Мисс Х.Бадамгэрэл: Энэ жил топ модель болж чадаагүй ч цаг нь ирэхээр энэ шагнал намайг тойрохгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 23

“Andra Model Management” агентлагийн Ерөнхий захирал, мисс Х.Бадамгэрэлтэй ярилцлаа.


-“Гоёл” наадам дөхөхөөр “Энэ жилийн топ модель хэн болох бол” гэсэн таавар бий болдог. Үүнтэй зэрэгцээд “Ц.Мянганбаярын эхнэр топ болдог” гэсэн шум бий болчихож. Үүнд хэр эмзэглэдэг вэ?

-Би Ц.Мянганбаяр захирлыг хүнийх нь хувьд хүндэлдэг. Мундаг гүйлгээ ухаантай, мундаг бизнесмэн шүү дээ. Тэр хүний хувийн амьдрал надад сонин биш. Топ модельтой холбоотой ганц нэг тохиолдол хувийнх нь амьдралтай холбоотой байсан юм бол бий. Гэтэл 14-15 топ модель гарч ирчихээд байхад бүгдийг нь захиралтай холбож, захиалгаар гаргаад ирчихсэн юм шиг яриад байдаг нь өрөөсгөл юм. Манайхан чинь туйлширамтгай хүмүүс.

-Энэ жилийн тухайд ихэнх хүмүүс өөрийг чинь Топ болох байх гэж таамаглаж байлаа. Хэвлэлүүд ч их бичлээ?

-Сайтууд намайг авах байх гэсэн мэдээлэл бичихэд нь “Амны билгээс ашдын билэг” гэж билэгшээж байсан. Хүмүүс намайг авна гэж их ярьж байсан болохоор хүлээлт, найдлага бол байсан. Гэхдээ цаг нь ирэхээр намайг тойрохгүй шагнал болов уу. Энэ жилийн тухайд авах ёстой хүн нь авлаа.

-Өөрөө их итгэлтэй байжээ?

-“Гоёл” наадмын өмнөхөн надаас олон сэтгүүлч ярилцлага авсан. Тэр үед би “Найдаж байна” гэж хэлж байсан.


-“Гоёл” хэр шударга явагддаг вэ. Шударга, эс шударгыг тогоонд нь байгаа хүмүүс л сайн мэдэх байх?

-“Гоёл”-ыг шударга бус явагддаг гэж хэлэхгүй. Манай захирлууд болон шүүгч нарын цензурыг давсан хүн л “Топ модель” гэсэн хүндтэй шагналыг авдаг. Тэгэхээр “Топ модель”-ийн шагнал маш өндөр цензуртай гэсэн үг. С.Ариунбилэгийн хувьд загвар өмсөөд удаж байгаа туршлагатай, сайн модель. Тийм ч учраас энэ хүндтэй шагналыг авсан байх гэж бодож байна.

-Финалын парад болох үеэр Х.Бадамгэрэл харагдаагүй. Яагаад гараагүй юм бэ?

-Ер нь нэг шагнал авах уу, үгүй юу гэдэг тал дээр сэжүүр төрчихдөг. Тиймээс “Энэ жил бол би биш юм байна” гэдгийг ойлгочихсон байсан. Тиймээс финалын парадан дээр гараагүй.

-Юу хийж байв?

-Хүүдээ яараад л хувцасаа солиод сууж байлаа. Гэхдээ топ моделийг зарлах мөч хүртэл байсан шүү. Тайзны ард том дэлгэц тавьчихсан байсан учраас тэндээсээ бүхнийг хараад л, дууссаных нь дараа явсан.

-Сэтгэл дундуур байжээ дээ, гомдолтой...?

-Тэнд олон дизайнер ирсэн. Зарим нь надад урмын үг хэлээд л, зарим нь тэг ингэ гэж зөвлөж байсан. Тэгэхээр би тодорхой хэмжээгээр хүмүүст үнэлэгдчихсэн учраас надад санаа тавьж, намайг харамсалтай үлдчих вий гэсэн бодолтойгоор урам өгч, дэмжиж байсан болохоор баяртай байсан. Би авч чадсангүй, надад өгсөнгүй гэж гомдоод байсан юм байхгүй.


-Дээр сэжүүр төрдөг тухай дурьдлаа. Шүүгчид ямар сэжүүр өгдөг гэж?

-Бид жаахан хүүхдүүд биш шүү дээ. Аливаа зүйлийн наана цааныг ойлгох чадвартай учраас ерөнхийдөө анзаарчихдаг. Өөрөөр хэлбэл энэ удаагийн тайзан дээр хэн нь илүү гэрэлтэж чадаж байна. Хэн нь илүү онцгой байна гэдгийг анзаарчихдаг. С.Ариунбилэгийн хувьд тайзан дээр маш үзэсгэлэнтэй харагдаж байсан.  Мундаг загвар өмсөгч учраас гэрэлтэж чадлаа гэж бодсон. Загвар өмсөөд 13 жил болж байгаа учраас хангалттай туршлагатай. Шүүгчид туршлага их хардаг. 4-5-хан жил загвар өмсөөд топ болно гэж ерөөсөө байхгүй. 7-8-аас хойших жилийн хөдөлмөрийг нь үнэлдэг. Үүний дагуу л шүүсэн. Туршлага нь бас нөлөөлсөн байх аа.

