Буд гаригийн бүслүүрийн тойрог 7 км-ээр багасчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 19

Нарны аймгийн хамгийн жижиг гариг Буд дөрвөн тэрбум жилийн тэртэйнхээс бүслүүрийн тойрог нь долоон км-ээр багассан гэж эрдэмтэд үзжээ. ВВС-д бичсэнээр, гадаргуугын хагарал, өөрчлөлт, гаригийн хэт хүйтрэл зэрэг нь ийм үр дүнд хүргэсэн байна.

Гаригийн хэмжээний өөрчлөлтийг анх 1970-аад оны дундуур АНУ-ын сансар судлалын “Mariner 10”-ын дээжийг судалдсан эрдэмтэд таамаглаж байсан аж. Гэхдээ сүүлийн арван жилийн турш НАСА-гийн хиймэл дагуулаас авсан зураг, Буд гаригийн хөрсний дээж, чулуулгийн бүтэц зэргээс үүнийг нотолжээ. Тэд энэ талаарх тайланг “Nature Geoscience” сэтгүүлд нийтэлсэн байна.

“Mariner 10” 1974, 1975 онд гаригийн гадаргуугийн 45 хувийн зургийг авч, хөрсний дээж авчирсан юм. Энэ зургаас гаригийн чулуун гадаргуу хагарч, дээш босох маягтай болсон нь агшилт явагдсаны баталгаа ажээ. Гэхдээ жирийн нэг чулуу сөрдийсөн хэрэг биш хэдэн зуугаас олон мянган метр өргөгдөж, шахагдсан байж.

Эрдэмтэд царцдас, тоосонцорууд бүрэлдэн нэгдэж гариг үүссэн цагаас өнөөг хүртэл радиус нь 1-3 км-ээр богиноссон гэж үзэж байна. Гаригийн гадаргуугийн бүтэн зургийг 2011 онд авсан. Ингэснээр нарийвчилсан судалгаа хийх боломжтой болсон.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top