“Авлигажсан барилга”-д багтах учиргүй батлан хамгаалахын 300

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 17

Төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа зарим барилга, объектууд олон жилийн нүүр үзэж, энэ хугацаанд он, оны төсвөөс мөнгө завших арга хэрэгсэл болж байдаг тухай 2014 оны нэгдсэн төсвийг хэлэлцэх үеэр ил болж яригдаж эхэлсэн. Энэ сэдвийн эргэн тойронд хэвлэлүүд авилгажсан барилга обьектуудыг сурвалжлан мэдээлж буй нь зүйн хэрэг. Гэвч эдгээрийн дунд зарим нэг барилгыг буруу жишээнд татаж мэдээлжээ. Тэдний нэг нь Батлан хамгаалахын 300 айлын орон сууц юм. Гэвч уг барилга нь төсвийн хөрөнгө оруулалтаас он дамжуулан санхүүжилт авсан “авлигажсан барилга” биш гэдгийг холбогдох эх сурвалжууд мэдэгдлээ.


Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб хамтран боловсруулсан “Зэвсэгт хүчин-1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 300 албан хаагчийн барилгыг барих шийдвэр 2011 онд гарч, мөн оны төсөвт санхүүжилтийг нь тусгахдаа Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас 7.6 тэрбум төгрөгийг гаргахаар болж, үлдэх 2.4 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор шийдвэрлэсэн байна. Санхүүжилт нь ийнхүү 2011 ондоо шийдэгдсэнээр барилгын ажил эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд анхны гэрээнд тусгаснаас өөр ямар нэг нэмэлт санхүүжилт олгоогүй юм. Өөрөөр хэлбэл, олон жил дамжин баригдахгүй удаж, улсын төсвөөс удаа дараа санхүүжилт авч байгаа дуусаагүй барилгуудаас огт өөр нөхцөлтэй гэдгийг онцлох нь зүй юм.


Тухайн барилга дээр төсөвт өртгийг анхныхаас нь нэмсэн, төсвөөс нэмэлт санхүүжилт шаардсан зэрэг асуудал байхгүй гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлага мэдэгдэж байна. Тэгэхээр уг барилгын цаана төсвийн хөрөнгө оруулалтаас хэн нэгэн этгээд мөнгө завшиж байгаа мэтээр “авлигажсан барилга” гэж нэрлэсэн нь үнэнд нийцэхгүй гэв.


Гүйцэтгэгч компанийг шалгаруулах тендерийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо хуулийн дагуу шалгаруулж, Сангийн яаманд хүргүүлжээ. Улмаар Сангийн яам тендерийн үр дүнг зөвшөөрсний үндсэн дээр гүйцэтгэгч тал “ХӨМОТЭ- ХХК-тай Батлан хамгаалах яам захиалагчийн хувиар гэрээ байгуулсан юм байна.


Түүнээс бус зарим хэвлэлээр бичсэнчлэн тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Л.Болдын ямар нэг нөлөөлөл огт байгаагүй, харин ч тэрээр цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх маш чухал ач холбогдолтой бодлогыг эхлүүлсэнд нь талархдаг гэж зэвсэгт хүчний холбогдох албан тушаалтан мэдээллээ. Уг300 айлын барилга нь 16661,7 м кв талбай бүхий бүрэн цутгамал хийцтэй гэрээний нийт үнийн дүн 9. 9 тэрбум төгрөг бөгөөд 1 м кв талбайн үнэ 600 170.45 төгрөгөөр баригдаж байгаа нь зах зээлд хаа ч байхгүй хямд үнэ юм. Энэ нь батлан хамгаалах, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй, урьд өмнө хэрэгжиж байгаагүй бодлогын алхам гэж салбарынхан нь үзэж байна.


Тус барилгын ажил анх төлөвлөсөн хугацаанаас хоцорч байгаагийн шалтгаан нь гүйцэтгэгч талаас биш улстөржилтөөс илүүтэй шалтгаалжээ. Мөнзахиалагч тал болох Батлан хамгаалахын яам гэрээгээр тохирсончлон барилгын гадна талын инженерийн шугам, дэд бүтцийг хангах үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүйгээс сантехник үүнийг дагаад дотоод заслын ажил хүлээгдсэн байна. Гүйцэтгэгч болон захиалагч тал ажлаа дүгнэн энэ оны 2-р хагаст уг барилгыг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа тул хямд үнэтэй чанартай орон сууцтай болох гэсэн цэргийн албан хаагчдын хүсэл удахгүй биелэх бололтой.


А.Амармэнд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top