-Моделиудаас хамгийн цөөхөн жил загвар өмссөн нь хэн бэ?

-Ариунзул байгаа. 4 жил загвар өмсөж байгаа санагдаж байна.

-Д.Пүрэвсүрэн хэдэн жил загвар өмсөөд топ болсон билээ?

-Д.Пүрэвсүрэн эгч 10 дугаар ангиа төгсөөд л загвар өмссөн болохоор их удаж байгаа байх аа.

-Ер нь ямар нэгэн уралдаан тэмцээнд ороход сэтгэл санааны бэлтгэл их чухал байдаг. Энэ тал дээр хэр бэлтгэлтэй байв?

-Ер нь сэтгэл санааны бэлтгэлтэй байсан. Манай нөхөр болон хоёр талын аав ээж гээд бүгдээрээ л надад хэлж байлаа.

Манай гэрийнхэн намайг их дэмждэг. Хүүгээ төрүүлсний дараа би “За ер нь “Гоёл” наадам сар хагасын дараа болох юм байна, орох уу, болих уу, яах вэ?” гээд л бодоод байсан. Гэтэл хань маань “Буцаад формондоо орчихвол “Гоёл”-доо орчихвол яасан юм. Алгасаад дэмий юм биш үү” гэсэн хэлж байсан. Аав, ээжүүд маань ч гэсэн “Миний охин орооч” гээд л дэмжиж асар их урам өгсөн. Үндсэндээ миний ард “Асаалттай танк” олон байсан болохоор их урам авч орсон. Гэхдээ тэд маань намайг дэмжихээс гадна “Сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай” гэж сануулж байсан. Яагаад гэвэл их хүссэн үед бас хяслан гарч ирдэг шүү дээ. Гэхдээ би эх хүн болчихсон болохоор ч тэр юм уу, их тайван байсан.

-Загварын ертөнцийн давуу тал нь гэр бүл, хүүхэдтэй хүн орж болдог. Миссийн тэмцээнд бол хориотой зүйл шүү дээ?   

-Мисс гэдэг үг тухайн хүнээс маш өндөр шаардлага шаарддаг гэж боддог. Ийм байх нь тухайн хүний ирээдүйтэй холбоотой байх. Дэлхийн мисс хүмүүнлэгийн ажлыг маш их хийдэг. Магадгүй ертөнцийн сайхан бүсгүйчүүлээс хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож, хамгийн олон хүнтэй уулздаг нь мисс байх. Тиймээс мисс бүсгүй татлаа түтлээгүй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг болов уу. Би хувьдаа  гэр бүлгүй, хүүхэдгүй байх ёстой гэсэн шалгуурыг энэ талаас нь харвал зүгээр юм болов уу гэж боддог.

-Модель бүсгүйчүүдээс цөөнгүй нь гадны агентлагтай гэрээтэй, гадаадад загвар өмсдөг. Х.Бадамгэрэлийн хувьд гадагшаа гарч ажиллая гэж боддог уу?

-Гадаад амьдрахгүй. Өөрөө агентлагаа нээчихсэн болохоор шавь нараа сайн модель болгоё, олон улсын тавцанд гаргая гэсэн хэтийн зорилготой ажиллаж байна. Магадгүй миний шавь нараас “Victoria secret”-ийн загвар өмсөгч гараад ирэх ч юм бил үү хэн мэдлээ.


-Ард талдаа байгаа “Асаалттай танк”-тай анх яаж танилцсан бэ?

-Бидний танилцсан түүх уран бүтээлтэй нь холбоотой. Дууныхаа клипийг хийлгэх гээд гурван студи дээр очиход нь гурвуулаа намайг санал болгосон гэсэн. Тэгээд л “Энэ хүн тоглох ёстой юм байна” гэж бодоод л урилга өгч клипэндээ тоглуулсан. Үүнээс хойш их дотно болж болзоонд уриад эхэлсэн дээ.

-Клипэнд тоглох гээд очих үедээ ирдээүйн нөхрөө анх харжээ. Анх хараад ямар сэтгэгдэл төрөв?

-Ямар их зантай залуу вэ гэж бодож байлаа.

-Их зантай залууд тэгтлээ их татагдлаа гэж үү?

-Танихгүй хүнд бол их зантай юм шиг харагддаг. Яагаад гэхээр өөртөө их итгэлтэй хүн. Бас хийе гэсэн ажлаа хийж чаддаг, эрч хүчтэй, зорилготой, том хүсэл тэмүүлэлтэй . Би ирээдүйн хань маань надаас илүү байх ёстой гэж боддог байлаа. Яг тэр хүн мөн байсан.

-Анхны уулзалтын дараа ямар сэтгэгдэлтэй байв?

-Том зорилготой хүн байна даа гэж бодож байсан.

-Клипэнд нь тоглохоосоо өмнө уран бүтээлийг нь сонсдог, мэддэг байсан уу?

-“Зөвхөн чамайг хайрлая” гэдэг дуунд нь дуртай, сонсдог байлаа. Гоё үгтэй, гоё аялгуутай, хит болсон дуу шүү дээ.

 

Ж.Нарангарав anu_naran@yahoo.com


Top