Ч.Улаан, Н.Батбаяр хоёрыг огцруулахыг 26 гишүүн дэмжив

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

 

Д.Эрдэнэбат, А.Бакей тэргүүтэй УИХ-ын гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

УИХ-ын гишүүн чуулган, байнгын хороо, намын бүлгийн хуралдаанаас хоцрох, таслах, хурлын дундуур гарч явах, гадаад дотоод томилолттой эсэхээ УИХ-ын даргад мэдэгдэж бүртгүүлэхгүйгээс багагүй зөрчил гардаг. Энэ нь парламентийн үйл ажиллагаа удаашрах, завсарлах, хэлэлцэж байгаа асуудлын ач холбогдол буурах зэрэг сөрөг үзэгдэл гарч байгааг хууль санаачлагч хэлсэн юм.

Гэхдээ гишүүдийн дунд маргаан дэгдээж буй энэ хуулийн төслийн хамгийн “асуудал”-тай гэгдэж буй заалт нь хуралдаанд ирц бүрдүүлэхэд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн төхөөрөмж ашиглах эрх зүйн орчинг бүрдүүлэх явдал.

Үүнээс гадна хуулийн төсөлд Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд хурууны хээ таних төхөөрөмжөөр ирцээ бүртгүүлэн даргалагчийн дэргэдэх картыг авч оролцох бөгөөд үг хэлэх, асуулт асуухдаа ирцэд бүртгэгдсэн дарааллыг баримтлахаар тусгасан ажээ.

Долоо хоног дөнгөж эхэлж байхад гишүүдийн ажилдаа ирсэн эсэхийг хурууны хээгээр нь баталгаажуулж тун магадгүй болгох хуулийн төсөл хэрүүл дэгдээж, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлт УИХ-ын даргын өмнө тавигдлаа. Эрх баригчид Засгийн эрх авсанаас хойш цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар ямар ч арга хэмжээ авсангүй, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 30 орчим хувиар суларлаа. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит амьдрал дээр 30 орчим хувь өсөж, улмаар иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, ард иргэдийн амьдралд хүндээр тусаж байна. Чанаргүй зээл 572.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 274 тэрбум төгрөг буюу 91.8 хувиар өссөнөөр илэрхийлэгдэж байна. Энэ нь дээрх сайдуудыг огцруулах үндэслэл болж байгааг тогтоолын төсөл санаачлагчид хэллээ. Ямар ч байсан хоёр сайдыг огцруулах хүсэлтэд 26 гишүүн гарын үсгээ зуржээ.

Харин цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд өнөөдөр Байнгын хорооны хуралдааны үеэр мэдээлнэ. Яам хавиар нь энэ талаар нь нухацтай хэлэлцсэн сураг сонсогдсонгүй. Гэхдээ оноос урьтаж цалин, тэтгэврийг нэмнэ гэсэн нь биелж тун магадгүй ажээ. Харин сөрөг хүчний зүгээс цалингийн нэмэгдэл инфляцитай хэрхэн уялдах хийгээд энэ сураг төдий зүйлээс үнийг хөөргөхгүй хамгаалж чадах уу гэдгийг асуусаар байгаа. Тэгэхээр өнөөдрийн хуралдаан нэлээд ширүүн өрнөж мэдэх нь.

Харин 14:00 цагаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно. Энэ нь одоогийн эрх баригчдын хувьд хамгийн чухал сэдэв яах аргагүй мөн. Өмнөх парламентийн үед ч ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг хааяахан хүчтэй сөхдөг байсан бол өнөөгийн түшээдэд энэ хуулийг зайлшгүй өөрчлөх “онц” шалтгаан гарсныг хамгийн наад зах нь Дэнзэнгийн паянгаар жишээлүүлж болно.

Үүнээс гадна өнөөдөр Ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Газрын тухай хуулийн төслийг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийн хуралдаан ч болохоор төлөвлөгдсөн.

Д.Маргад

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hoh ineed(202.70.34.56) 2013 оны 12 сарын 17

Hoh uneed hurgeh yum monchi ih bna daa yaana daa.Neeree ter shoron ene terd oroh yostoi gesen uu orson gesen uu Enhbold ni yagaad namiin darga boltsiin be.Neeree ineed hurchihlee hezee boltsiin.Ene bohir zavaan avilgachias oor hun MAN d bgui geheer orovdood baihiin hairan tuuhen nam ingeed bushinii nuhee oorsdoo uhdag baij dee

0  |  0
kx kx(202.70.34.56) 2013 оны 12 сарын 17

Ter orgon bariad bgaa hun ni ooroo gudamjind garchi shoron ruugaa ochison baigaachi

0  |  0
Top