэх тусам хэрэглээ нь нэмэгдэж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр цалингаараа амьдрах боломж их бүрхэг шүү дээ. Мөнгө их “сонин”. Орж ирээд байдаг хэр нь юунд зарцуулагдсан нь мэдэгдэхгүй нэг мэдэхэд дуусчихдаг. Тэгээд тооцоод үзэхээр яалт ч үгүй хэрэглээнийхээ зүйл зарцуулчихсан байдаг юм.


-Нууц биш бол захирал хэдэн төгрөгийн цалинтай вэ?

-1 сая 200 зуун мянган төгрөг авдаг.

-АНУ-д сурахаасаа гадна ажиллаж байсан гэсэн. Манайхан чинь аль болох өндөр цалинтай хар бор ажилд зүтгэж байгаад хэдэн цаас цуглуулж ирээд л өөрийн гэсэн орлоготой болох, орон сууцтай болох гээд амьдралаа дээшлүүлэхэд зориулдаг?  

-АНУ-д сурахынхаа хажуугаар ажил хийдэг байсан. Наашаа ирэхээсээ өмнө бага сага мөнгө хураасан.

-Оюутан байхдаа аав ээжээсээ мөнгө хэр татаж байв?

-Их татаагүй шүү. Аав ээж хоёр эхний нэг жилийн төлбөрийг төлсөн. Түүнээс хойш би биеэ даан ажил хийж өөрийгөө аваад явчихсан даа.

-Анх очоод ажил хийж байгаа хүмүүст хэлний бэрхшээл байдаг. Ийм бэрхээлтэй тулсан уу?

-Би чинь багадаа л хэлний курс гээд яваад л байсан. Гэтэл яг хөрсөн дээр нь буусан чинь шал өөр. Юун 6 сар сурсан англи хэл. Цагийн дотор л хэрэглэгдээд дуусдаг бүтээгдэхүүн шиг байсан. Тэгээд л аливаа зүйлийг багаас нь эхэлж байж амжилтанд хүрдэг учраас грек ресторанд тогоочоор ажиллаж байлаа. Хэлний бэлтгэлд хичээл зааж байсан багшийн  найзынх нь ресторан байсан юм. Дараа нь хуулийн фирмд архивын ажилтанаар ажилд орж байсан.

-Рестораны тогооч монгол хоолоо “нутагшуулж” чадав уу?

- Ажилчдын хоол хийх үед нь монгол хоолоо хийж өгдөг байсан. Албан ёсоор рестораны цэсэнд ороогүй л дээ. Би Монгол хоолоо сайн хийнэ. Эмээ дээрээ өссөн болохоор хоол сайн хийж сурсан.

-Брэнд хэрэглэдэггүй Монгол хүн байхгүй болсон юм шиг байна.  Хаа сайгүй л брэнд ярьсан хүмүүс. Өөрийн чинь тухайд брэндийг хэр их “хөөцөлдөж” байна?

-Ер нь их туйлширдаггүй. Алт, мөнгө, даймонд гэж үнэтэйг нь сонгодоггүй. Өөрт таалагдсан, биед эвтэйхэн бол л брэнд энэ тэр гэхгүйгээр хэрэглэдэг. Харин Монголдоо ирээд брэнд гэдэг зүйлийг утгаар сонсож, харж байна. Дээрээсээ доор нь хүртэл. Адилхан юмыг оюутанаас эхлээд том компанийн босс хүртэл хэрэглээд явж байгааг харахаар инээд ч хүрэх шиг. Мэдээж үнэ өртөгийн зөрүү бий, гэхдээ л...

Брэнд хэрэглэснээр зиндаа илэрхийлнэ гэж ч байх шиг. Өнгөцхөн зүйлээр хүнийг маш их дүгнэдэг болсон байна. Хүн болгон биеэ гоё сайхан авч явахыг хүснэ. Гэхдээ заавал учир утгагүй их үнэтэй зүйлд туйлшираад байх хэрэг байдаг юм уу. Нэг их үнэтэй брэнд малгай толгой дээрээ тавьчихаад явбал тэр хүний толгой доторх нь ч гэсэн тийм болчихгүй шүү дээ.

 

Ж.Нарангарав anu_naran@yahoo.com

Top