Тоншуул: Я.Батсуурь даргаа өрөө төлж дийлэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөч!

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 06

 

Стратегийн гэх том тодотголтой Тавантолгойн орд эргэлтэд орсон мэт үзэгдэвч, эдийн засагт  дагуулах тодорхой үр ашиг нь хэзээ наашлах нь бүрхэг байгааг Тоншуул би харж байна. Халамжийн мөнгө тараахын тулд 350 сая ам.долларыг өмнөд хөршөөс зээлчихээд, одоо тэр өрөө дарж дуусгана гэх нэрийдлээр энэ ордын нүүрсийг урагш нь гаргаж байна. Ядаж байхад дэлхийн бөгөөд хөршийн эдийн засаг биднээс ямар хамаарах биш. Зах зээлээ болоод тухайн улсын бодлогыг дагаад манай нүүрс үнэгүйдэх маягтай ч цаг үе таарч үзэв. Энэ онд Зүүн Цанхийн уурхайгаас  зургаан сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн ч, долдугаар сард дөнгөж 834.3 мянган тонн нүүрс олборлосноос,  372.3 мянган тонныг экспортолсон бол Баруун Цанхийн уурхайгаас 2.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөснөөс 128.6 мянган тонныг олборлосон байр байдалтай сууж байсан. Тэгчихээд Чалкогийн өрийн үлдэгдэл 170 сая долларыг энэ ондоо багтаагаад нүүрсээрээ төлчихнө гэж том дуугарцгаасан. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээс үзэхэд Засгийн газар Чалкогийн өрийг энэ онд  төлж дуусгаж дийлэхгүй гэж байна. Өрийг тэглэхийн тулд 3.6 сая тонн нүүрс нийлүүлвэл болчихоор тооцоо гарсан ч, оны сүүлчийн сар тал руугаа ороход хэдхэн өдөр үлдээд байхад төлөвлөснөөсөө хол зөрүүтэй тооцоололтой сууж байгаа гэж байна.

 

Тэгэхээр Засгийн зааврын дагуу үйл ажиллагаа явуулагч “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолтын гэрээ хийсэн компаниудтай олигтой ойлголцож, ажлыг нь урагшлуулж чадаагүй нь харагдаж буй юм. Уг нь    “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Я.Батсуурь энэ албан тушаалд очихоосоо өмнө их л сайн сайхан зүйлс ярьдаг байлаа. Өмнөх засгийн үед хийж чадаагүй бүхнийг хийнэ, хэрэгжүүлнэ гэсэн шулуухан үгсийг хэлдэг байсан ч, ажлаа аваад  хоёр жилийн нүүрийг үзэх шахаж байж үйл ажиллагааныхаа алдаа дутагдлыг  “Чалко”-той хийсэн ашиггүй гэрээ рүү чихсэнээс өөрийг хийж дийлсэнгүй гэхэд болно. Ер нь тэрээр анхнаасаа л худлаа ярьсан. Ямартаа л Баруун Цанхийн талбайд зарласан олборлогчийн тендерт “Хишиг Арвин Индустриал” ХХК гэх монголын компани шалгарсан хэмээн өөрөө хэлж байсан хэрнээ дараа нь тэр тендерийг “Хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэх тендер” гэсэн үгсийг унагаж суусан.

 

Тэгсэн дараа нь Баруун Цанхийн уурхай дээр нэг жилийн гэрээт олборлогчийн тендер зарлагдаад явж байгаагаас харахад  Я.Батсуурь тэр үед худлаа хэлсэн нь тодорхой болсон юм. Захирал болохоосоо өмнө С.Ганбаатар тэргүүтэй нөхдүүдтэй хамтран “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаатай холбоотой асуудлаар багагүй зүйлийг ярьж,  хэдхэн хүмүүс эзэмшихээр болоод байна энэ тэр гэж бухимдлаа илэрхийлж, тэмцэж магтаал хүртэж байсан түүхтэй ч, захирал болсныхоо дараа засгийн бодлогодоо уусаа юу гэмээр ааш аягийг үзүүлэх болсон. Ямартаа л Тавантолгойн аж ахуйн нэгжүүдэд олгох хувьцааг иргэдэд олгох төслийг санаачилсан хэрнээ бүлэг дээрээ энэ асуудлыг хэлэлцэхэд эсрэг байр суурь илэрхийлэн улс амьтны элэг доог болж суухав. Гэхдээ асуудлыг нөгөө талаас нь харвал тэр татгалзсан нь өөрт нь ашигтай нүүдэл ч байсан байж болох л  доо.

 

За тэгээд Эрдэнэс Тавантолгойг удирдах албанд суучихаад баахан бүтэхгүй асуудал байгаа талаар хэлж ярьсны дотор  “Ашиглах боломжгүй долоон тэрбум төгрөгийн эд бараа байгаа. Уурхайн үйл ажиллагаа эхлэхэд ашиглах зорилгоор хүнд даацын тус бүр нь 160 сая төгрөгийн үнэтэй 10 автомашиныг авсан. Гэсэн ч чанар, стандартын шаардлага хангахгүй, ашиглагдахгүй автомашинуудаас гадна тав орчим тэрбум төгрөгийн үнэтэй дугуй байгаа. Эдгээр нь бүгд ашиглах боломжгүй” хэмээн ярьж байсан билээ. Гэтэл түүнийг энэ албанд суусны дараа бас л ийм үр ашиггүй гэрээ хийгдсэн талаар мэдээлэл байгаа юм. Тодруулбал,  Зүүн цанхийн уурхайд   хэдэн арван тэрбум төгрөгийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг хууль бусаар авсан  томоохон компанийн талаар мэдээлэл байгаа. Тэгвэл энэ асуудалд Я.Батсуурь дарга ч холбоотой талаар эх сурвалж хэлж байгаа юм. Холбогдох хууль хяналтын байгууллагын зүгээс “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой шахааны бизнесүүдэд хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж байна. Тэгэхээр тодорхой хугацааны дараа асуудлын үнэн цагаан нь ил болох биз ээ.

 

Ноён Тоншуул

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo(103.26.194.180) 2013 оны 12 сарын 09

ene ih gaigui zuv hun shig sanagddag yum. sain huniig dandaa muulj baih yum daa

0  |  0
Top