Тоншуул: 100 мянган хүнтэй дагуул хот босох газрыг Сэргэлэн сумын удирдлагууд авлигын төлбөр болгон ашиглаад байна уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

“Ноён Тоншуул”  миний бие хаана болж бүтэхгүй асуудал байна, тэнд   хошуугаа хурцхан зоож, элдэв асуудал дагуулсан идээ бээрийг уудлан гаргахыг эрмэлздэг гэдгийг уншигч та хэдийнэ мэддэг болсон биз ээ. Түүнчлэн эрх мэдлийн төлөө ичих нүүрээ элгэндээ наачихсан задарсан бас даварсан эрхмүүдийн үйлдлүүд миний хараанд өртвөл нийтийн сонорт заавал хүрдэг. Тэгвэл энэ удаа төр түмний төлөө гэх үгсийг унагадаг хэрнээ хэрэг дээрээ хувь эрх ашигаа тэргүүн эгнээнд тавьж, энгийн олон иргэдийн нийтлэг эрх ашгийг хөл дороо дэвсэлдэг нөхдүүдийн тоог  нэмсэн мэдээллийг хүргэх гэж байна. Хүргэхээсээ өмнө тодотгох зүйл бас бий.

 

Төв аймгийн Сэргэлэн сумыг дагуул хот болгох талаар яригдаж буйг уншигч та  мэдэх биз. Тус сумын Хөшигтийн хөндийд босох олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг дагаад 100 мянган хүн амтай дагуул хот босгоно гэж албаны нөхдүүд хэлээд байгаа. Мөн Их Майдар цогцолбор энэ сумын нутагт  Зүрх уулын энгэрт, Өгөөмөрийн аманд босох билээ. Эдгээрийг өгүүлэхийн учир нь хотоос холгүйхэн орших Сэргэлэн сумын газар нутаг  хэдийнэ үнэд орчихоод байгаа нь энэ мэт хүчин зүйлтэй холбоотой. Нийслэлийн газрыг мөнгө, эрх мэдлээрээ цохиж авсан нөхдүүдийн хараа хэдийнэ Сэргэлэн сум тийш бэлчсэн талаар нутгийн иргэд хэлж ярьж байна. Гол нь сумын иргэд хуулиар зөвшөөрсөн 0.07 га газраа өмчилж авч амжаагүй байж байгаад мөнгөтэй нөхдүүдийн саварт алдаж байгаа тухайгаа хэлж буй юм. Иргэдийн хэлж буйгаар сумын газрыг үнэд хүргэж дамлаж байгаа нөхдүүд нь Сэргэлэн сумын Засаг дарга Т.Гансүх, Тамгын газрын дарга С.Ганчимэг нар гэх. Тэд мөнгөтэй л хүн бол монгол, хятад хүмүүс гэж ялгалгүй сумынхаа газар нутгийг бусдад өгч байгааг, бүр авлигын төлбөр болгож байгаа асуудлыг Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн сонорт хүргэсэн ч, тусыг эс олжээ.

 

Мөн нутгийн иргэд Засаг Даргын Тамгын Газрын дарга С.Ганчимэгийг иргэний бүртгэлийн ажлыг давхар гүйцэтгэж байх хугацаандаа гадаад явах гэсэн иргэдэд хууль бус үйлчилгээ үзүүлж, хуурамч гэрлэлтийг удаа дараа хийсэн, сумын газар нутгийг авлигын төлбөр болгож ашиглахад оролцсон гэхчлэн хэд хэдэн асуудалтай холбогдуулан энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ханджээ. Гэвч хууль бус үйлдлийнх нь эсрэг дуугарсан хүмүүсийг “надтай тэрсэлдсэн хүн сайнаа үзэхгүй” гэж сүрдүүлдэг гэх С.Ганчимэгийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нөхдүүд хамгаалаад өнгөрлөө гэж иргэд үзэж буй аж.

 

Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Нийгмийн бодлогын хэлтсийн дарга н. Нямсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийг томилж С.Ганчимэг даргатай холбоотой асуудал дээр 2 сарын хугацаатай ажиллуулжээ. Ажлын хэсэг нь Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга н.Цогбаяр, Хууль зүйн хэлтсийн дарга н.Мэндсүрэн, Төрийн сангийн хэлтсийн дарга н.Бямбацогт, Дотоод хяналт шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн н.Гэрлээ нар ажилласан байна. Тэд хоёр сарын хугацаанд суманд хоёр удаа ирж шалгалт хийн,  өргөдөлд нэр дурьдсан хүмүүстэй биечлэн уулзаж, утсаар бичлэг хийж авчээ. Харин өргөдлийн хариуг цаг хугацаанд өгөхөөс татгалзаж “Бид ажилтай байна. Ажлын хэсэг бүрдэхгүй байна” гэсэн тайлбар хийж байжээ.

 

Улмаар С. Ганчимэг нь  Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.7, 40 дүгээр зүйлийн 40.1, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1.1,4.1.2, 4.1.3, 4.1.5, 5.1.2, 5.1.4, 5.2.1, 5.2.3, 5.3.1, 5.3.2, 5.3.3, 5.3.4, 5.3.5, 5.4.1, 5.4.2, 5.5.1, 5.5.2, 5.5.3 дахь заалтыг зөрчсөн үйлдэл нь илэрч нотлогдож байхад, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 38 тоот тогтоолоор дарга С.Ганчимэгт албан тушаалын цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулан олгох сахилгын шийтгэл ногдуулах хариуцлага тооцоод өнгөрчээ.

 

Хэд хэдэн үндэслэлд тулгуурлан өргөдөл гаргасан иргэдийн тухайд Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл С.Ганчимэгийн талд үйлчиллээ гэж үзэж байгаа аж. Түүнчлэн С.Ганчимэгийн тухайд хууль, журам зөрчсөн үйлдлүүд удаа дараа хийснээс гадна төрсөн дүү С.Оюунсүрэн нь сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга бол аав Н. Сангирагчаа  нь сумын Ахмадын хорооны дарга, харин нөхөр Ж.Дүгэрсүрэн нь Соёлын төвийн эрхлэгч, бэр н.Наранцэцэг нь сумын Төрийн банкны эрхлэгч, худ Г.Ганбаатар нь сумын Төрийн сангийн төлөөлөгчийн ажлыг тус тус эрхэлдэг гэхчлэн харвал “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуультай нийцэж байна уу гэдэг асуудлыг ч гаргаж тавих ёстой гэж үзэж буй юм байна. 

 

Ноён Тоншуул

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eioeoo(112.72.13.112) 2014 оны 03 сарын 27

vnen uom bichesen bna shde ingej bayarxad yaxawdee tolgoi xooson bna shvv de

0  |  0
salaawch(202.21.98.50) 2014 оны 03 сарын 27

unenii ortoi yum bicheech zasag darga gansuh ni sayahan ajlaaa awsan shine hun

0  |  0
deegii(202.179.20.168) 2013 оны 12 сарын 17

kk duraital ni yneniig bchij dee. Alag mendee sergelengiin gazariig ezelshyyleh nereer zardag bsaniig yrgeljlyylj bgaa yum bn. sumiig ni tatan buulgaj zuunmod sumtai niilyyleh geheer ene met shaltgaanaar hoolnoosoo salna geed esergyytseed bdag gesen sergelengiin darga nar. ternees udirdaad bh hyngyi sum shyydee

0  |  0
Top