Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ийм зургаан хууль хэрэгжиж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

Монгол Улсын Их Хурлаас 2013 онд баталсан бие даасан зургаан хууль 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж үйлчилнэ.

 

1.Үнэт цаасны зах зээлийн тухай /шинэчилсэн найруулга/

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан ба энэ хуультай холбогдож Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Даатгалын тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Зар сурталчилгааны тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон.


2.Хөрөнгө оруулалтын сангийн тухай
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 2013.10.03-ны өдөр батлагдсан ба энэ хуультай холбогдон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Инновацийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсон.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх хөрөнгө оруулалтын сан нь төрлийн хувьд хамтын болон хувийн хэлбэртэй байна. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь нийтээс санд мөнгөн хөрөнгийн хуримтлалыг төвлөрүүлэн үнэт цаасны зохицуулалттай зах зээлд чөлөөтэй арилжаалагддаг хөрвөх чадвар өндөр санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх бөгөөд үйл ажиллагаа нь төрийн байнгын зохицуулалт, хяналтад байх, мэдээллээ нийтэд буюу нийт гишүүдэд нээлттэй байлгах зарчимд тулгуурлан үйл ажиллагаа эрхлэх юм. Харин хувийн хөрөнгө оруулалтын сангийн тухайд гишүүд нь зөвшөөрсөн нөхцөлд заавал чөлөөтэй арилжаалагдах санхүүгийн хэрэгслээс гадна хаалттай компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгсэл, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг эрсдэл өндөр, хөрвөх чадвар харьцангуй хязгаарлагдмал санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж болох бөгөөд эрсдлээ өөрийн хөрөнгөөр бүрэн хүлээхээр зохицуулагдсан.

Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөрөнгө оруулалтын сангийн орлого, хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлсний орлогыг тус тус чөлөөлөхөөр хуульчилсан.

Компанийн тухай хуульд компани, түүний төрөл гэсэн 3 дугаар зүйлд Хөрөнгө оруулалтын сангийн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь тусгай зориулалтын компани хэлбэртэй байна. Уг хэлбэрийн компанийн үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зохицуулах бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн зохицуулалт хамаарахгүй гэсэн агуулгатай хэсэг нэмсэн.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа гэсэн 38 дугаар зүйлийн 38.4, 38.6.3 дахь хэсгийн “хувьцаа” гэснийг “нэгж эрх” гэж өөрчилсөн юм.

Инновацийн тухай хуульд венч сан, венч хөрөнгө оруулалтын компанитай холбоотой заалтуудыг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зохицуулах учраас хуулиас хасчээ.

3.Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай


Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан нь Үндсэн хуулиар баталгаажсан хууль зүйн туслалцааг авах, төлбөрийн чадваргүйн улмаас эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, улмаар гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлснээр шударга шүүхээр шүүлгэх эрх нь хангагдах ач холбогдолтой.

Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Хууль батлагдсанаар Хууль зүйн туслалцааны 37 төвийг үе шаттайгаар байгуулж, улсын өмгөөлөгчийг чадавхжуулж, эхний ээлжинд улсын өмгөөлөгч 72, өмгөөлөгчийн туслах 10, ажлын албаны 10 ажилтан, нийт 92 хүн ажиллахаар төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн цалингийн зардалд 659,456.4 сая төгрөг, бараа үйлчилгээний бусад зардал 649,304.9 сая төгрөг, хөрөнгө оруулалтын зардалд 170,600.0 сая төгрөг нэмэгдсэнээр эхний жилд улсын төсвөөс 1,479,361.8 төгрөг гаргуулах тооцоог урьдчилсан байдлаар хийгээд байна.

4.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2013.07.05-ны өдөр батлагдсан ба энэ хуультай холбогдож Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдснаар гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх нэгдсэн тогтолцоо бүрдэж, гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай, үнэн зөв явагдах нөхцөл бий болох, гэрч, хохирогчийн эрхийг хангах ач холбогдолтой юм. Нөгөө талаар Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.

Төрийн албаны тухай хуульд гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээнд хамрагдсан албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах болон мөн зорилгоор төрийн албанаас түр чөлөөлөхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.

Хөдөлмөрийн тухай хуульд гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээнд хамрагдсан ажилтныг ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажлыг байрыг нь хэвээр хадгалахтай холбогдсон өөрчлөлт оруулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд Хорих байгууллага ялтан суллагдвал энэ тухай тахарын албанд мэдэгдэхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд гэмт хэргийн улмаас хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учирсан эмчилгээний зардлыг шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран нэн даруй олгож, буруутай этгээдээр нөхөн төлүүлэхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.

Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу гэрч, хохирогчийг нүүлгэн шилжүүлэх, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх арга хэмжээг хэрэглэх журам, арга хэмжээний явц, уг арга хэмжээгээр хамгаалагдсан этгээдийн нууцалбал зохих мэдээлэл төрийн нууцад байнга хамааруулах өөрчлөлт оруулсан.

5.Тахарын албаны тухай


Тахарын албаны тухай хууль 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан ба энэ хуулийг дагаж Гүйцэтгэх ажлын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Монгол Улсын шүүхийн тухай, Монгол Улсын хилийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон.

Тахарын албаны тухай хууль нь хууль сахиулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Монгол Улсын тахарын албаны тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, тахарын алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна. Монгол Улсын тахарын алба шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, ялтан шилжүүлэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх гэсэн зургаан чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, гэрч, яллагдагчийг албадан ирүүлэх, оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах, баривчлах ажлыг өнөөг хүртэл цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлж ирсэн. Ингэснээр цагдаагийн байгууллага зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бус бусад чиг үүргийг хэрэгжүүлэхэд хүч, нөөцөө зарцуулж байсан. Түүнчлэн зарим чиг үүргийг хариуцах эзэн тодорхой бус, тусгайлан зохицуулагдаагүй байсан. Энэхүү хуулийг баталснаар шүүн таслах үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүгч хараат бус байх зарчмыг бодитоор хэрэгжүүлэхэд ач холбогдолтой бөгөөд шүүх хурал тасалдах болон шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийг бууруулна. Түүнчлэн гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тэдний эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнээр гэмт хэрэг хянан шийдвэрлэлтийг сайжруулна.

Гүйцэтгэх ажлын тухай хуульд тахарын алба оргосон яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах, шүүх, шүүгч, гэрч хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдалд халдлага, хор аюул учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрхтэй байхаар холбогдох өөрчлөлт оруулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг цагдаа, хорих байгууллага хэрэгжүүлэхээр заасныг тахарын алба болгохтой холбогдсон өөрчлөлт оруулсан.

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудснаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах үүргийг тахарын алба гүйцэтгэхээр өөрчлөлт оруулсан.

Монгол Улсын хилийн тухай хуульд шүүн таслах ажиллагаа болон хорих анги, цагдан хорих байрнаас оргон зайлж улсын хил нэвтрэхийг завдсан, эсхүл нэвтэрсэн яллагдагч, ялтны талаарх мэдээлэл, лавлагааг тахарын алба авах, тахарын албанаас хилийн бүс орчимд эрэн сурвалжлагдаж байгаа яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаанд хил хамгаалах байгууллагаас хүн хүч, автомашин, техник хэрэгслээр туслахтай холбогдсон өөрчлөлт оруулсан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд тахарын албанаас уул, ой модонд бүгсэн оргодол яллагдагч, ялтныг эрэн сурвалжлахад байгаа газар орны онцлог, байгалийн тогтоц, байршлын талаар мэдээлэл өгөх, газарчлах, хамтран ажиллах үүргийг байгаль хамгаалагчид өгөхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тахарын алба тухайн орон нутагт хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд байгаа шаардагдах хүн хүч, автомашин, техник, шатахуун, орон байр болон бусад хэрэгслээр туслах чиг үүргийг Засаг даргад өгөхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.

Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуульд гэмт хэргийн гэрч хохирогчийг биечилсэн хамгаалалт авахад шаардлагатай тохиолдолд зэвсэгт хүчний анги салбарын бүсэд байршуулж аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах болон шаардлагатай тохиолдолд улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй оргодол яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах, хорих ангийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүн хүч, техник хэрэгслийн дэмжлэг туслалцаа үзүүлэх чиг үүргийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгөхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад шүүхийн дуудснаар хүрэлцэн ирээгүй зохигч, гэрч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх ажиллагааг тахарын алба хэрэгжүүлэхтэй холбогдсон өөрчлөлтийг тусгасан.

6.Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/

Цагдаагийн албаны тухай хууль 2013.07.05-ны өдөр батлагдсан ба энэ хуулийг дагаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Галт зэвсгийн тухай, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай, Захиргааны хариуцлагын тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай, Эрдэнэсийн сангийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон.

Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллагыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй хууль сахиулах байгууллага гэж тодорхойлсон. Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг хууль сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиг үүрэгт нь нийцүүлж шинэчлэн зохицуулсан.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top