Оюутолгойн хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газрыг олон улсад ичээхийг хүсэв

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 18

Оюутолгойг төслийн толгой эзэмшигч “Turquoise Hill Resources” Монголын Засгийн газраас болж их алдагдалд орж байгаа талаар “Mining.com”-д бичжээ. Энд хөрөнгө оруулагчид санхүүжилтийг дахин төлөвлөхөөс өөр аргагүйд хүрсэн тухай онцолсон байна.


“Turquoise Hill” Оюутолгойн өргөтгөлийг өөрийн болгох цаг

“Оюутолгой” төслийн хувь эзэмшигч “Turquoise Hill Resources”-ийн олон улсад гаргасан хувьцааны ханш дөрвөн хувиар буурчээ. Шалтгаан нь Монгол дахь Оюутолгой ордын далд уурхайн өргөтгөлийн санхүүжилтийг өөр эх үүсвэрээс бүрдүүлэхээр дахин төлөвлөсөнтэй холбоотой аж.

Лхавга гаригийн үд гэхэд “Turquoise Hill”-ийн хувьцаа 3.8 ам.доллараас 2.8 болж буурсан байлаа. Компанийн нийт үнэлгээ өнгөрсөн жил бараг 30 хувиар буурсан бөгөөд одоо Торонтогийн хөрөнгийн биржид 7.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Ванкуверт төвтэй энэ компани өнгөрсөн жилийн есдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын эцэс хүртэл олон улсаас хөрөнгө босгох гэрээ хэлцлүүдийг хийсэн. Гэхдээ хугацаандаа амжиж гэрээ байгуулаагүй учраас ийнхүү санхүүжилтийн тухайд асуудалтай болчихоод байгаа.

2009 онд “Turquoise Hill” компанитай гэрээ байгуулсан ч энэ Засгийн газрын үед Оюутолгойн эзэмшлийн хувь хэмжээ, уурхайн өргөтгөлийн асуудал, 6.6 тэрбум ам.долларын гэрээ зэрэгт нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй. Тиймээс Засгийн газартай хэлэлцээрийн ширээнд дахин сууж байгаа гэж компанийн зүгээс мэдэгдсэн юм.

“Turquoise Hill”-ийн Гүйцэтгэх захирал Кей Приестли “Хоёр тал Оюутолгой уурхайн хөгжил, хувьцаа эзэмшигчдийн өмнө тэгш хариуцлага хүлээх ёстой. Засгийн газартай хийсэн хэлэлцээрт амжилт гараагүй ч одоо дахин ярилцаж байгаа” гэжээ.

Энэ компани Оюутолгой ордын 66 хувийг эзэмшиж байгаа. Далд уурхайн төслөөр ордын нөөцийн 80 хувийг ашиглах боломжтой аж. Хяналтын үүрэг гүйцэтгэж буй “Рио Тинто” групп өнгөрсөн даваа гаригт сэтгэл гонсойм үзүүлэлтийг гаргаж тавьсан. Юу гэхээр, Оюутолгойн үйлдвэрлэлийн шугам 1.5 сар ажиллаагүй юм байна.

Зэсийн баяжмалын гарц өнгөрсөн оныхоос 20 хувиар буурч 103 мянган тонн болсон ба алтны үйлдвэрлэл ч багасч 74 мянган унциас 66 мянга руу доошилжээ. Мөн мөнгөний гаралт 21 хувиар багасч 163 мянган унци болсон аж. Эдгээр шалтгаанаас болж Оюутолгойн 2014 оны зорилтот үйлдвэрлэл буурч 160 мянган тонн зэс, 400 мянган унци алт гаргахаар төлөвлөжээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
trsbataar(182.160.38.158) 2014 оны 04 сарын 25

kk mongoluud ichdeg biluu

0  |  0
Top