Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл дэмжигдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 18

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нар Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа 2014 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Энэхүү хуулийн төслийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд түүний тэтгэврийн тодорхой хувь нь гэр бүлийн үлдсэн гишүүний нь амьдралын тодорхой хугацаанд өвлөгдөхөд чиглэгдсэн талаар хууль санаачлагчид хэлсэн.
 
Энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хуулийн төслийн тооцоо судалгаа дутуу байна хэмээсэн юм.  Гэхдээ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд хэлэлцүүлгийн явцад холбогдох тооцоо судалгааг тодорхой болгоё гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
 
Гишүүдийн санал дүгнэлтийг сонссоны дараа байнгын хорооны саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад  нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 47 нь буюу 78.3 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top