Төрийн дархан О.Эрдэнэчулуун: Бурхан багшийн шүдийг залсан суварганд 26 лан мөнгө орсон

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 16

Бурхны шашинтнуудын хамгийн эрхэм дээд шүтээн болох Buddha Relic буюу Бурхан багшийн эрдэнийн шарил Монголд хадгалагдаж байгааг манай эрдэмтэд тогтоосон билээ. Бурхан багшийн эрдэнийн шарилыг Төрийн дархан О.Эрдэнэчулууны урласан болор суварганд байрлуулжээ. Эл гайхамшигт суварганы талаар О.Эрдэнэчулуун дархантай уулзаж ярилцлаа.


 

-Бурхан багшийн эрдэнийн шарилыг таны бүтээсэн суварганд залсан. Ийм их аз завшаан хүн болгонд тохиогоод байхгүй шүү дээ?

-Энэ суваргыг би өөрийн шавь, хүүгийн хамт хоёр сарын хугацаанд хийж бүтээсэн. Гэхдээ Бурхан багшийн эрдэнийн шарилд зориулж хийгээгүй юм. Харин болор суваргыг хийсэн цаг хугацаа нь Бурхан багшийн эрдэнийн шарил илэрсэн цаг хугацаатай давхцаж таарсан. Тиймээс маш их аз завшаан, ховорхон боломж санаандгүй тохисон хэрэг болсон юм. Үүнд би ихэд билэгшээж байгаа.

-Болор суварганд хэдий хэмжээний мөнгө орсон бэ. Нийт жингийн тухайд?

-Бурхан багшийн эрдэнийн шарилыг залсан суварга нь 98 сантиметр өндөр, 85 килограмм жинтэй болсон. Нийт 26 лан мөнгөөр чимэглэсэн.



-Суварганы суурь усан болор нь таримал чулуу юу, аль эсвэл байгалийн болор уу?

-Суварганы суурь болох усан болор нь ямар нэгэн химийн бодисын тусламжтайгаар ургуулсан бус байгалийн болор гэдгээрээ онцлог. Энэ чулууг би Тайванаас өөрөө очиж авчираад тоноглолыг нь хийсэн юм. Байгалийн болор чулууг засаж хийсэн суварга үүнээс өөр байдаггүй.

-Суварганы зураг эскизийг та өөрөө гаргасан уу?

-Тийм ээ.

-Та хэдэн жил дархан хийж байгаа вэ. Удмын дархан уу?

-30 гаруй жил дарх хийж байна. Ихэвчлэн бурхан шашны холбоотой зүйлс урладаг. Манай аав болон аавын аав уран дархан хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл гурван үеийн дархан даа.


 

...Уран дархан О.Эрдэнэчулуун гуайн бүтээлийн охь дээж нь болсон болор суваргыг СГЗ Бурханч лам Г.Пүрэвбат, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр нарын хүмүүс үзээд Бурхан багшийн эрдэнийн шарил байх ёстой бүтээл байна хэмээн үнэлсэн гэдэг. Уг бүтээл нь дархан хүний уран ухаанаар бүтсэн ч гэлээ зөвхөн Бурхан багшийн эрдэнийн шарилд зориулан бүтээсэн мэт зохицож байсан нь цаанаа учиртай биз ээ. Мөн уран бүтээлч нь өндөр зэрэглэлийн дархан гэдгийг ч давхар харуулсан явдал болсон юм.

 

Халхын Автай Сайн хан 1585 онд III Далай лам Содномжамцтай уулзаж, Монголд бурхны шашин дэлгэрүүлэх хүсэл зорилгоо илэрхийлэхэд Далай лам “Галд үл шатсан” буюу “Эрхий хурууны чинээ эндүү үгүй Бурхан багшийн эрдэнийн шарил өгсөн” тухай баримт бүхий ном судар Монголын Үндэсний Номын Сан, ОХУ-ын Петербургийн номын сан, Өвөр Монголын номын сангуудад төдийгүй судар номоо хайрлан хамгаалдаг эгэл жирийн малчин ардын гэрт өнөөг хүртэл хадгалагдаж байна. Энэхүү нандин шүтээнийг Энэтхэг хэлээр ”Ратна шарира” буюу ”Эрдэнийн шарил” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нэрээс үүдэн Эрдэнэзуу хэмээх нэр буй болсон гэж зарим судлаачид үздэг.


1935 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан П.Гэндэн ЗХУ-ын кино зураглаачдыг авчирч ”Эрдэнэзуугийн цам”-ыг хальснаа буулган хадгалсан бөгөөд энэ үйл явдлын дараахан буюу наймдугаар сарын 02-нд Сайд Нарын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Өлзий-Очирын цохолттойгоор тэр үеийн ШУ-ны хүрээлэнгийн захирал Л.Дэндэвт энэхүү нандин шүтээнийг ”хадгалах, судлах” ажлыг даалган хүргүүлжээ.

Энэхүү нандин шүтээнийг хамгаалах ажлыг академич Б.Ширэндэв болон Хөдөөгийн Пэрлээ нарын зэрэг эрдэмтэд нандигнан хадгалсаар бидний үед золгуулжээ. Энэхүү шүтээнийг эргэлзээгүй мөн болохыг Ажаа Ринбүчи болоод Дээрхийн гэгээн Далай лам баталж өнгөрсөн онд тухайлан мөргөсөн төдийгүй Энэтхэг, Японы бурхны шашны зүтгэлтнүүд ирж мөргөсөн билээ.

Өдгөө БНХАУ-д Buddha Relic  буюу бурхан багшийн шүд Бээжин хотод, бурхан багшийн гавлын яс Нанжинд, дунд хурууны үе Си Ан хотод тус тус хадгалагдаж байгаа бөгөөд эргэл мөргөл, аялал жуулчлалын салбарт гайхамшигтай амжилт олж байна.

 

Ж.Нарангарав anu_naran@yahoo.com

Top